СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин "ял асууна"

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 хоногийн өмнө

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн өчигдрийн шүүх хуралдаанаар Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн захирал асан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэргийг УЕПГ-ын хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцлээ.

Д.Нямхүү, Д.Бархүү нарыг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан билээ.

Тодруулбал, Д.Нямхүүг хувийн эмнэлэгт ашиглаж байсан компьютер томографыг ХӨСҮТ-д өндөр үнээр авсан хэмээн буруутгасан юм. Зах зээлийн үнэ нь 39 саяар тооцогдох, компьютер томографын “Philips Brilliance CT16” гэх хуучин тоног төхөөрөмжийг эмнэлэгтээ өндөр үнээр авсан. Тус аппарат нь 17 жил ашиглах хугацаатай, үйлдвэрлээд 15 жил болсон эд байсан. БНХАУ-аас 2013 онд “Суперпроб” гэдэг компани Монголд оруулж ирсэн уг тоног төхөөрөмжийг 2020 онд ДУБ гэх аж ахуйн нэгжтэй 300 гаруй сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулан тухайн аж ахуйн нэгжийн удирдлагад давуу байдал олгосон хэмээн буруутгасан байдаг.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгасан юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны хоёрдугаар сарын 26-нд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн.

Тэгвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй хэмээн хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.