Нэгэнтээ Зүүнбаян Хангийн төмөр замыг “Бодь” групп 1.2 тэрбум ам.доллараар барих байсныг одоогийн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаар овоглодог компани тал үнээр нь барьсан байдаг.
Б.Дэлгэрсайханд концесс бэлэглээд, хариуд нь Ерөнхий сайдынхаа үеэлд 100 вагон эзэмшүүлээд түрээслүүлж байсан гэдэг агуулгууд сүүлийн өдрүүдэд мэр сэр хөвөрч эхлэв.
Уг асуудлыг ухаж харвал, сайд болохоосоо өмнө өөрийн гэсэн вагон эзэмшдэг хүнийг сайдаар томилчихсны ард ийм хардлага үүсэх нь дамжиггүй. Хувиараа төмөр зам барьж төрд “бэлэглэсэн” 3000 вагонтой хүн вагон хулгайлсан байх боломжтой юу гэх асуулт эндээс ургана.
Өөрийн зардлаар барьсан төмөр замыг концессоор бүтээн байгуулсны дараа улс нь мөнгөө өгөхгүй, ядахдаа төмөр зам барьсан өртгөөр нь тооцоод аваач гээд өөрөө хүртэл хэлснийх нь хариуд “мөнгө байхгүй” хэмээн хэдэн Засгийн газрын нүүр үзсэн нь бол үнэн.
Богдхан төмөр зам гээд олон жил ярилаа. Төмөр замыг барих зардлаа 1.5 тэрбум ам.доллароор ярьж, үүнийгээ нүүрсээр бартердаж авна гэдэг агуулга яриад оросуудын эсэргүүцэлтэй тулгараад гацсан түүх бий.
Ерөөс “УБТЗ”-аар барьцаалдаг, “РЖД Строй”, “Развин” зэрэг Оросын “РЖД”-ийн охин компаниудаар тулгаж, шахаад холболтын цэгээ өгдөггүй байсан нь асуудал болсоор ирсэн. Оросын ашиг сонирхол өндөр байгаа нь харагддаг.
Тиймээс энэ удаагийн Засгийн газар ганц гол төмөр замаараа хоол хүнс, эм тариа, хүүхдийн тэжээлтэйгээ хамт аюултай бараа тээвэрлээд байгаа асуудлаа дотооддоо шийднэ гэдэг амбицаар Багахангай-Хөшигтийн салбар төмөр замыг, гурван жилийн өмнө төлөвлөж байснаас нь долоо дахин бага үнээр буюу 230 сая ам.доллараар жилийн дотор барьж, одоо ашиглалтад орохоо хүлээж буй.
Энэ нь нэг талдаа аюулгүй байдлаа хамгаалж байгаа хэрэг. Уг төмөр замыг Хүннү хот руу хөтөлж хөгжүүлэхээс болоод логистикийн компаниуд эрх ашгаа хамгаалж зарим улстөрчийг лоббидож сөрөг мэдээлэл гаргах болсон. Үүн дээр хуучин сайдаар ажиллаж байсан, терминал барихаар зэхэж байсан хувийн ашиг сонирхолтой улстөрчид ч хүч нэмж байгаа харагдана. Ер нь тал талын сонирхол цухалзаж байгаа нь илт.
“Монголын төмөр зам” болон “Тавантолгой төмөр зам” компаниудын вагоны ихэнх нь хагас вагон буюу нүүрс, төмрийн хүдэр, нурмаг, үйрмэг ачаа тээвэрлэх зориулалттай вагонуудыг үе үеийн дарга нар нь мэр сэр түрээсэлж мөнгө олдог байсныг Б.Дэлгэрсайхан тушаал гаргаж, хориглосон бөгөөд нэг ёсондоо ашиг нь тасалдчихсан хэрэг. Ингэхдээ төрийн өмчит компаниудын 660 вагоныг татаж “УБТЗ” ХНН рүү цахилгаан станцууд руу нүүрс болон Эрдэнэтийн зэсийг тээвэрлэхэд явуулахыг үүрэг болгосон юм билээ. Ард нь хөврөх энэ агуулгуудад “Та нар төрийн өмчит компанийг удирдахдаа хоорондоо вагон түрээслэхгүй.Төр нэг халааснаасаа нөгөө халаас руугаа өмчөө хийдэг, та нар дундаас нь ашиг олдог байх ёсгүй. Цаашид ийм хулгай байж болохгүй” хэмээн хэвлэлүүдэд байр сууриа илэрхийлчихсэн.
Үлдсэн 200 тавцант вагоныг гол зам дээр төмрийн хүдэр болон бусад ачаа тээвэрт явуулах гэхээр нь 42 жил яваад насжилт нь дуусаад, сүүлдээ нүүрсэнд явж чадахаа больсон байна. Тэднийг нь нүүрсний ачилт эхлэх гэж байгаа учраас “Тавантолгой төмөр зам” руу явуулчихсан. Тэр компани нь татан буугдаад вагонууд нь “Монголын төмөр зам” компанид очсон нөхцөл байдалтай бөгөөв УБТЗ түрээсийн вагоноор цахилгаан станц руу тээвэрлэхдээ эрчим хүчний үнэ нэмэгдээгүй байхад алдагдал хүлээдэг байж л дээ. Харин нэмсний дараа ч ашиг олохгүй, дөнгөж өртөгтөө баланслуулж зөөгөөд байсан аж.
Мөн Монголын ложистикийн компаниудыг дэмжих сонирхлоор Орос, хятадуудын далд бизнесийг хязгаарлах буюу дотоодын тээвэр зуучийн салбарыг урагшлуулъя гэсэнд нь хэн, юунд илтэд дургүйлхэв.
Тиймээс Зам тээврийн сайдын хувьд, эрх мэдлийнхээ хүрээнд, түрээсэлдэг байсан нүүрс ачих вагоныг нь УБТЗ-д хүчээр аваад өгчихсөн шийдвэрээ ч хамгаалсан удаатай. Б.Дэлгэрсайхан, Х.Хэрлэн хоёр хуйвалдаад хамаг вагоныг УБТЗ-д аваад өгчихлөө гэж хардах нөхцөл эндээс эхлэлтэй юм. Тэдгээр вагоныг дугаараар нь цахилгаан станц руу нүүрс зөөж байгаа эсэхийг нь шалгахад үнэхээр ч зөөж л байв.
Вагон яагаад дутаад, илүүдээд байсныг ухаж үзвэл гол замд нийт 11 мянган вагон явах ёстойгоос одоогоор 15 мянган вагон явж байна. Дундах 4000 вагон нь гол зам дээрээ багтахгүй, яг хотын түгжрэл шиг өртөө, зөрлөгүүд дээр зогсоостой хэвээр. Гэтэл нөгөө талд “Монгол вагон олдохгүй баларч байна” гэх хандлагаар Оросоос вагоныг олноор нь авчрах болсон. Гэтэл цаад эзэд нь голдуу орос, хятадууд, ил хаяг дээр нь монгол компани, монгол иргэдийн нэр дээр байх жишээтэй. Лавшруулж харвал, санхүүгийн эх үүсвэр нь бэлэн мөнгөөр орж ирээд, ам.доллараар орос руу урсаад гарчихаж байгаа хэрэг. Ингэж гаднын компаниудыг эс үйлдлээр дэмжээд байж болохгүй. Тэр ч байтугай оросууд Замын-Үүдэд тээвэр ложистикийн үйл ажиллагаа явуулна гээд газар аваад эхэлчихсэн бөгөөд Оросын “РЖД” НХН-ээс хүртэл шахалт үзүүлсэн байдаг. Гэтэл тэдний авч буй Замын-Үүд дэх газрыг ЗТЯ биш тухайн орон нутгийн ИТХ шийдвэрлэдэг.
Тэд орос, хятадуудын тэрхүү бизнест газар олговол дотоодын тээвэр зуучийн компаниудаа шахаж буй хэрэгт оролцсон үйлдэл болж мэднэ. Харин одоо тэдгээр вагоныг шахаж гаргаад, тэдний орон зайд Монголын үндэсний компаниуд өөрсдийн хөрөнгөөр шинэ вагон оруулж ирсэн бол үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрнө, үүгээрээ дотоодын компаниудаа тээвэр зуучийн салбарт дэмжих оролдлого гэж хармаар.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ /Редакцийн бус нийтлэл/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.