Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар хэрэгжүүлсэн, ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох зорилготой “Level-UP” хөтөлбөр амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.
Энэхүү хөтөлбөрийг Улсын Их Хурлын Тамгын газар, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсролын ерөнхий газар хамтран Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Орхон, Булган аймаг болон нийслэлийн зургаан дүүрэгт хэрэгжүүллээ.
Хагас жилийн хугацаанд зохион байгуулсан уг хөтөлбөрт нийт 5033 сурагч, 149 багш хамрагдсан бөгөөд сурагчдад мөнгийг оновчтой удирдан санхүүгийн зөв шийдвэр гаргаж сурах, зүй зохистой хэрэглээнд дадах, эрсдэлийг үнэлэх чадвартай, , ирээдүйд санхүүгийн хариуцлагатай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх үндэс суурийг тавьж өгсөн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.
Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Орхон, Булган аймаг болон Нийслэлд 2025 оны 01 сарын 25-ны өдрөөс 02 сарын 21-ний хооронд зохион байгуулсан. Нээлтийн арга хэмжээнд нийт 6 аймгийн 74 багш, 2210 орчим сурагчид, нийслэлийн 75 багш, хөтөлбөрт хамрагдах 1200 гаруй сурагчдын төлөөлөл оролцлоо. Тус арга хэмжээнд Хадгаламжийн даатгалын корпорацийн зүгээс санхүүгийн мэдлэг сорих Khahoot-ын асуулт, хариултын тэмцээнд амжилттай оролцсон нийт 160 сурагчдад 50,000 төгрөгийн “Хадгаламжийн эрхийн бичиг”-ийг олгосон байна.
Энэхүү хөтөлбөрийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэх явцад сургагч багш нарыг бэлтгэх, үе тэнгийн нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах, сошиал орчинд санхүүгийн боловсролыг түгээх рийлс болон бичлэгийн уралдаан, “Санхүүгийн мэдлэг — бидний амьдралд” сэдэвт мэтгэлцээний тэмцээн, танхим болон цахим сургалтыг хослуулсан олон талт арга хэмжээг амжилттай хэрэгжүүллээ.
Дээрх үйл ажиллагаанд оролцогчдын идэвх, оролцооны түвшин, бүтээлч байдлыг харгалзан уралдаант шалгаруулалтын зарчмаар үнэлж, шилдэг оролцогчдыг тодруулсан юм.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээний дүнгээр дараах багш, сургуулиуд болон аймаг, дүүргүүд шилдгээр шалгарлаа.
-Булган аймагт нийт 3 багш, 1 сургууль шилдгээр тодорсон бол,
-Орхон аймагт 4 багш, 2 сургууль шалгарч, аймгийн дүнгээр “БҮТЭЭЛЧ АЙМАГ” цомын эзэн,
-Ховд аймагт нийт 6 багш, 2 сургууль шилдгээр шалгарч, аймгийн дүнгээр “МАНЛАЙЛАГЧ АЙМАГ” цомын эзэн,
-Увс аймагт нийт 4 багш, 2 сургууль шилдгээр шалгарч, аймгийн дүнгээр “ШИНИЙГ САНААЧЛАГЧ АЙМАГ” цомын эзэн,
-Говь-Алтай аймагт нийт 2 багш, 1 шилдэг сургууль,
-Завхан аймагт нийт 3 багш, 2 шилдэг сургууль,
-Чингэлтэй дүүргээс нийт 1 багш, 3 шилдэг сургууль,
-Сонгинохайрхан дүүргээс нийт 1 багш, 1 шилдэг сургууль,
-Хан-Уул дүүргээс нийт 1 багш,
-Сүхбаатар дүүргээс нийт 1 багш, 2 шилдэг сургууль,
-Баянзүрх дүүргээс нийт 1 багш, 1 шилдэг сургууль,
-Баянгол дүүргээс нийт 1 багш, 2 шилдэг сургууль, нийслэлийн дүнгээр “МАНЛАЙЛАГЧ ДҮҮРЭГ” цомын эзнээр тус тус тодорлоо.
/Орхон аймаг дахь хаалтын арга хэмжээ.2025.05.19/
/Говь-Алтай аймаг дах хаалтын арга хэмжээ.2025.05.21/
/Булган аймаг дахь мэтгэлцээний тэмцээн. 2025.04.25/
/Ховд аймаг дахь мэтгэлцээний тэмцээн. 2025.04.17/
/Нийслэл дэхь хаалтын арга хэмжээ.2025.05.27/
Шилдгээр шалгарсан сургууль, багш, сурагчдадаа халуун баяр хүргэе.
Хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан нийт байгуулагууддаа, хөтөлбөрт хамрагдсан нийт багш, сурагчдадаа талархал илэрхийлье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.