Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.05.28) хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2025 оны 5 дугаар сарын 23, 26-ны өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хураалт явуулж, дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг тусгасан хуулийн төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн хэмээн Ч.Лодойсамбуу гишүүн танилцуулав. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэв. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар найруулгын шинжтэй засвар оруулж, нэр томьёог тодорхой болгох хүсэлт гаргасны дагуу саналын томьёоллыг бэлтгэсэн байна.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтын дагуу санал хураалт явуулан шийдвэрлээд, үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.