ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх, Архангай аймгийн Засаг дарга асан, өдгөө ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга байсан, одоо тус аймаг дахь Политехник коллежийн захирлын албан тушаал хашдаг Б.Өсөхбаяр нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
Т.Батсүх эрх мэдлээ урвуулан жолооч Н.Тамирын эхнэрийн үүсгэн байгуулсан “Ирмүүнбуянт ундарга” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, эрдэс долооц хийхэд шаардлагатай 200 тн давс нийлүүлэх гэрээ байгуулж, 34 сая, нэг ба олон наст ургамлын үр худалдан авах гэрээ байгуулж 56.3 сая, мөн жолоочийнхоо дүү Э.Болормаагийн үүсгэн байгуулсан “Хонхтон арслан” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж малын тэжээлийн нэг наст ургамлын үр болон эрдэс нэмэгдэл тэжээлийн найрлагад ордог зарим амин дэм, эрдэсийн холимог худалдан авах гэрээ байгуулж, 48.5 сая, хадам дүү З.Пүрэвсүрэнгийн байгуулсан “Алпаслан” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь атаршсан 350 га талбайг хаших даалгаврын хүрээнд 14 000 ширхэг хашааны шон худалдан авах гэрээг байгуулж 30 сая, уг талбайд химийн уринш, хөрс боловсруулалт, зэрлэг ургамлаас сэргийлэх хосолмол үйлчилгээтэй раундап, азотын бордоо, ургамлын өсөлт дэмжигч бэлдмэл биосил нийлүүлэх гэрээ хийж 5.4 сая, примекс, барьцалдуулагч, баглаа боодол, шошго, мяндас, үлийн цагаан оготно устгах бэлдмэл нийлүүлэх гэрээгээр 32.9 сая завшсан.
Төрсөн ах Т.Баттулгын үүсгэн байгуулсан “Эйч Ти Эн” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт атаршсан 280 га талбайд 1400 литр раундап бодис нийлүүлэх гэрээ байгуулж, 9.8 сая, бэргэн эгчийнхээ байгуулсан ТГБ компанийн бичиг баримтыг ашиглаж, дээрх сумын нутагт ургамлын өсөлт идэвхжүүлэх үйлчилгээтэй биосол бэлдмэл, азотын бордоо нийлүүлэх гэрээгээр 9.7 сая, талбайг хагалах, сийрүүлэх, борнойдох булдах, тариалах, талбайд хор цацах, услалт хийх гэрээгээр 46.2 сая, ХААИС-ийн Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Цэрэнгийн танилын байгуулсан “Пи Си Маркет” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, эрдэс, давс няцлагч болон эрдэс, давс холигч нийлүүлэх гэрээ байгуулж, хаанаас нийлүүлсэн нь тодорхой бус, өөр төрлийн тоног төхөөрөмж авч, эд хөрөнгийн бүртгэлд бүртгэн 15.5 сая, Т.Батсүх өөрөө тэргүүнээр нь ажилладаг “Жасын сүрэг холбоо” төрийн бус байгууллагад нэгэн төслийн санхүүжилтээс шилжүүлж, 56.3 сая гэх зэргээр их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм. Мөн Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Мөнхнасантай зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан.
Тэгвэл Ц.Мөнхнасан Засаг даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяртай хамтран 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд ИТХ нь хуралдаагүй байхад “Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал хэлэлцсэн” хэмээн хуурамч тогтоол гаргасан. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь хурал болоогүй гэдгийг мэдсээр байж дөрөвдүгээр сарын 19-нд уг хуурамч тогтоолыг АМГТГ-т хүргүүлэн, Цэнхэр сумын нутаг, Шоронгийн ам гэх газарт 4.75 га газрыг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтэд үндэслэн “Тунгалаг Тамир ар” гэх нөхөрлөлтэй таван жилийн хугацаанд бичил уурхайгаар ашиглах гэрээ байгуулсан хэрэгт буруутгасан билээ.
НПГ-аас Ц.Мөнхнасан, Б.Өсөхбаяр нарт Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн. Мөн Засаг дарга асан, ИТХ-ын төлөөлөгч Ц.Мөнхнасанг ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхтэй зодолдож эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэмээн яллагдагчаар тооцсон байдаг.
Уг хэргийг дээрх шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр, Т.Алтантуяа, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүн тавдугаар сарын 27-нд хэлэлцэж албан тушаалаа урвуулан ашигласан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон юм. Энэ үед Ц.Мөнхнасангийн болон Т.Батсүхийн өмгөөлөгч нар хохирол төлбөрөө төлөх хүсэлт гаргаснаар хурлыг завсарлуулсан. Улмаар Ц.Мөнхнасан улсад учруулсан хохиролд 30.3 сая төгрөг Архангай аймгийн ЗДТГ-т тушааж, баримтаа шүүхэд гаргаж өгсөн.
Харин ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх хохирлоо төлөхөө илэрхийлж, прокурорын тогтоолоор битүүмжлээд буй таван хөрөнгөөс хоёрыг нь үнэлүүлэхэд 984.4 сая төгрөгөөр тогтоогдсон баримт өгсөн юм. Гэхдээ шүүх уг баримтыг хүлээж аваагүй.
Прокурорууд Т.Батсүхийн албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн 263.2-т зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, хэрэг үйлдэх үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт нь 1350 нэгжээр, тэдгээрийг нэгтгэн 20.5 сая төгрөгөөр торгох санал гаргасан. Мөн “Стадион оргил” хотхон дахь орон сууц, Чингэлтэй дүүргийн нутаг дахь хувийн сууц, газар, суудлын болон ачааны автомашинуудыг хохиролд тооцуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх саналаа илэрхийлсэн юм.
Харин Ц.Мөнхнасанд албаны тушаалаа урвуулсан хэрэгт нь нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жил хасаж, 40 сая төгрөгөөр, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлд нь 4000 нэгжээр, Б.Өсөхбаярыг төрд ажиллах эрхийг таван жил хасаж, 30 сая төгрөгөөр торгох ял оноох санал шүүхэд гаргав.
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Б.Өсөхбаяр, Ц.Мөнхнасан нарыг улс төрд нөлөө бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэм буруутайд тооцсон. Ингээд Архангай аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Өсөхбаярт 20 сая төгрөгөөр ял оноож, төрд ажиллах эрхийг таван жил хасах ял шийтгэв.
Ц.Мөнхнасан, Т.Батсүх нарын бие биедээ хөнгөн хохирол учруулсан хэргийг 2021 онд УИХ-аар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хэрэгсэхгүй болгосон юм. Улмаар Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Мөнхнасанд 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жил хаслаа. ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийн нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 19.2 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Битүүмжилсэн хөрөнгүүдээс “Ланд круйзер-100”, “Ланд круйзер-150” автомашиныг хохиролд тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Аймаар хохиролтой шийдвэр гаргасан байна ш дээ? Шүүх? 5 жилээр нийтийн албанд ажиллах эрхийг нь хасчээ? Яаи таван жил ял өгөхөөс ч илүү юм уу? Хаашаа юм? Нэртэйгээр нь таван жил Улсаас хулгай хийх эрхийг хаслаа гээч?
Одоо ажлаа хийж байгаа биз дээ