СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-09

Хорт хавдрыг даван туулж, дэлхийн дээвэрт гарсан уулчин Б.Батхишиг

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 цагийн өмнө

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочноор дэлхийн дээвэр Эверестэд оргилдсон Монголын гурав дахь эмэгтэй уулчныг онцолж, түүний амьдралын тухай дахин давтагдашгүй цаг хугацаагаар аялсан юм.

Түүнийг  Балдоржийн  Батхишиг гэдэг.  Тэрээр “Цэгц” уулын клубийн тамирчин.  Цалгисан инээд, эерэг энерги түгээсэн энэ эмэгтэйн амьдралын түүх, дурсамжийг сонсож суухад олон мэдрэмж дунд хөглөгдсөн агшин байлаа.

Түүний хүүхэд насны дэврүүн мөрөөдөл нисгэгч болох

Бидний яриа түүний хүүхэд насны дурсамжаар эхэлсэн юм. Хүүхэд насны гэгээн, нандин цаг хугацааныхаа тухай  дурсан ярих дуртай хэмээн тэрээр аав ээж, ах, эгч, дүү, нутаг усныхаа тухай яриа өрнүүллээ. Нийтлэлийн маань зочин Завхан аймгийн Улиастай сумын уугуул. Энэ сайхан нутгаас түүний хүүхэд насны дурсамж хөврөх аж. Тэрээр эцэг эхээс тавуулаа. Нэг эгч, хоёр ах, нэг дүүтэй. Хоёр ах нь насаар ойролцоо болохоор тэдэнтэйгээ мод, чулуугаар тоглож өсжээ. Харин бага дүү нь хөгжлийн бэрхшээлтэй болохоор багаасаа л дүүгээ асарч, тойглодог байж.

Тэдний гэртээ ойрхон хоёр сайхан хайрхан сүндэрлэн оршдог. Довцог хайрхны голоос усаа авч, хоёр ахтайгаа гэр лүүгээ уралдаж зөөнө. Харин нөгөө хайрхан нь хад, чулуу ихтэй учраас айл гэрдэж тоглодог байсан гэнэ.

Аав нь нутаг усандаа алдартай механик инженер. Авто засвар ажиллуулдаг машины “эмч”. Баруун, зүүн аймгаас жолоочид аавыг нь зорин ирдэг. Тэр болгонд аав нь шөнө ч байсан машиныг нь янзлаад, бүр хоол цайгаар дайлаад явуулдаг тийм л зочломтгой, бусдын төлөө сэтгэлтэй нэгэн. Харин ээж нь сувилагч мэргэжилтэй, гэр бүлийнхээ хүнийг дагаад авто засварын газар няраваар ажилладаг байж.

Аав, ээж хоёр нь аливаа ажилд хариуцлагатай ханддаг, бусдын төлөө сэтгэлтэй, бас бүжиглэх дуртай тийм л эгэл жирийн сайхан гэр бүлд өсөж, хүмүүжжээ. Бас хашаандаа цөөн тооны мал малладаг байсан болохоор үнээ саахаас эхлээд л аав ээжтэй тусалдаг охин байв.

Арван жилээ аймгийнхаа гуравдугаар сургуульд сурч, төгсжээ. Сурагч байхаас л урлаг, спортод дуртай авьяаслаг охин байв. Волейболын секцэд явна. Улсын аварга, оюутны лигт тоглож байжээ.

Хэдий тэрээр бүжиглэдэг, волейбол, теннис тоглодог урлаг, спортын авьяастай байсан ч түүний мөрөөдөл бол нисгэгч эсвэл цагдаа болох. Яагаад ийм мөрөөдөлтэй байсан гэж үү. Нэгдүгээрт, дүрэмт хувцас нь таалагддаг байсан гэнэ. Харин нисгэгч болох мөрөөдлийнх нь хувьд “Би нисэх дуртай” монголын уран сайхны киног үзээд, киноны гол дүрийн эмэгтэй шиг нисгэгч болохыг мөрөөддөг охин байжээ. Нисгэгч болохын тулд математик, биеийн тамирын хичээлдээ сайн байх ёстой учраас их л чармайн суралцдаг байсан гэнэ.

Мөн хүүхэд насных нь сайхан дурсамжийг хөглөж байдаг цаг хугацаа бол, шинэ жил, цагаан сар, бас улсын их баяр наадам. Шинэ жилээр ээжийнхээ авчирсан хамар цоргим сайхан үнэртэй мандриныг ах, эгч, дүү нартайгаа хувааж иддэг, аав ээж нь  айлуудыг цай уулгадаг, наадмын хурдан морины уралдаан үзэж байсан гээд энэ бүхэн түүний хүүхэд насанд тод орших цаг хугацаа.

Барилгын инженерээр 20 гаруй жил ажилласан уулчин

Б.Батхишигийн амьдралынх нь дараагийн цоо шинэ хуудас, дурсамж дуртгалаар дүүрэн он жилүүдийн эхлэл бол барилгын инженерээр суралцаж, төгссөн цаг үе. Нисэхийн хуваарь аймагт нь ирээгүй учраас барилгын инженер болох хүсэл мөрөөдлөө өвөрлөн Улаанбаатарт иржээ.

Зургийн хичээлдээ дуртай хүүхэд байсан нь ирээдүйн мэргэжлийнх нь суурь болсон нь энэ. Оюутан болоод мэргэжилдээ илүү их дуртай болж, зургаа хичээнгүйлэн зурдаг байж. Ингээд л барилгын инженер мэргэжил эзэмшиж, туслах  инженерээр ажлын гараагаа эхлэн  барилгын салбарт 20 гаруй жил ажиллажээ.

Тэрээр анхны  авткатаар  зурж  эхэлсэн хүмүүсийн нэг. Барилгын салбарт ажиллах хугацаандаа ихэнх ерөнхий боловсролын сургуулийн өргөтгөлийн барилгын зургийг зуржээ. Мөн зарим томоохон үйлчилгээний байгууллага, халуун усны барилгууд, Увс аймгийн Гаалийн ерөнхий газрын  барилгын зургийг зурсан байна. Тэрээр “Энэ том салбарт туслах инженерээр ажлын гараагаа эхэлж 20 гаруй жил ажилласан болохоор мэргэжилдээ их хайртай” гэсэн юм.

Тэрээр 20 гаруй насандаа ханьтайгаа танилцаж, амьдралынхаа үргэлжлэл болсон дэрсхэн гурван хүүхэдтэй болжээ. Амьдралынх нь түшиг тулгуур болсон ханийх нь хувьд багш  мэргэжилтэй. математикч, физикч. Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлогыг Монгол Улсад нутагшуулсан гавьяатай хүний нэг.

Эрүүл амьдралын төлөө тэмцсэн он жилүүд

Түүний амьдралын нэгэн том нугачаа нь нойргүйдэлд орсон цаг үе. Нойргүйдлийг даван туулахын тулд иог, усанд сэлэлтээр хичээллэж, бие махбодио тайвшруулан өөрийгөө эмчилж эхэлжээ.

Тухайн үед АНУ-д хэлний бэлтгэлд суралцдаг байж. Иогийн сургалт үнэтэй учраас цахимаар суралцаж эхэлсэн гэнэ. Эхлээд хичээллэж эхлэхдээ хугацааны хувьд учраа олохгүй 1-2 цаг хийдэг байж. Сүүлдээ учраа олж биед нь эерэг нөлөө үзүүлж эхэлжээ. Усанд сэлэлтээр ч гэсэн бага багаар дасгаж, хичээллэж эхэлсэн байна.

АНУ-д хоёр жил гаруйн хугацаанд хэлний бэлтгэлд суралцах хугацаандаа олон улсын оюутны хотхонд гэр бүлээрээ амьдардаг байв. Хотхоныхоо хүүхдүүдийг дугуй унуулаад л 5-6 км-т  байрлах номын сан руу авч явдаг байжээ. Бас уул руу явна.

Үүнийгээ 2016 онд Монголдоо ирснийхээ дараа ч гэсэн үргэлжлүүлж гурван хүүхдүүдийнхээ ангийнхантай хамт уул руу явж, агаарт гардаг болжээ. Хүүхдийн төлөөх энэ ажил нь түүний уулчин болох их хүсэл мөрөөдлийн эхлэл байв.

Ингээд эрүүл амьдралын төлөө тэмцэж, буцаад спорт руугаа орж волейбол болон дугуйн группийг үүсгэн байгуулжээ. Олон хүнийг эрүүл амьдралын хэв маягт уриалж, арга хэмжээнүүдийг удирдан зохион байгуулсан байна.

Зав зай гарвал гүйнэ, дугуй унана, уул руу алхана, уулын гүйлтээр хичээллэнэ. Өглөө гараад л хүүхдийн паркд гүйнэ. Ингээд л гүйлт гэх спортын төрлийн сайханд илүү шимтэн, дуртай болжээ. Энэ бүхэн нь өөрийгөө ялан дийлэх, өөрийгөө эмчлэхэд тусалсан байна. Ингэснээр нойргүйдэхээ больж, цагтаа унтдаг болоод харшил нь хүртэл эдгэж эхэлж. Тэгээд л спорт руу эргэлт буцалтгүй орсон байна. Энэ хугацаанд дугуй унаж, марафонд гүйж, уулын гүйлтээр хичээллэжээ. Олон улсын марафонд хүртэл амжилттай оролцсон байна. Ийнхүү түүний өөрөө өөртэйгөө өрсөлдөх ёстой гэдэг зарчим нь илүү хурцалжээ. Оролцсон тэмцээнээсээ илүү их эрч хүч авдаг байсан гэнэ. Нөгөөтэйгүүр өөртэйгөө л өрсөлддөг, бэрхшээлээ даван туулахын төлөө хичээдэг, энгийн, тайван амьдрал нь түүнийг аз жаргал болгодог байжээ.

Мөн гурван хүүхдээ аваад Их тэнгэрийн амаар алхдаг байж. Нэг өдөр охиноо урдаа үүрчихсэн, хүүхдээ хөтөлчихсөн алхаж явтал бэлтгэл хийж явсан бөхчүүд таарч “Ямар мундаг ээж вэ. Шувуу шиг. Нэг хүүхдээ хошуундаа зүүчихсэн, хоёрыг далавчиндаа суулгачихсан” гэж хэлж байсан эерэг сэтгэгдэл төрүүлж байсан гэнэ.

“Эверестийн оргилд хүрэх мэдрэмж  үнэхээр хүчтэй, агуу байсан”

Түүний амьдралаас ялгаж салгахын аргагүй сайхан дурсамжийг хөглөсөн, цоо шинэ, зорилго, хүсэл мөрөөдөл, ертөнц рүү хөтөлсөн уулчин хэмээх хоббиных нь тухай нийтлэлийнхээ энэ хэсэгт өгүүлэх гэж байна. Тэрээр 2016 оноос эхлэн өндөр уулын спортыг илүү сонирхож, монгол орныхоо 4000 мянгаас дээш 15 хайрханд авирчээ.

Мөн дэлхийн олон хайрханд оргилдож, хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа хүчирхэг эмэгтэй юм. Тэрээр 2021 оноос Киргизстан улсын Ленин 7134 м, Хантэнгэр 7010 м хайрханд амжилттай авиралт хийсэн байна. Ингээд 2003 онд уулчин бүхний мөрөөдөл болсон дэлхийн ноён оргил Эверестэд гарах бэлтгэлээ сайтар хийсэн боловч төлбөрийн мөнгөө олж чадаагүй аж.

Гэвч тэрээр дэлхийн өндөр уулсын оргилоос ертөнцийг тольдох хүсэл мөрөөдлөө биелүүлсээр 2003 оны тавдугаар сарын 18-нд дэлхийн дөрөв дэх оргил болох 8516 метр өндөрт орших Лхоце хайрханд амжилттай авиралт хийсэн анхны монгол эмэгтэй болсон юм.

Эверестэд Лхоце уулс нь хос оргил. Энэ үед тэрээр машинаа зарж, төлбөрөө бүрдүүлж байжээ. Тухайн үед бие нь тавгүй байсан ч авиралтаа амжилттай хийжээ. Гэвч гэртээ ирсний дараа биеийн байдал нь сайжрахгүй байсан нь тэрээр хорт хавдрын шинж тэмдэг илрээд долоон сар болсныг хожуу мэджээ. Хоёр сарын дараа буюу арванхоёрдугаар сард хагалгаанд орохоор болжээ. Хөхний хорт хавдар хурдан тархдаг гэдгийг танил нь хэлсэн байна. Гэсэн ч нийтлэлийн баатар амьдралын сорилтын өмнө хүчтэй зогсож, бууж өгөлгүй тэмцжээ. Хагалгаанд орох хүртлээ хоёр сар содатай ус өглөө, оройдоо ууж, хоолоо сойжээ. Тэгээд хагалгааных хугацаа болоход хорт хавдар тархаагүй байна гэсэн нь түүний сонссон хамгийн сайхан мэдээ байсан гэнэ. Хагалгаандаа амжилттай орж, химийн эмчилгээ хийлгэж эхэлжээ.

Тэрээр “20 хоног 14 цаг хийлгэсэн хавдрын тариа миний рашаан болон шингэж намайг эдгээгээрэй. Миний эд эс, эрхтнүүд эдгээрэй” гэж гуйж, өөртэйгөө ярилцдаг байж. Энэ хугацаанд өвчнөө даван туулахын төлөө өөртэйгөө тэмцэж эхэлсэн нэгэн зүйл нь алхалт. Алхаж хордлогоо тайлдаг байж. Энэ нь хамгийн сайн зүйл байсан гэж одоо боддог хэмээн тэрээр хэлсэн юм.

“Хорт хавдар эдгэдэг шүү” гэдгийг хавдар туссан буюу даван туулагч нарт эерэг хандлага өгөх зорилго өвөрлөн, өөрийгөө зоригжуулан 2023-2024 онд хөхний хортой хавдраа эмчлүүлж байх хугацаандаа дэлхийн дээвэр оргилын нэг болох 8163 метрт орших Манаслу оргилд гарах мөрөөдлөө биелүүлэхээр 2024.09.04-нд Непаль руу нисчээ. Манаслу оргилд гарч өөрийгөө эдгэсэн гэдгээ харуулахыг хүссэн байна.

Манаслуу оргил руу алхаж явахдаа байгалийн гайхамшиг, сүнслэг орчныг мэдэрчээ. Бясалгал энэ гайхалтай мэдрэмжийг авахад хүргэсэн гэдгийг ойлгосон гэсэн юм. Мөн түүнийг алхаж явахад эрвээхэйнүүд тойрон нисэж, эргэлдэж байсан нь ер бусын гайхалтай мэдрэмжийг төрүүлжээ. Учир нь эрвээхэйнүүд тойрон эргэлдэх нь өвөг дээдэс нь тойрж байна хэмээн үздэг аж. Тиймээс "охиноо эрч хүчтэй болоод эдгэсэн баярлаад ээж, аав минь намайг унтарч болохгүй асаарай" хэмээсэн юм болов уу гэж бодож бэлэгшээдэг гэсэн юм.

Ингээд тэрээр Манаслу хайрханд 2024 оны есдүгээр сарын 24-ний өглөө таван цаг өнгөрч байхад хүрч гэгээ орохыг хүлээсэн байна. Үүр гэгээрч 06:30 минутанд дэлхийн дээвэр оргилын нэг Манаслу хайрханд гарсан монголын анхны эмэгтэй уулчин болсон юм.

Үүр гэгээрч, нар мандахад Манаслу оргил дээр нь завилаад суусан бурхан солонгорон харагдсан нь ер бусын гайхалтай мэдрэмжийг төрүүлжээ. Энэ агшинг хараад “Энэ л намайг эдгэсэн гэдгийг баталж байна шүү дээ. Бурхан над руу хараад сууж байна” хэмээн бодсон гэсэн юм.

Ингээд уулчин эмэгтэй маань зорилгодоо хүрч дэлхийн дээвэр оргилын нэг Манаслуд амжилттай авиралтаа хийж, эх орондоо буцах хугацаа нь төрсөн өдөртэй нь тохиожээ. Тухайн нэгж компаниас төрсөн өдрийг нь тэмдэглэж, баярын бялуу барьж, лаа үлээлгэхэд тэрээр “Дараа жил намайг Эверестэд авирахыг зорилгыг минь биелүүлж өгөөрэй” гэж хүсчээ. Тийм ээ, хамгийн сайхан нь түүний хүссэнээр мөрөөдөл нь биелэсэн. Түүний энэ их хүсэл мөрөөдөл, цуцашгүй их тэмүүлэл, хүчирхэг байдал дэлхийн дээвэрт хүргэх саадгүй зам болсон байх.

Ийнхүү дараа жил нь буюу энэ жил дэлхийн ноён оргил Эверест рүү зорьсон юм. Тэрээр тавдугаар сарын 18-ны өглөө үүрээр оргилд гарна хэмээн төлөвлөсөн байна. Шерпатайгаа авч яваа зүйлсээ хуваан үүрч, дөрвөн кемп дамжин явж, дөрвөн хоногийн турш дэлхийн дээвэр болсон сайхан хайрханд хүсэл, мөрөөдөл зорилгоо тээн алхсаар 2025.05.18-ны өдрийн 06:30 минутанд оргилд хүрч чадсан юм. Тэрээр энэ тухайгаа “Би Эверестэд гарахаас өмнө гурван сарын турш тэнгэрт байгаа ээждээ мөргөж, өргөл өргөсөн. Би ээжээсээ “Миний ээж намайг оргилдохын өмнөх шөнө мөнгөн сарны гэрлээр гийгүүлээрэй. Үүрээр намайг оргилд гарахад нарны энергиэр дулаацуулж гэрэлтүүлээрэй гэж” гэж гуйсан.

Эверест үнэхээр сүрдэм хайрхан. Яваад л байна, орой нь харагдаад яваад л байна. Нарийнхан жимээр зөрнө. Энэ үед их салхилсан. Өглөө ямар гоё байлаа, яагаад салхилаад байна гэж бодсон. Оргилд гарахад битгий салхилаарай гэж гуйсан. Гэсэн гайхалтай нь яг оргилд хүрэхэд салхи намдсан. Байгаль намайг сонссон нь гайхамшигтай байсан. Тэгээд 06:30 минутад оргилд хүрсэн. Хэчнээн гайхалтай байсан гэж санана. Эргэн тойрны орчин, өндөр уулс. Оргилд гарах мэдрэмж үнэхээр хүчтэй, агуу байсан. Тийм болохоор уулчин бүр энэ гайхалтай мэдрэмжийг авах гэж дэлхийн ноён оргил руу татагддаг байх. Байгаль өөрөө хүчирхэг, үзэсгэлэнтэй, гайхалтай болгоныг харуулж байдаг.

Би Эверест хайрхны хажууд байрлах хос оргил болох өмнө гарсан Лхоце хайрхнаа харсан. Өмнө Лхоце хайрхны оргилоос Эверестийг харж байсан бол энэ удаа, Эверестийн оргилоос хос хайрхныг хараад зогсох мэдрэмж үнхэхээр гайхалтай байсан.

Салхигүй байсан болохоор би Эверестийн оргилд 30 гаруй минут болсон. Тэгээд сүүлдээ дотроо бодсон л доо. “Даварч болохгүй. Хүчил төрөгч хугацаатай. Салхилаад эхэлбэл яана” гэж. Ямар ч юм хэмжээтэй байх ёстой шүү дээ. Тэгээд мөрөөдлөө биелүүлээд буусан даа. Буугаад кемп хоёр дээр очоод гэр бүл, найз нөхөддөө амжилттай авиралтаа хийсэн гэдгээ дуулгасан” гэлээ.

Б.Батхишиг дэлхийн дээвэр Эверестэд оргилдсон Монгол Улсын 16 дахь, эмэгтэй гурав дахь уулчин болсон юм. Дэлхийн ноён оргилд эх орныхоо тугийг мандуулснаас гадна хавдрын даван туулагч болж бусдад урам зориг өгөн, Хавдар судлалын үндэсний төвийн тугийг дэлхийн дээвэрт хүргэж чадсан юм. Тэрээр ХСҮТ-ийн хүндэт тэмдэгээр шагнуулсан билээ.

Түүний эмчилгээ дууссаны нэг жилийн хугацаа нь зургадугаар сарын 10-ны өдөр буюу маргааш болох юм. Тэрээр 2021 онд 7134 м орших Ленин оргилд гарахдаа хөлөө гэмтээж, 2022 онд дугуйн осолд орж, 2023 он  хорт хавдраар өвдөж гурван удаа амьдралын уналтад орсон ч өөрийгөө даван туулж, хүсэл мөрөөдөлдөө орхилгүй олон хүнд урам зориг, итгэл найдвар өгч буй хүчирхэг эмэгтэй юм. Хүүхэд насныхаа нисгэгч болох мөрөөдлийг биелүүлж чадаагүй ч тэрээр дэлхийн дээвэрт, хүрсэн уулчин юм. Дэлхийн ноён оргилоос ертөнцийг тольдож, хүн бүрийн  мэдэрч, харж чадахгүй гайхамшгийг мэдэрсэн ховорхон заяаны эзэн.

Мөн тэрээр сайн үйлсийн ажил дуртай гэсэн. Түүний цаашдын мөрөөдөл, зорилго сайн үйлсийн ажил хийх гэсэн юм. Түүний гэрэлтэй, ариун үйл оргилд нь хүрсэн өндөр хайрхнууд шигээ үргэлж, биелж явах ерөөлөөр бахархам, бахдам амьдралын түүхийг бүтээж яваа аав ээжийн сайн охин, эгч, дүү, хань, ээж, барилгын инженер, уулчин эмэгтэйн дундаршгүй амьдралын тухай түүхээ ийнхүү өндөрлүүлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин Kh
6 цагийн өмнө
116.206.83.106

Гайхалтай хүч чадал зорилготой бүсгүй байна

Батаа
6 цагийн өмнө
116.206.83.106

Гайхамшиг, бахархаж бна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.