Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-Монгол ардын нам 2016 оноос хойш засаг барьсан. Нэг ч том ажил хийгээгүй. Дарханы замаа ч дуусгаагүй. Энэ хооронд маш олон хулгай явсан.
Төсвийн, ковидын, оффтейкийн, нүүрсний, ногоон автобусны, С зөвшөөрлийн, хуурамч шатахууны хулгай явагдсан.
Хамтарсан засгийн газрын нэг харамсалтай зүйл нь энэ бүх хулгай 14 мега төсөл, 300 дэд төслийн ард далд орсон.
Төрийн алба замбараагаа алдсан. Жишээ нь, "Тавантолгой төмөр зам" дээр 900 хүн ажиллаж байгаагийн 100 нь гэрээгээр. Улаанбаатар хотод 180 хүн ажиллаж байна. Нэлээд олонх нь төмөр зам дээрээ очиж үзээгүй гэж байгаа. Гэтэл хувийн, 280км төмөр замтай компани 200 ажилтантай. Улаанбаатар хотын захиргаанд нь есөн хүн ажиллаж байна. Сонгуульд ажилласан бүх хүнийг төрийн байгууллагад оруулсан байна. "Тавантолгой төмөр зам"-ын дарга нь муурандаа цээживч авсан байгаа юм даа. Ямар ч хяналтгүй болсон.
Иймээс ард түмэн биднийг эрх баригч нь эрх баригч шиг, сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг бай гэсэн даалгавар өгсөн. АН-ын сайд нар өргөдлөө өгч, сөрөг хүчний байр суурин дээр очих гэж байгаад баяртай байна. Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байг. Хулгайг хамтран хаацайлах ёсгүй. Баримт алга болдоггүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.