Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөө, орон нутгийн хөгжлийн захиргаанаас хэрэгжүүлж буй “Ази тивийн улсуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллааны санаачилга (AFACI)”-ын 7 дахь удаагийн Ерөнхий ассемблейн чуулганд Монгол Улсыг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцжээ.
Холбооны Бүгд Найрамдах Непал Улсын Катманду хотод зохион байгуулагдсан тус чуулганаар 15 гишүүн орны хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчид оролцон санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, үр дүнтэй танилцав. Улмаар Ази тивийн улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар хэлэлцэн тодорхойлсон юм.
Мөн үеэр тус санаачилгын гишүүн оруудын төлөөлөгчдийн саналаар Монгол Улс “Ази тивийн хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санаачилга (AFACI)”-ын Дэд даргалагч орноор 3 жилийн хугацаатай томилогдсон. Монгол Улсын зүгээс Ази тивийн хөдөө аж ахуйн салбарын цаашдын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдийг хэрэгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгөн, хамтарч ажиллахаа илэрхийлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.