Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх “элэгний” гэж алдаршсан, Ардын эмч Ж.Хатанбаатар тэргүүтэй хүмүүсийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсныг хянаад 48 цагийн хугацаагаар албадан саатуулах зөвшөөрөл олгосон байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх, сургалт семинар зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр байгуулсан “Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ж.Хатанбаатарыг гүйцэтгэх захирал Б.Батцэцэг, санхүү хариуцсан захирал Б.Бадамсэд, нягтлан бодогч, жолооч албан тушаалтай Г.О, Д.Э нартай хамт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Тэднийг “СОС Киндердорф интернэйшнл” олон улсын байгууллагын санхүүжилт болох олон тэрбум төгрөгийг завшсан хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн билээ.
Дээрх хүмүүсийг сэжигтнээр баривчлах саналыг 2025 оны тавдугаар сарын 20-ны 21.30 цагт НПГ-аас шүүхэд гаргасан аж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4-1.3 дахь заалтад “мөрдөгч, прокурор, шүүгч, хохирогч, гэрч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнийг дарамтлах, сүрдүүлэх, амь нас, эрүүл мэндэд нь халдах үндэслэл байгаа бол”, 31.4-1.4-т “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол”, 31.4-1.5-д “нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн бол сэжигтнийг баривчилна” гэж хуульчилсны дагуу хойшлуулшгүйгээр баривчлах санал прокуророос гаргасныг шүүгч танилцаад хуульд заасан үйл баримтууд тогтоогдсон гэж үзэн зөвшөөрөл олгосон юм байна.
Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулсан хугацаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 48 цагаас хэтэрч болохгүй бөгөөд Ж.Хатанбаатар, Б.Батцэцэг, Б.Бадамсэд, Г.О, Д.Э нарыг 2025 оны тавдугаар сарын 21-ний 09.00 цагаас эхлэн сэжигтнээр тооцон баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үргэлжлүүлэн хорьж шалгах шаардлагатай гэж үзвэл уг 48 цагийн хугацаа дуусахаас өмнө прокурорын байгууллагаас шүүхэд дахин хүсэлт гаргах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Baribchlan shalgah n zov