Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.
-100 жилийн өмнө манай улсад хүүхдийн хэмээх тодотголтой ууган байгууллага бий болж, анхны шангаа татаж байсан энэ түүхэн өдрийн мэндээр ярилцлагаа эхэлье. Та хэдэн настайдаа пионерт элсэж байв. Тэр үеийн дурсамжит мөчөө дурсана уу?
-Юуны өмнө хүн амын 37,7 хувийг эзэлж буй эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууддаа, хүүхэд бүрд ээлтэй, эрх тэгш, хүртээмжтэй нийгмийг бий болгохын төлөөх цаг наргүй ажилд хүчин зүтгэж яваа, хүүхдийн байгууллагын баялаг түүхийг бүтээлцсэн, бахархам үйлсийн эзэд болсон ахмадууд, одоо ч энэ салбараар овоглож яваа ахмад, дунд, залуу үеийнхэндээ Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Нэгэн зууны хугацаанд хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулж хүүхдийн байгууллагатай ажил амьдралаа холбосон бүх хүмүүстэй Монгол Улсын хөгжил салшгүй холбоотой. Яагаад гэвэл эх орондоо хамгийн үнэтэй хүмүүн гэдэг баялгийг бүтээж ирсэн.
Орчин цагийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн шинэ үеийг эх оронч, хүнлэг энэрэнгүй, зөв монгол хүн болгох нь бидний үүрэг. Хүүхэд хамгаалал чухал ч хүүхдийн хөгжил нэг шугамд зэрэгцэн явах ёстой. Хүүхэд хаана амьдарч, ээж аав нь ямар орлоготой, хэн байхаас үл хамаарч хүүхдэд чиглэсэн үйлчилгээг эрх тэгш авах, хүртэх ёстой юм.
Миний хувьд 1977 онд нэгдүгээр ангид орж 10 настайдаа пионерт элсэж байлаа шүү дээ. Тухайн нийгмийн зорилт нь одоогоос тэс өөр байжээ. Бага ангиасаа эхлээд л баатарчууд, пионер, эвлэл гэсэн шат дамжлагаар хүмүүждэг байсан. Тус бүрдээ тэмдэгтэй. Тэмдэг, улаан бүч хоёрыг бүх л хүүхдүүд зүүдэг байсан санагдаж байна. Улаан бүч зүүгээд пионерын тангараг өргөөд ангийн найзуудтайгаа баярлан явсан минь эргэн дурсахад гэгээн сайхан байна.
Нэг талаас тухайн нийгмийн алдаа онооны түүхийн гэрч нь манай үеийнхэн гэж хэлж болно. Гэгээлэг талаас нь харвал хүүхэд бүрийн хүмүүжилд онцгой анхаардаг, авьяас чадварыг нь хөгжүүлдэг, сурлага хүмүүжил доголдвол араас нь уйгагүй явдаг, ар гэртэй нь уулздаг багш, сурган хүмүүжүүлэгчид олон байсан.
-Та хүүхэд байхдаа хүүхдийн байгууллагын үйл ажиллагаанд хэр зэрэг идэвхтэй оролдог байсан бэ?
-Би багадаа хөдөлгөөнтэй талдаа хүүхэд байсан шүү. Бага ангидаа чөлөөт бөхөөр нэлээн хичээллэсэн. Аймгийн аваргын тэмцээнээс хэд хэдэн медаль хүртэж явлаа. Тэр баярын бичгүүд одоо хүртэл надад хадгалаастай байдаг юм. Дунд ангид ороод ном их уншдаг байсан минь нөлөөлсөн үү сонирхол өөр болж шүлэг бичиж эхэлсэн. Хүүхэд л юм болохоор хүсэл мөрөөдөл ихтэй. Номын сайн нөхөр гэдэг тэмдгээр шагнагдлаа. Бүр урам орж өөрийн бичсэн хэд хэдэн шүлгээ “Монголын пионерын үнэн сонин”-д гэж хаяглаад захидлаар явуултал шүлгүүд маань сонинд хэвлэгдэж тухайн үедээ од болж байлаа. Хүүхэд бүр захиалж уншдаг Монголын хамгийн том сонинуудыг нэг байсан болохоор би ч их зориг орсон байх. Зохиолч, сэтгүүлч болох зорилго өөртөө тавьсан. Удалгүй Хөвсгөл аймгийнхаа “Эрх чөлөө” сонинд идэвхтэн бичигч болж, сарын 50 төгрөгийн цалинтай сонины идэвхтэн сурвалжлагч боллоо. Цалингаа ээждээ өгнө. Ээж хадгалж байгаад ном, хичээлийн хэрэгсэл, бусад хэрэгтэй зүйлийг маань авч өгдөг байсан даа.
Бас нэг түүх ярья. Ээжид минь олон хүүхэд төрүүлж өсгөсөн гэж олон хүүхэдтэй эхийн дэвтрийг 1972 онд олгож байсан гэдэг. Энэ дэвтэр одоо манай бага дүүгийнд хадгалагддаг юм. Энэ үед би 2 настай. Ээж минь 13 төрж, 11-ийг нь эсэн мэнд төрүүлж, өсгөсөн ачтан. Хүүхдийн мөнгө буухаар алим, чихрийн хорхой дарагдаж, шинэ гутал, хувцастай болж, магнай хагартлаа баярладаг сайхан үе байжээ. Энэ бол тухайн үед ээжүүдийн нийгмийн баталгаа болж өгдөг нүдээ олсон бодлого байжээ гэж би боддог юм.
Ингээд яриад байвал миний хүүхэд насны хамгийн сайхан дурсамжууд хүүхдийн байгууллагатай салшгүй холбоотой гэж бодож, тэр үеийн багш нартаа үргэлж баярлаж явдаг.
-Л.Энх-Амгалан сайдын үед санаачилсан, хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж эхэлсэн гэж хаяглагдан үлдэх ямар ажлууд хийгдэх бол?
-Боловсролын сайдаар 2021-2024 онд 3,6 жил ажиллахдаа өнгөрсөн 30 гаран жил явж ирсэн тогтолцоог өөрчлөхгүйгээр урагшаа алхах ямар ч боломжгүй юм байна гэдгийг олж харсан. Боловсролын шинэчлэлийг эхлүүлж, боловсролын багц хуулиудыг УИХ-д өргөн барьж батлуулсан. Намар цэцэрлэгийн гадаа эцэг эхчүүд хэдэн өдрөөр хонож, дугаарлаж сугалаагаар цэцэрлэгт ордог байсан тогтолцоог халж хаалттай хаалганы цаана хүүхэд үлдээдэггүй болгосон.
Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэдэг бодлого барьж төрийн сургуулиудын чанарыг сайжруулахад анхаарсан
Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг нэмж байгууллага биш, багш хүүхдээ санхүүжүүлдэг, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН төсөвтэй болсон. “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлсэн нь олон хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлсэн болов уу. Орон нутгийн сургуулиудын нүхэн жорлон, гурван ээлжийн сургуулийн тогтолцоог халсан гээд хүүхдүүд хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсролын үйлчилгээг хүргэх боломж нээгдсэн гээд хэрэгжүүлсэн ажлуудыг нэрлэж болно. Ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн эрт илрүүлгийн тогтолцоог бий болгож, цэцэрлэгийн хүүхдүүдэд “Эрүүл шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын сургууль бүр сэтгэл зүйчтэй, хоол зүйчтэй, эмчтэй, нийгмийн ажилтантай болсон нь хүүхдүүдэд тулгардаг асуудлыг багаараа шийдвэрлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн.
Ер нь хүүхэдтэй хамааралгүй салбар гэж байхгүй. Бүх яам, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэн бүр хүүхдийг хамгаалдаг, хайрлаж энэрдэг бодлого, үйл ажиллагаатай байх ёстой.
Боловсрол, шинжлэх ухааны салбараас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон ч хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлж буй ажил минь үргэлжилсээр байна. Хүүхдийн төлөө фондыг юун түрүүнд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хэрэгцээтэй өндөр өртөгтэй хагалгаа, сэргээн засах, урт хугацааны эмчилгээнд зарцуулах санал гаргана. Тун удахгүй ажил хэрэг болгоно.
-Хүүхдийн чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх зориулалтын барилга байгууламж, төвүүд манай улсад дутагдалтай байсаар ирлээ. Энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд хийгдсэн ажлуудаас онцолбол?
-Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын тухайд 2017 онд Өвөрхангай аймагт Хүүхдийн ордон, Хүүхэд, залуучуудын парк, Усан бассейн, 2018 онд Говь-Алтай аймагт Хүүхдийн ордон, 2022 онд Дорноговь аймагт “Жаргалан” зуслан, 2023 онд Баянхонгор аймагт Гэр бүлийн хөгжлийн ордон, Дархан-Уул аймагт хүүхдийн зуслангийн их засвар, “Миний Монгол” цогцолбор, Булган аймагт “Жаргалант” зуслангийн засвар өргөтгөл, Олон улсын хүүхдийн “Найрамдал цогцолбор”-ын их засвар, 2024 онд Сэлэнгэ аймагт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг ашиглалтад оруулсан зэрэг сайн туршлагууд бий.
-Хүүхдийн зуслан бол хүүхдийн байгууллагын хамгийн том салбар нь байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш нэг л хөлөө олохгүй орхигдож ирсэн юм шиг санагддаг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ.
-1990-ээд оноос хойш зарим хүүхдийн зуслан хувьд шилжиж, үйл ажиллагааны чиглэл зориулалтыг нь өөрчилчихсөн. Өнөөдөр ихэнх зуслан 1980-аад оны үед баригдсан, ашиглалтын шаардлага хангахгүй, хүртээмжгүй, бодлого арга зүй орхигдож ирснийг дурдах ёстой. Манай улсад 1926 онд анхны гэр зуслан ажиллаж, хүүхдүүд амарч байсан баримт бий. 1960-1989 онд нийслэл, аймаг, орон нутаг төдийгүй нэгдэл, сангийн аж ахуй, үйлдвэр, албан байгууллагууд хүүхдийн зуслан олноор байгуулж, нийт хүүхдүүдийн 80 гаруй хувь нь зусланд амардаг байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр 10 хүүхдийн 1 нь хүүхдийн зусланд хамрагддаг гэсэн харамсалтай тоотой сууж байгаа. Бид хамгийн сайн хийж чаддаг байсан зүйлээ хийж чадахаа байсны жишээ нь хүүхдийн зуслангийн бодлого, үйл ажиллагаа. Өмнөхөө нураасан. Бидний нүүр тахалдаг олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланг барьж байгуулахад Монголын ард түмэн 1 өдрийн цалингаа хандивлаж босгосон түүхтэй. Монгол Улсын иргэн бүр хүүхдийн зусланд анхаарал хандуулж, бидний бодлогыг дэмжээсэй гэж хүсэж байна. Мөн манай аж ахуй нэгж, компаниуд албан татварынхаа орлогын нэг хувийг хүүхдүүддээ зориулж, хүүхдийн зуслан байгуулах хөдөлгөөнийг дэмжээсэй хэмээн уриалж байна. Миний дээр дурдсан сугалааны цэцэрлэгийн тогтолцоог өөрчилсөн шиг хүсэлт гаргасан хүүхэд бүрийг зусланд хамруулдаг болох том зорилт тавина.
2024 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 61 хүүхдийн зуслан бүртгэлтэйгээс 53 нь үйл ажиллагаа явуулж 91 мянган хүүхэд амраасан гэсэн тоо бий. Үүний тал хувь нь буюу 45 мянган хүүхэд нь Найрамдал зусланд амарчээ. Өнөөдөр 8-18 насны хүүхдүүдийн 8-9 орчим хувь нь л зусланд амардаг байна. Цаашид Монгол Улсын Засгийн газраас ганцхан нийслэлд биш, сум, аймаг, орон нутгуудад бүсчлэн хүүхдийн зуслан байгуулж, хөгжих эрхийг дэмжин ажиллах болно.
Миний хувьд Хүүхдийн зуслангийн хүртээмж, чанар, хөтөлбөр, хүүхдийн аюулгүй байдал, амрах орчин, санхүүжилт гээд бүгдийг нь цогцоор харж байж сая хүүхдийн зуслан үнэхээр хүүхдэдээ хүрсэн үйлчилгээтэй, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид сэтгэл хангалуун байх боломж бүрдэнэ гэж боддог. Цаг үе өөр болж байна, хүүхдүүдийн сэтгэлгээнд маш том өөрчлөлт орсон. Үүнийг хүүхдээр овоглосон, хүүхдүүдтэй ажилладаг байгууллага бүр мэдрэх ёстой.
Үүнийг хийж чадвал хүүхдүүд дэлгэцийн хамааралгүй, хорт зуршилд автахгүй, багаар ажиллаж чаддаг, илүү нээлттэй, өөрийгөө илэрхийлж чаддаг, өөртөө зорилго тавьдаг зөв Монгол хүн болж төлөвшихөд хамгийн сайн нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа. Ийм нөөц, боломж, туршлага, хүний нөөц манай салбарт бүрэн байна.
-2016-2024 онд буюу сүүлийн 10 жилд хүүхэд, гэр бүлийн салбарт эрх зүйн томоохон шинэчлэлүүд хийгдсэн нь том дэвшил юм. Хэдийгээр өмнөх үеүдтэй харьцуулахад эрх зүйн орчин сайжирсан ч хүүхдийн эрх ашиг хохирох явдал багасахгүй байна. Энэ талаар ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Бидэнд чамбай сайн боловсруулсан хууль, журам хангалттай бий. Бүрэн дүүрэн хэрэгждэггүй нь л гол асуудал болоод байна. Тухайлбал, УИХ-аас 2016 онд баталсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг 10 гаруй хууль, 80 гаруй дүрэм, журам, стандартыг батлан мөрдүүлж байна
Хүүхэд хамгааллын тухай /анхдагч/ хууль хэрэгжиж эхэлснээр хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын үүрэг хариуцлага нэмэгдэж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн эрх ашгийг хамгаалахад үүрэг хүлээсэн бүх тал хамтран ажиллаж эхэлсэн.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, орон нутагт Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороод аймаг, дүүрэг бүрд, хамтарсан багууд сум, хороонд байгуулагдан ажиллаж байна. "Өнөр бүл хүүхдийн төв", Олон улсын хүүхдийн “Найрамдал цогцолбор" болгож, "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-ийг төрийн үйлчилгээний байгууллага болгосон. Сургалт, судалгаа, мэдээллийн төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр байгуулагдсан.
2017-2024 онд хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангаж, үйлчилгээ үзүүлэх зориулалттай 39 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын санхүүжилтээр эмнэлэг, цагдаа, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэд байгуулж, төрийн үйлчилгээний бүтцийг 2017 онтой харьцуулахад 6.5 дахин нэмсэн.
2017-2024 онд Гэр бүлд зөвлөгөө өгөх 38 төв, танхим байгуулагдаж, жилд дунджаар 318,000-416,000 иргэн зөвлөгөө авсан. 2019 онд Залуучуудын хөгжлийн төвийг аймаг, дүүрэг бүрд байгуулж, 20 төв ажиллаж байна.
УИХ-аас 2021 онд баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт орсноор Хүүхдийн төлөө сан байгуулах эрх зүйн орчин бүрдсэн.
2021-2025 онд олон улс, тив, дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээн, наадам, олимпиадад 470 хүүхэд амжилт үзүүлэн оролцож, Хүүхдийн төлөө сангаас 890.9 сая төгрөгийн урамшуулал, дэмжлэг олгосныг харахад бидний ирээдүй болсон хүүхэд, өсвөр үе маань дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, түүнтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн амжилттай байна.
-Хүүхдийн байгууллага 100 жил хөгжиж дэвжихдээ бэрхшээл, бартаат замыг туулахын зэрэгцээ эрх зүйн орчны хувьд ямагт шинэчлэгдэж ирсэн байдаг. Энэ талаар салбарын сайдын хувьд ямар үнэлэлт өгөх вэ?
- Манай салбарт 1996 оноос хойш батлан хэрэгжүүлсэн хүүхэд гэр бүлийн талаарх хууль дүрэм, стандартыг анхан шатанд хэрэгжүүлж, хүүхэд гэр бүлтэй ажиллах хүний нөөц байгаагүй 30 шахам жил болсон. Сүүлийн арваад жил Засгийн газраас анхаарч ажилласны үр дүнд 2024 онд шинэчлэн баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллахыг хуульчилж, Засгийн газрын тогтоолоор орон тоог тогтоосон. Энэ бол маш том дэвшил.
Эдгээр ажилтнууд хүүхэд бүрд хүрч ажиллаж, хүүхдүүдийн дуу хоолойг сонсогч, дамжуулагч, уламжлагч, газар дээр нь асуудлыг шийдэгч байж чадна гэж үнэлж байгаа.
2024 оноос 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах орон тоог тогтоож, өнөөдрийн байдлаар 651 нийгмийн ажилтан ажиллаж эхэлсэн. Ингэснээр энэ салбар 2000 орчим ажилтантай болж байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн хамт Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний зардал тооцох аргачлал, нэг хүүхдэд ногдох зардлын дундаж нормативыг батлах эрх зүйн зохицуулалттай болж, 2025 оноос хүүхдийн хөгжил, оролцооны үйл ажиллагаанд зардал хуваарилж эхэллээ.
Манай улс 2016 оноос Хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүрэг бүхий хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллах эрх зүйн зохицуулалттай болсон Ази тивдээ анхны улс юм.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 2024 оны нэмэлт, өөрчлөлтөөр хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тогтоож, 2026 оны 1 дүгээр сараас 92 байцаагч ажиллаж эхлэх сайхан мэдээтэй.
-100 жилийн туулж өнгөрүүлсэн алдаа оноо, туршлага, сургамж дээр үндэслэн ирэх жилүүдэд гэр бүл, хүүхдийн талаар юу хийх вэ. Ямар зорилт дэвшүүлж ажиллах вэ?
-Гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, үйлчилгээний тогтвортой үргэлжлэх чадавхыг нэмэгдүүлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг төрөлжүүлэх, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр хувийн түншлэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, оролцоо, хүүхдийн оролцоо, манлайллыг ханган ажиллана.
Эрх зүйн шинэчлэлээр бий болсон боломжуудаа бодит үр дүнд хүргэх, хүүхэд бүрд хүргэх нь бидний хувьд хамгийн чухал зорилт болж байна. Гэр бүл, хүүхдийн салбарын үйлчилгээг цахимжуулна. Хүүхэд хамгааллын санхүүжилтийг мөшгих хяналтыг зохион байгуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.