СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан туршлага солилцож байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ-аас нутгийн захиргааны байгууллагуудын дунд анх удаа харилцан туршлага солилцох, суралцах арга зүйн “Бүтээмж ба Инновац-UB 2025” нэгдсэн форумыг зохион байгуулж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй энэхүү форумд 21 аймаг, есөн дүүргийн 60 орчим төрийн албан хаагч оролцож байгаа юм. 

Нутгийн захиргааны байгууллагын сайн туршлагыг тодорхойлох, түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү болзолт уралдаан хоёр үе шаттайгаар хэрэгжиж байна. Тодруулбал, эхний шатанд нийслэл, 21 аймгаас нутгийн захиргааны байгууллагадаа нэвтрүүлсэн тэргүүний арга барилаа тодорхойлон ирүүлээд буй. Харин хоёрдугаар шатны арга хэмжээ тавдугаар сарын 26-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна. Энэ үеэр улсын хэмжээнд шилдэг, сайн туршлагыг шалгаруулах арга хэмжээнд есөн дүүрэг, 16 аймгийн нийт 25 сайн туршлагыг танилцуулах юм. Ийнхүү нийслэл болон орон нутгийн захиргааны байгууллагууд энэхүү арга зүйг хэрэглэн иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өөрсдийн дотоод үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой.

Форумын талаар НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд “Аймаг, сум, дүүрэг бүр өөр өөрийн онцлогтой хэдий ч бүх шатны Засаг даргын Тамгын газрын албан хаагч нар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үндсэн үүрэгтэй. Энэ хүрээнд уг форум нь төрийн албаны үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, нийслэл, орон нутгийн төрийн захиргааны байгууллагад нэвтрүүлсэн бүтээлч арга барилыг солилцох, харилцан суралцах, сурталчлан таниулах зорилготой юм” гэв. 

Увс аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн О.Хулан “Манай аймгийн хувьд 2021 оноос олон улсад хэрэгждэг оролцоот эпидемиологийн арга, аргачлалыг мал эмнэлгийн салбартаа нэвтрүүлж, нутагшуулсан нь бидний сайн туршлага юм. Энэ нь малчдын оролцоотой малын өвчнийг тандан судлах судалгааны арга аргачлал юм. Энэ хүрээнд малчид руу чиглэсэн судалгаа, тандалтыг хийн, тэдэнд тулгамдаж буй асуудлыг илрүүлж, тэдний дуу хоолойг бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэдгээрээ чухал ач холбогдолтой” гэлээ.

Баянгол дүүргийн ЗДТГ-ын Теле камерын хяналтын дэд төвийн инженер Х.Таравчамба “Уг аяны хүрээнд Баянгол дүүргээс хуванцар хог хаягдлыг шахаж нягтаршуулах пресслэгч машиныг бүтээн оролцож байна. Уг технологийг зарим хороодод нэвтрүүлсэн. Ингэснээр шатахуун тос, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүний нөөцийг хэмнэж чадсан” хэмээв.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.