УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 80 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. ТББХ-нд УИХ-ын арван гишүүн харьяалагддаг бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар:
-Хамтарсан засгийн газрын гэрээ буюу гурван намын хоорондоо байгуулсан "Хурдтай хөгжлийн зориг" гэх гэрээгээ ил гаргаж болдоггүй юм уу? Асуусаар байтал гаргаж ирэхгүй юм. Ил гаргаад сонирхоод байгаа хүмүүст харуулчихаач. Засагт ороогүй хэсэгт хяналт тавих боломж байсан бол илүү нээлттэй амар байх байжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Хамтарсан засгийн газрын давуу тал их байна. 10 сарын дотор 4-5 төсөл шийдсэн. Сул тал нь гэвэл аль аль намд нь гомдол үүсдэг юм байна. Томилгооны, мэдээллийн зөрүүтэй байдал гэх мэт. Шүүмжлэлтэй байгаа хүмүүст асар том хардлага үүсээд нийгэмд цацагджээ. Дараа дараагийн Засгийн газар болон мэтгэлцээнд судлагдахуун болж үлдээсэй гэж хүсэж байна.
Би хууль зөрчөөгүй ажилласан учраас өөртөө асар их итгэлтэй байгаа. Жагсагч залуустай гараад уулзах боломж байсан. Шалтаг л даа. Шалтгаан бол өөр асуудал байсан. Дараа дараагийн зүйлүүд дээр нээлттэй хариулаад явчихъя.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Үндсэн хуулийн 44-ын 1-р заалтыг барьж өнөөдрийн энэ тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм шиг байна. Гэтэл энд заасан төсвийн асуудал яриагүй, бодлогын дэмжлэг ярьж байх шиг байна. Энийг хэрэгжүүлэхэд яг ямар дэмжлэг дутаад байгаа юм бэ? Баялгийн сангийн хууль яг хэзээ батлагдсан бэ? Хувь хэмжээ авах асуудал юу болж байгаа вэ? Хөрөнгө хураах тухай хууль яагаад удаж өргөн баригдав. Парламентээр оруулж ирээгүй мөртлөө яагаад болохгүй байна гээд байна вэ. Шүүмжлээд байгаа хүмүүсийг баялгаа авах гэсэн чинь чадахгүй байна, хөрөнгө хураах гэсэн чинь чадахгүй байна, Ухаа худгийг авах гэсэн чинь дайраад байна л гэх юм. Таныг огцруулах уг гарвал чинь шал өөр асуудал шүү дээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Огцрох амархан. Албан тушаалтайгаа зууралдаад байгаа юм алга. Гол нь арын үр дагавраа тооцох ёстой.
Цаашдын засгийн газар олон зүйлтэй нүүр тулна. Гүйцэтгэх засаглал хэт тогтворгүй болбол парламентийн засаглалд хохиролтой. Баялгийн сантай холбоотойгоор хувь хэмжээг төрд авах асуудал хэлцэл хийгдээд л явж байна. Бодитой байдлаар монголын нийгэм тогтвортой байдлыг л хүсэж байгаа. 60-аас дээш хувь нь төр засаг хямралд орж, хөрөнгө оруулалт гацаж, мега төслүүд гацах вий дээ гэж үзэж байна. Олон талаас нь бодох ёстой учраас өнөөдөр зориуд та бүхэнтэй нээлттэй ярилцъя гэж байгаа. Огцрох амархан. Та бүхний л шийдэх хэрэг.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Байнгын хорооны ирц хүрдэггүй байсан. Сайд нар ирцээ бүртгүүлчихээд гараад явчихдаг байсан. Сайд нар гишүүнийхээ ажлыг тун хангалтгүй гүйцэтгэсэн шүү.
Сүүлийн таван сар монгол төрийн ажил явсангүй. Сандал суудлын хэрүүл тэмцэл дунд өнгөрлөө. Миний хүсэж байгаа зүйл бол төр засаг нь тогтвортой, том төслүүд нь яваасай гэж хүсэж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
a
a