Монгол Улс цахим мөрийтэй тоглоомын диваажин болоод удаж байна. 1xBet гэхэд Монголоос хэзээ ч ийм их хэмжээний ашиг олно гэж тооцоолж байгаагүй юм гэдэг. Хамгийн их танигдсан нь 1xBet болохоос цаана нь хэдэн зуун аппликейшн мөнгийг хүүлж байна. Бүгд л "даахаараа ав" гэдэг зарчмаар ажиллаж байна.
Өдгөө хүн бүр гар утастай болж, тэр хэрээр цахим мөрийтэй тоглоомын аппликейшн татаж суулган их, бага хэмжээгээр тоглож байна. Алдах тусам улам их алддаг гэдгээ ойлгохүй, залуучууд үүнд толгойгоо мэдүүлж байна. Жүжигчин Шагайгийн нэг дүү нь цахим мөрийтэй тоглоомд донтоод, 800 сая төгрөгийн өрөнд орсон тухай ярьж байсан. Ийм жишээ захаас аван их. Амиа хорлосон тохиолдлууд ч багагүй байна.
Эхлээд өөрт байгаа бага сага мөнгөөр тоглоно. Цалингийнхаа тодорхой хувиар тоглоно. Алдаад шаралхахдаа найз нөхөд, ойр хавийн хүмүүсээсээ зээлж тоглож эхэлнэ. Алдах тусам, тэр хэрээр буцааж авах гэж өр тавина. Ингэж явсаар хэдэн зуун сая хүрч төлж дийлэхгүйд хүрнэ. Эцэг, эх, ханьдаа хэлдэг нь ч байна. Хэлэхгүйгээр цаашилдаг нь ч байна. Хэлнэ гэдэг ухаарч буйн дохио. Гэвч дааж давшгүй өрөнд унасан хойноо хэлнэ. Бүр зарим нь төлж дийлэхгүй болонгуут амиа хорлодог гэх.
Зөвхөн 1xBet гэдэг апп иргэн, аж ахуйн нэгж, нийгэмд нөлөөтэй одод, youtuber-үүдэд жилд 1 сая ам.долларын сурталчилгаа байршуулдаг аж. Харин хариуд нь 1.7 их наяд буюу 500 сая ам.доллар авч оддог. Айл бүрд нэг архичин байдаг гэж ярьдаг байсан бол өдгөө айл бүрд нэг цахим мөрийтэй тоглоомчинтой болчихоод байна.
Иймээс ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох тухай хуулийн төслийг гуравдугаар сард өргөн барьсан. УИХ өнөөдөр Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ. Энэ хурдаараа явбал энэ хууль удахгүй батлагдах байх.
Энэ хууль батлагдсанаар цахим мөрийтэй тоглоомыг Монгол Улсад бүрэн хориглоно. Эрүү, Зөрчил, Зар сурталчилгаа, Зөвшөөрөл, тэр бүр хэл Банкны тухай хуульд өөрчлөлт орно. Цахим мөрийтэй тоглоомын аппликейшнууд гар утсанд татагдахаа болино. VPN хэрэглэж, агент буюу дундын зуучлал хийвэл Эрүүгийн хариуцлага хүлээнэ. ОХУ, БНФУ зэрэг улсуудад цахим мөрийтэй тоглоомын хориглосон шиг хориглолтууд хийгдэнэ. Монголоос гадаад руу гарах мөнгөн урсгал зогсоно. Инфляцид нөлөөлдөг байдал алга болно. Монголчуудын хөлс хүчээ зарцуулан олсон мөнгө эх оронд үлдэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.