УИХ-ын өнөөдрийн /2025.05.30/ чуулганы хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийн Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нь 1998 онд батлагдаж, 2012 онд шинэчилсэн найруулга хийж, зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хуулийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдөх, зохицуулалт давхцах, тодорхой бус хоёрдмол утга илэрхийлэх, төсөл хэрэгжүүлэгчдэд эдийн засгийн болоод цаг хугацааны хүндрэл учруулах зэрэг асуудал гарч байгаа тул эдгээр асуудлын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Бид агаарын бохирдолтой 10,20 жил тэмцэж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгааг өнөөдрийн байдал тодорхой харуулж байна. Тэмцлээс гадна улс татварын мөнгөөр маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч амжилт олоогүй. Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний одоогийн мөрдөж байгаа стандарт ахуйн хэрэглээний шахмал түлшний олон улсын стандартад нийцэхгүй байна гэх дүгнэлт гарсан байна лээ. Стандартаа өөрчилсөн үү?
Хоёрдугаарт, Эрдэнэс тавантолгой ХК-аас 1,5 их наяд төгрөгийн зээл авч санхүүжүүлсэн. Энэ өртэйгөө нийслэл рүү шилжсэн. Өрийг хэрхэн дарж байгаа вэ?
Гуравдугаарт, 2024 оны байддлаар 817 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай байсан. Үүнийг хааш нь шилжүүлж яаж шийдэж байгаа вэ? Өөрөөр хэлбэл та бүхэн өвөлд бэлэн үү?
Дөрөвдүгээрт, Нүүрс баяжуулах үйлдвэр, хагас коксжсон түлшний үйлдвэр, нунтаг кокс бэлтгэн нийлүүлэх төсөл мэтээр санхүүжүүлсэн нийт хөрөнгийн зарцуулалтад холбогдох хяналт шалгалтыг хийнэ гэх мэдээллийг өмнө нь өгч байсан. Хийгдэж эхэлсэн үү?
Тавдугаарт, Хийн түлшинд шилжих тухай нийслэлийн удирдлагууд ярьж байсан. Энэ асуудал хэр явцтай байгаа вэ? Хэдэн айлыг хангах вэ?
НЗД-ийн орлогч А.Амартүвшин: Хийн түлшний судалгаа хийгдэж дуусаад гүйцэтгэлийн ажил руугаа орсон явж байна. Мөн цахилгаан, дулаалга гэх гурван шаттай ажлууд хийж явж байна. Эхний ээлжинд Байгаль орчны яамтай хамтарч нийслэл хотыг ногоон, шар бүсээр хуваасан. Шар бүс дээр 63 000, ногоон бүсэд 103 000 айлыг хамруулсан. Энэ жилдээ ногоон бүсийн айл өрхийн 50 хувийг цахилгаан болон хийн түлшид шилжүүлнэ. Үлдэх 52 000 айлыг дулаалгад хамруулна. Хийн түлшид энэ жилдээ 30 000 айлыг хамруулах бол цахилгаанд нэмэлтээр 17 600 айлыг холбоно.
Хийн түлш нийлүүлэх нээлттэй тендер зарлаж, компаниуд шалгаруулна. Хуулийн дагуу ажиллана. Цахилгаан халаагуур, дулаалга гэх мэт ажлуудын тендерийг дараа долоо хоногт зарлаж шалгаруулна. Аюулгүй байдлыг Азийн сантай хамтарч хийж байгаа. Эхний ээлжинд цагдаа хүчний байгууллагуудад сургалт орж аюулгүй байдлын мэдээллээр хангана. Дараа нь наймдугаар сард дүүрэг хорооны ажилтнуудад сургалт орно. Есдүгээр сард иргэдэд үзүүлэнгээр үзүүлж явна. Ямар газын төхөөрөмж ашиглах гэж байгаагаа шалгаруулаагүй байгаа учраас амлаж чадахгүй байна. Хоёр сая 52 мянган мкв гэр дулаалгыг энэ жил хийнэ. Мөн дээврийн 1,3 сая дулаалга хийнэ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа: Айл өрхөд хэрэглэгдэх хийн зуухны тоног төхөөрөмжийг агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн хурлаар заавал оруулж зөвлөмж гаргуулахаар болсон. Сайжруулсан шахмал түлшний асуудал төрийн өмчит байгууллага дээр олон жил хийгдэж хувийн өмч хийх боломжгүй болсон. Одоо үндэсний хороон дээр аж ахуйн нэгж байгууллагыг татан оруулж, шаардлага хангаж чадвал хариуцуулна. Гол нь түлшний чанарыг нэгдүгээрт тавъя гэж байгаа. Энэ ажлыг Тавантолгой түлш ХК-д хариуцуулсан. Бид өмнөх үйлдвэрээ шаардлага хангахгүй гээд хаачихсан. Гэтэл Эрдэнэс тавантолгой компанийн олборлож буй тэг давхрагын баяжуулсан нүүрсний чанарын үзүүлэлт уг түүхий эдээр үйлдвэрлэсэн түлшний стандартын шаардлагыг хангаагүй. Өнөөдрийг хүртэл "Яг энэ түлш шаардлага хангачихлаа" гэх түлш гараагүй гэлээ.
Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт сайжирч, төсөл хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч нарт учирч байсан цаг хугацаа алдах, бичиг баримтын бүрдэл хангах, хүлээх, төрийн байгууллага хооронд явах, олон нийтийн оролцооны асуудлаас болж төслийн хэрэгжилт гацах, санхүүгийн алдагдал хүлээх зэрэг асуудлыг цогцоор нь шийдэх эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгаль орчны үнэлгээтэй холбоотой төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэх, цахим хэлбэрээр ажиллах, мэргэшсэн мэргэжилтэн ажиллуулах, ангиллыг сайжруулах замаар төвлөрлийг сааруулах, оролцогч талуудын ажлын уялдаа холбоо сайжрах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шинэчилсэн ангиллаар нийт төслийн 38 хувь нь ангилал буурч, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгэх болон шалгах хуудсаар бүртгүүлэх боломжтой болно гэж төсөл санаачлагчид үзжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.