"Ардчилсан намын бүлгийн гишүүд ил санал хураалтад оролцохгүй бол эсрэг санал өгсөнд тооцогдоно. Харин УИХ-ын гишүүдийн олонх нууцаар санал хураах нь зүйтэй гэж үзсэн тохиолдолд Ардчилсан намын гишүүд нууц санал хураалтад оролцохгүй гээд гарах юм бол энэ нь эсрэг санал өгсөнд тооцогдохгүй" гэж УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж хэллээ.
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж:
-Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг яг одоо хэлэлцэж байна. УИХ-ын 53 гишүүн асуулт асууж, хариулт авч байна. Энэ процесс 6-7 цаг үргэлжлэх байх. Үүний дараа санал хураах процесс явагдана.
Ардчилсан намын бүлэг санал хураалтад оролцохгүй гэдэг шийдвэр гаргасан. Гэхдээ УИХ-ын гишүүн нь гишүүнийхээ хувьд тухайн санал хураалтад орох уу, үгүй юу гэдгээ шийддэг. УИХ-ын гишүүн ямар тохиолдолд санал хураалтад орохгүй вэ гэхээр чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.7.5-д зааснаар Үндсэн хуулийг илтэд зөрчсөн асуудал дээр байр сууриа илэрхийлж, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдэг байр суурийг илэрхийлэх ёстой. Үүнээс бусад тохиолдолд УИХ-ын гишүүн чуулгандаа суух үүрэг хүлээдэг.
Хэрвээ Ардчилсан намын бүлгийн гишүүд ил санал хураалтад оролцохгүй бол эсрэг санал өгсөнд тооцогдоно. Харин УИХ-ын гишүүдийн олонх нууцаар санал хураах нь зүйтэй гэж үзсэн тохиолдолд Ардчилсан намын гишүүд нууц санал хураалтад оролцохгүй гээд гарах юм бол энэ нь эсрэг санал өгсөнд тооцогдохгүй. Энэ бол Дэгийн хуулийн 10.10.11-т заасан байгаа. Дэмжсэн, дэмжээгүй алинд нь ч орохгүй гэж ойлгож болно.
Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх УИХ-ын тогтоолын төсөлд 126 гишүүний 64 буюу түүнээс дээш гишүүд дэмжсэнээр итгэл үзүүлнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.