МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэртэй холбоотойгоор улс төрд тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Ерөнхий сайд үргэлжлүүлэн ажиллах уу, эсвэл өргөдлөө өгөх үү, Хамтарсан Засгийн газар хэвээр байх уу, эсвэл тарах нөхцөл байдал үүссэн үү гэдэг асуулт хариултаа нэхсээр байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайханаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан:
-Дараагийн Ерөнхий сайдад миний нэрийг хавчуулсан байна лээ. Надад Ерөнхий сайд болох амбиц байхгүй гэдгээ хамгийн түрүүнд хэлмээр байна.
Монгол төрийн бодлого үргэлжлээд явж байгаа. Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайд хуулийн хүрээнд ажлаа хийгээд явж байна. Манай намын бага хурал хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн болохоос АН-ын засгаас гаргана гэсэн эцсийн шийдвэр биш.
Улс төрийн энэ цаг үед төрийн тогтвортой байдал, бодлогын залгамж халаа, хариуцлагын нэгдмэл байдал маш чухал. Бид бүх түвшинд улс төрийн талцал, туйлшрал, үгүйсгэлд автах бус, ард түмний эрх ашиг, амьдралын чанар, эдийн засгийн тогтвортой өсөлт, нийгмийн итгэлцлийг сэргээх асуудалд л анхаарах ёстой. Төрийн ажил, тэр дундаа улс төрийн өндөр албан тушаал бол хэн нэгний амбиц, таамаглал, хүсэл мөрөөдөл бодол санаагаар бус Үндсэн хууль, төрийн институци, улс төрийн намуудын бодлогоор тодорхойлогддог, хууль ёс, бодлого зарчмаар шийдэгддэг. Монгол Улсын Засгийн газар хууль ёсны дагуу бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. УИХ, төрийн институциуд бүгд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж байгаа.
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн, улс төрч, хувь хүн, аав хүнийхээ хувьд өнөөгийн нөхцөл байдалд маш тодорхой байр сууриа илэрхийлсэн. Үүнийг улс төрийн соёл, ардчилсан үнэт зүйлсийн хүрээнд хүлээн авч, нийгмийн зүгээс хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах нь бидний нийтлэг ёс зүй, улс төрийн соёлын нэгэн илэрхийлэл байх ёстой гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
засаг тарах ерөнхий сайд огцрох шаардлага байхгүй
Ийм лалар худалч улсуудаар яадаг байна