Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлэг шийдвэрээ танилцууллаа. Танилцуулгыг бүлгийн дарга О.Цогтгэрэл хийлээ.
Тэрбээр, Эрхэм УИХ-ын дарга, эрхэм гишүүдээ!
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлэг 92.9 хувийн ирцтэйгээр хэлэлцэж, нийт гишүүдийн олонхын саналаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцохгүй гэж шийдвэрлэлээ.
Санал хураалтад оролцохгүй байх нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй гэсэн улс төрийн шийдвэр юм.
Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө болон хамаарал бүхий этгээдүүдийн хэрэглээ, хууль ёсны орлогоо нотлохыг шаардсан иргэдийн шаардлагад хариулахын оронд өөрт итгэл үзүүлэх асуудлыг Монгол Улсын Их Хуралд оруулж байгаа нь ард иргэдийг төөрөгдүүлж буй зарчимгүй үйлдэл гэж Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг үзлээ.
Хоёрдугаарт, Монгол Ардын Намын бага хурлаас Ардчилсан намыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан нь Хамтарсан Засгийн газар байгуулах улс төрийн намуудын төлөөллийн байгууллагуудын гаргасан шийдвэр, хамтран ажиллах гэрээг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл юм. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Хамтарсан Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хөгжлийн хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн бодлого, мега төслүүд, түүний дотор Гашуун сухайтын хил холболтын төмөр зам, Баялгийн сан, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт, говийг усжуулах гэх мэт томоохон бодлого, төслүүдийг дэмжсэн шийдвэр гаргаж байсан.
Иймд дээрх үндэслэлээр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаарх Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцохгүй байх шийдвэр гаргасныг мэдэгдэж байна.
Цаашид Ардчилсан Нам иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, хариуцлагатай төр засаг байгуулж, тогтвортой ажиллах чиглэлээр хууль дээдлэх ёс, Үндсэн хуулийн зарчмын хүрээнд идэвхтэй ажиллана.
УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.