Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа, Э.Саранцэцэг, Б.Нэргүй, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцлээ.
ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шалгаж, НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор тoрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан”, 19.4-2-ын “Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, тoрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн” гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийг өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцээд нэр дурдсан гурван хүнийг гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэм буруутайд тооцсон билээ. Улмаар Б.Ариунаад 15 жил, Э.Саранцэцэг, Б.Нэргүй нарт 12 жилийн ял оноож, хаалттай хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг бид цаг тухайд нь мэдээлсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй хаалттай хэлэлцсэн хурлаас Б.Ариунаагийн гурван өмгөөлөгч, Э.Саранцэцэг, Б.Нэргүй нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.