“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуралдаанд 126 гишүүн ирэхээс 102 нь ирж, ирц 81 хувьтай байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Ерөнхий сайдын хувьд сонгуулийн холимог тогтолцоог хамтран шийдвэрлэж, бусад намд санал тавьж Хамтарсан засгийн газар байгуулан ажиллаж байгаа гэж би ойлгож байгаа. Олон төсөл хөтөлбөр явж байна. Миний хувьд салбараа төлөөлж сонгогдсон хүний хувьд хөдөө аж ахуйг эдийн засгийн эргэлтэд оруулах төслүүдийг онцолж хэлье. Эдгээр төслүүдээ хэрэгжүүлмээр байна. Үр дүнг нь харж, гадна дотны хөрөнгө оруулагчдад тодорхой байдлаа харуулмаар байна. Овоо зоригтой эхэлсэн төслүүд хэрэгжих гэхээр л засгийн газрыг огцруулдаг муу жишигтэй болчихлоо.
Хүн шинэ ажилд ороод зургаан сар болоход овоо учраа олдог шүү дээ. Тэрэн шиг засгийн газар учраа олж эхэлтэл л унагачихдаг. Ийм тогтворгүй засагтай байхад яаж хөдөө орон нутгийг ажлын байртай, эрчим хүчээр хангасан, худалдаа арилжаа цэцэглэсэн улс болох юм бэ!? Сүүлийн 20 жилд ямар том төслүүд хэрэгжсэн юм бэ? Тодорхой хэлээч. Жагсаал эмх замбараагүй байдалд хүрвэл хүний эрх, эдийн засаг, төрийн зохион байгуулалтын асуудал бүх түвшинд доройтно.
Ч.Лодойсамбуу гишүүн биднийг мөнгө төгрөг авсан гэсэн. Үүнийгээ тодорхой тайлбарлаарай. Ийм асуудал байхгүй шүү. Үймээн самууныг өөгшүүлмээргүй байна. Засгийн газар бүх юмыг зөв хийдэг гээгүй. Шаардлагатай бол шахалт үзүүлнэ, хяналт тавина, ардчилсан зарчимд тулгуурлан үргэлжлүүлж тогтвортой ажиллуулах дээр анхаарна.
Ерөнхий сайдаас асуухад, Хамтарсан засгийн газар тарчихвал бидний баталсан үйл ажиллагааны төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм уу?
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Мэдээж хоёр шийдвэрийн аль нэг нь л гарна. Парламент итгэл үзүүлбэл улс төрийн намуудтай дахин зөвшилцөнө. Гэрээ болон бусад асуудлаа яриад аль аль намууд өнөөдрийг хүртэл явсан асуудлуудаа шийднэ. Улсын эрх ашиг нэгдүгээрт гэдэг агуулгаа барина. Энэ бол боломжтой хувилбар.
Миний хувьд солигдох боломжтой. Харин хамтрах шийдвэрээ авч үлдээч гэж уриална. Дангаараа засаглаж болно л доо. Хэдэн сайдын суудал, агентлагийн томилгоо чухал ч гэсэн, цаг нь мөн үү, биш үү гэдгийг ярьж зөвшилцөлд уриалан дуудна. Хүнд ч гэсэн зөв зүйл болно. Олон нийтэд олон асуудлаа тайлбарлан таниулах боломж олдоно.
Харин парламент итгэл үзүүлэхгүй бол улс орны эдийн засаг одоогийнх шигээ байхгүй гэдгийг шулуухан хэлье. 120 орчим доллараар худалдаад авсан нүүрс 80 доллар болоод Ганцмод боомт дээр хэвтэж л байна. Улс төржүүлбэл шийдэгдэхгүй. Онтрэ-ийн асуудал дээр хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэх ёстой. Хамтарчихаад байхад улс төржиж байсан асуудал хамтраагүй тохиолдолд шийдэгдэхгүй, хэдэн жил хүлээгдэхийг бүү мэд. Нүүрсний үнэ бууж байгаа бол зэсийн баяжмалаа экпортлох ёстой. Энэ хоёр шийдэгдэхгүй бол төлбөрийн тэнцэл шууд хүндэрнэ. Ханш унана. Ийм ийм эрсдэлүүд улс орны өмнө тулгарчихаад байна. Даанч сайдын суудал зүүдэлж байгаа хүмүүс маань эрх ашгаас илүү хүчтэй болчихоод байна л даа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.