Өнөөдөр парламентээр хэлэлцэх асуудлын товыг Parliament.mn сайтад гаргаснаар бол 10:00 цагт УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн хуралдаан болно.
12 цагт үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж тусгажээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх аж.
Тус байнгын хорооноос гарсан шийдвэрийг үдээс хойш 14:00 цагт зарлагдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Чуулган Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж тогтоолын төслийн дагуу санал хураалт хийнэ.
Сүүлийн өдрүүдэд улс төрд үүсээд буй асуудлын хүрээнд парламентийн 126 гишүүн санал хуваагдсан байр суурьтай байгаа. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж, цааш үргэлжлүүлэн ажиллуулах гишүүдийн тоо 50 орчим хувьтай байгаа бол огцруулах байр суурийг дэмжиж буй гишүүдийн тооны харьцаа мөн л 50 орчим хувьтай буй.
Анхаарал татаж буй нэг асуудал нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах эсэх санал хураалтыг хаалттай хэлбэрээр явуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал, Үндсэн хуулийн 44-р зүйлийн 1-т “Итгэл үзүүлэх тогтоолыг нийт гишүүдийн олонхоор шийдвэрлэнэ” гэж заасан. Нууцаар, эсвэл илээр гэж тодорхой заагаагүй нь ил явуулна гэсэн үг.
Харин Үндсэн хуулийн 27-р зүйлийн 7-д “Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, гишүүдээс горимын санал гаргаж Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг байнгын хороо болон УИХ дээр нууцаар санал хураах шийдвэр гаргуулж болно.
Хэрвээ нууц санал хураалт хийхийг дэмжвэл УИХ-ын дэгийн тухай хуулийн 10-р зүйлийн 2-т “Ил санал хураалтыг цахимаар, эсхүл гар өргөж, нууц санал хураалтыг цахимаар, эсхүл санал хураах хуудсаар явуулна” гэж заасны дагуу цахимаар уу, цаасаар уу гэдгийг санал хурааж шийдэх хуультай ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.