Саяхан Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээл дээрээс бонд босгож, гацаж удсан төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлж, ард олон сайшааж байв. Тэгвэл түүхэндээ Улаанбаатар хот анх удаа бонд босгож, бондын анхдагч зах зээлийн арилжааг цан цохиж эхлүүлсэн. Ингэхдээ нийслэл хот дотоодын зах зээлд нээлттэй хэлбэрээр 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнийн дүн бүхий бонд санал болгосон.
Өнөөдөр улс орны эдийн засаг тийм ч сайнгүй байна. Нөгөө талаар бидний экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ таагүй байгаа зэрэг зүйл нь ганц энэ удаа биш өчигдөр ч тохиолдож байсан, маргааш ч тосон уулзах л зүйл. Тиймээс нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг төсвөөр шийднэ гэвэл үлгэр болно.
Харин Х.Нямбаатарын баг тун зөв шийдэл гаргаж бонд босгосон явдал юм. Өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг зөвхөн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх ямар ч боломжгүй. Тиймээс санхүүгийн нэмэлт эх үүсвэрээр тулгамдаж буй асуудлуудаа шийднэ гэсэн үг. Улаанбаатар хот 500 хүртэл тэрбум төгрөгийн бонд арилжаалж нэн шаардлагатай авто зам, шинэ цэвэрлэх байгууламжийн дэд бүтэц, эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл, үерийн байгууламжийг сайжруулах бүтээн байгуулалтын ажил санхүүжүүлсэн.
Үүнтэй зэрэгцээд 24 мега төсөл нь гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж, концесс гэх мэтээр төсвөөр гадуур бүхий л эх үүсвэрээр бүрдүүлэн ажиллаж байгааг дуулгаж байсан. Энэ бол яах аргагүй хотын дарга Х.Нямбаатар, түүний баг хамт олны гавьяа. Хүнд хэцүү цагт олон том төсөл төсвийн хөрөнгө харахгүйгээр хөдөлгөж чадаж байна гэдэг өөрөө ололт юм. Үүнд мэдээж, төрийн өндөр дээд алба хашиж байсан хотын даргын зангараг ч бий. Баг хамт олны чадвар, ажиллая гэсэн сэтгэл ч байгаа байх.
Харин ийм том, том ажлыг эхлүүлчихээд сууж байхад Ерөнхий сайдыг огцруулах тухай чимээнээр хотын даргыг огцруулах эсэх тухай ноцоод эхэлж байгаагийн цаана юу байна вэ. Өнөөх л авлигажсан тендерийн эзэд, газрын наймаачид, өмчийн хулгайчид, нийслэлээс олгодог бүхий л зөвшөөрлийн эзэд гээд мафийн сүлжээнд орчихсон бүлэглэл байгааг ойлгож ядах юм байхгүй. Тиймдээ ч мафийнхан хотын даргын тухай ялих шалихгүй асуудал хөндөж, олны анхааралд оруулах ажиллагаа ч эхэлсэн бололтой. Яг л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс том асуудал гарахгүй болохоор хүүгийнх нь найз охины цүнхний асуудал босгож байгаатай адил зүйл өрнөж магадгүй байна.
Эмх замбараагүй хот гэх айлын зах хязгааргүй, хэл амтай ажилд улс төрийнхөө өндөр карьерыг намсгаад нэгэнт ирсэн Х.Нямбаатараар эхлүүлсэн ажлыг нь дуусгуулах нь юу юунаас чухал. Өөр нэгэн улс төрийн томилгоо авсан нөхөр ирээд энэ ажлыг нугалах ч үгүй. Зангараг ч дутна. Мафидаа ч бариулж идүүлнэ биз. Тэгэхээр эхэлж эрх зүйн орчноо бүрдүүлж, мафитай тэмцээд дараа нь төслүүдээ гаргаж ирсэн нөхрийг дэмжээд явахаар өөр сонголт үгүй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бондын зарцуулхлтыг шалгана даа. Зураг, тасөв, ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн тайлангаа бэлтгэж байгаарай. Одоо яана даа.