Хүүхдийн соёл, амралтын хүрээлэнгийн хойд хэсэг дэх “Сошл парк”-т тавдугаар сарын 31-ний бямба гарагт “Гаис” хамтлагийн “Сургууль минь баяртай” тоглолт болсон билээ. Энэ үеэр тус хамтлагийн дуучин Уугий буюу Х.Бат-Ундрал мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт шалгуулж эхэлсэн талаар зарим цахим мэдээллийн хэрэгсэлд нийтэлж буй. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр түүнд эрүүгийн бус, зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн гэнэ.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.1-3 дахь хэсгийн “Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэсэн заалтын дагуу ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шалгаж байгаа аж.
Өмнө нь тэрбээр 2016 оны тавдугаар сард Хан-Уул дүүргийн нутагт мансууруулах бодис биедээ авч яваад баригдаж, шүүхээс аравдугаар сард нь хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял шийтгүүлж байсан юм. Тухайн үедээ тэр “Тийм зүйл хийх хүн биш” гэж мэдэгдэж, хамтлагийнхан нь “Гишүүнээсээ гарсан” гэцгээж байв. Энэ бүхний дараа Х.Бат-Ундрал “Би залуучууддаа үлгэр дууриал болохын оронд ийм муухай зүйлтэй орооцолдож, дотно хүмүүсийнхээ урмыг хугалж, итгэлийг нь алдсандаа ээжээсээ, ах, эгч, дүү нараасаа, мөн манай хамтлагийг сонсдог олон мянган хүүхэд залуучуудаасаа уучлалт гуйж байна. Намайг уучлаарай, Уугий нь дахиж хэзээ ч алдахгүй ээ. Харин ч энэ бодисын эсрэг өөрийн дуу хоолойгоо, үзэл бодлоо хүүхэд залуучууддаа хүргэх болно” хэмээж байсан ч ийнхүү дахин мансууруулах бодис хэрэглэж байгаад баригджээ.
Түүнээс гадна “артист 113” хэмээх Э.Очирваанийг мансууруулах бодис хэрэглэсэн үндэслэлээр мөн л зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэрбээр үүнийг үгүйсгэж, шинжилгээгээр юу ч гараагүй хэмээн олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн. Харин хууль, хяналтын байгууллагынхан “Түүнээс авсан биологийн дээжээс мансууруулах бодис илэрсэн учраас шалгаж байгаа” хэмээсэн юм. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтын дагуу шалгаж эхэлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэр очирваань нтрийн тоглолт гэж үхсэн нь бхв дээ. Нөгөө олон хохирогчид юу болсон бээ?