Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Ж.Мөнхбатын алдрыг мөнхлөх хөшөөний нээлт болж байна. Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал аавдаа зориулж босгосон хөшөөний нээлтийн ёслолд оролцож байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал:
-Миний хайрт аав Түшээт хан Далай гүн хошуу одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сумд төрж өссөн. Аав минь өнөөдөр байсан бол 85 настай байх байлаа. Аав минь арван нэгэн хүүхдийн отгон хүү болон мэндэлжээ. Нагац ахдаа өргүүлж Жигжидийн Мөнхбат хэмээх нэр алдрыг хүртсэн юм. Нэг дүүтэй. Эгч маань өнөөдөр та бидэнтэй хамт байна. Ээжтэй минь 55 жил ханилан суухдаа таван сайхан хүүхэд өсгөн хүмүүжүүлжээ. Хайрт ээж минь бидэнд өмөг түшиг болон алт шиг сургаалиа үр хүүхэд, ач, зээдээ хайрласаар байна.
Хайрт аав минь 25 насандаа дархан аварга хэмээх хүндэт цолыг хүртсэн. Монголын анхны чөлөөт бөхийн тамирчин, Япон улсад зохион байгуулагдсан олимпын наадамд өндөр амжилт гаргасан анхны тамирчин юм. Олимп, дэлхийн мөнгө, хүрэл медальт анхны тамирчин билээ. 1968 онд аавын минь энэхүү амжилтыг гадны хэвлэлд мэдээлэхдээ Чингисийн Монгол сэрлээ хэмээж байсан билээ.
Энэхүү хөшөө нь нутгийн ардын санаачилгаар, үр хүүхдүүд, спортын холбоод, бөхөд хайртай ард түмэн, шавь, найз нарын хичээл зүтгэлээр бүтсэн юм.
Төв цэнгэлдэх хүрээлэнд байршуулах боломж олгосонд талархал илэрхийлэхийг хүсэж байна.
Бөхийн спортын түүхэнд анхдагч, хорьдугаар зууны аварга, хорин нэгдүгээр зууны мэргэжлийн сумо бөхийн аварга, Гиннесийн амжилтын есөн удаагийн рекордын эзэн, анхны аав хүү Хөдөлмөрийн баатар болсноороо ч анхдагч билээ. Бид таныхаа үргэлжлэл билээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.