Өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ дахь таван намын төлөөлөл бүхий гишүүд “Огцрох амархан “ жагсаалын төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уг уулзалтын дараа ТББХ-ны дарга Ж.Бат-эрдэнэ хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.
Тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс ирүүлсэн “Итгэл үзүүлэх эсэх тухай” тогтоолын төслийг залуусын төлөөлөлд танилцуулсан гэдгээ хэлэв. Хуулийн хүрээнд улсын төсөв болон тодорхой бодлогын асуудлаар тогтоолын төсөл өргөн барих эрх нь Ерөнхий сайдад байдаг. Энэ хүрээнд уг албан тоотыг ирүүлсэн гэж тайлбарлалаа. Тиймээс хуульд зааснаар гурав хоногийн дараа буюу Даваа гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэг эхэлж улмаар Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэйгээр хэлэлцэж шийдвэрлэнэ. Ингэхдээ шаардлагатай бол чуулганы хуралдааныг наашлуулах боломж ч бий гэлээ.
Мөн жагсагчдын аюулгүй байдлыг хангах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадах байгаа эсэх дээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо анхаарал хандуулж ажиллахаар болжээ.
Түүнчлэн олны анхаарлын төвд байгаа Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх тухай асуудлыг байнгын хороо болон чуулганаар нээлттэй хэлэлцэх учраас эргэлзээтэй байгаа олон асуултын хариултыг хэлэлцүүлгийн явцад авах боломжтойг онцоллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.