СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-23

П.Баттулга: Нүүдэлчин найзууддаа хамгийн том бэлэгтэй очдог хүн шүү дээ

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 цагийн өмнө

Хэдэн жилийн өмнөх дүр төрх, тухайн агшинд өрнөсөн үйл явдлыг хадгалан үлдэж, цаг хугацаагаар аялуулдаг үнэ цэнтэй зүйл бол яах аргагүй гэрэл зураг. Элсэн цаг шиг урсан өнгөрөх амьдралын буцашгүй хүрдэнд  яг л тухайн агшныг кадрт буулгаж, түүх бүтээдэг онцгой  мэргэжлийн эзэд бол гэрэл зурагчид билээ.

Энэ мэргэжлээр овоглож, дахин давтагдашгүй цаг хугацааны өнгө төрх хийгээд нүүдлийн соёлыг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд зүрх сэтгэлээ зориулж яваа  нэгэн бол “Зууны мэдээ” сонины энэ удаагийн ярилцлагын зочин бол П.Баттулга. Тэрээр энэ жил соёл урлагийн салбарын оны шилдгүүдийг  шалгаруулдаг “Мөнгөн мод” наадмын гэрэл зургийн шилдэг бүтээлийн эзэн болсон билээ.

Ийнхүү түүнтэй ярилцахаар гэрэл зургийн студийг нь зорьсон юм. Студид ороход гэрэл зурагчны ертөнц ийм байдаг болов уу гэмээр онцгой сэтгэгдэл төрж байлаа.

-Ярилцлагаа хоёулаа гэрэл зурагтай холбогдсон тэр цаг хугацаанаас эхэлье?

-1995 он. Сэтгүүлч мэргэжлээр сурдаг хоёрдугаар курсийн оюутан “Ардын эрх” сонинд анх ажилд орж байлаа. Энэ үеэс л би гэрэл зурагтай эргэлт буцалтгүй холбогдсон юм. Би сонинд ажиллаж байхдаа арван жил гэрэл зургийн сурвалжлагчаар ажилласан. Бас арван жилийн хугацаанд зураг авалгүйгээр сэтгүүлчээр ажиллажээ.

-Таны дарсан гэрэл зургуудад өв соёл, нүүдэлчдийн сонирхолтой ертөнц илүү буужээ.  Нүүдэлчин соёлыг харуулсан “Эгэл төсөл”-өө хэрхэн эхлүүлж байв?

-Би хотод төрсөн ч өвөө эмээгийндээ өссөн болохоор хөдөөгийн амьдралыг жаахан гадарлана. Тэгэхээр надад илүү ойр байсан гэсэн үг. 2019 оноос “Эгэл төсөл”-өө эхлүүлж нүүдлийн соёлыг гэрэл зурагт буулгах их ажилдаа орсон.

“Эгэл төсөл”-өө эхлүүлэхийн гол шалтгаан нь мартагдаж, гээгдэж, устах гээд буй уламжлал ахуй, тэр тусмаа  нүүдлийг соёлоо авч үлдэхийг хүссэн юм. Нүүдэлчид маань хөсөг, тэмээ, үхэр тэрэг, цааныхаа нуруунд гэрээ ачаад нүүдэллэж яваагаас гадна өв соёлоо давхар тээгээд явж байгаа хүмүүс шүү дээ.

Төслөө эхлүүлээд эхний 2-3 жил явсан замынхаа уртыг тооцож гаргадаг байлаа. Сүүлдээ миний туулсан зам хэмжээлшгүй их болсон доо. Жишээ нь, Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийнхан дээрээ 31-32 удаа очсон байна. Үхэр тэргээр өвлийн отор хийдэг өв соёл зөвхөн тэнд үлдсэн. Жилийн  дөрвөн улирлын хэзээд ч би тэнд зорьж очоод байгаагийн учир нь гэвэл очих бүртээ шинэ зүйл олж хардаг, мэддэг.

-Гэрэл зураг түүх өгүүлдэг гэдэг. Олон ч хүний амьдралын үнэт агшинг камертаа үүрч яваа та их баян хүн юм. Энэ хугацаанд нутаг бүрд олон найзуудтай болсон байх?

-Тэгэлгүй яах вэ. Би чинь нүүдэлчин найзууддаа хамгийн том бэлэгтэй очдог хүн шүү дээ. Хэчнээн хуруу зузаан хэвлэсэн  зургаа бариад л явдаг даа.

Миний нэг зарчим бол  нэг газраа хэд хэдэн удаа зорьж очихыг боддог. Ингэснээр хүмүүстэйгээ илүү найз болно, өмнө үзэж чадаагүй зан үйл, өв соёлоо таньж мэднэ. Энэ хугацаанд бүх аймгуудаар очсон байна. Бас 200 орчим суманд очжээ.

Нэг уулын ар өвөрт байгаа хүмүүсийн яриа хэллэг, цай чанах, цайгаа аягалаад барих соёл нь хүртэл ялгаатай. Боломжтой бол хөдөө судалгаа хийгээд зургаа дараад хүмүүстэй, найзалж нөхөрлөөд явах чинь жаргал шүү дээ.

Дархадуудын дунд 2-3 хоноход хэдэн үгтэй болоод түүнийгээ буруу, зөв хэлж инээлгээд л миний мэргэжлийн сайхан зүйл их. Манай баримтат зургийн том мастер талийгаач Ч.Батзориг маань хүнтэй их хурдан найзалж, нөхөрлөнө. Увсад очихоороо  аялгаар нь  яриад, Хэнтийд очихоороо буриадаар нь ярьчихна. Энэ хүн шиг байх гээд чадахгүй ч гэсэн дөхөх гээд л хичээж явна даа.

-Нутаг нутгийн нүүдлийн онцлогоос дурдахгүй юу?

-Би угсаатан зүй судлаач биш учраас газарзүйн онцлогоор нь арван өөр хэв шинжийн нүүдлийг сурвалжилсан байна. Баян-Өлгийн нүүдлийн онцлог нь ерөнхийдөө Увс, Ховдын өндөр уулын нүүдлийн хэв шинжтэй. Зам бартаа ихтэй, машин явах боломжгүй. Үхэр тэрэг байдаггүй. Нүүхдээ тэмээндээ нуруу ачна. Зам бартаатай учраас тэмээг тэргэнд  хөлөглөдөггүй. Мөн казах гэр  монгол гэрээс ялгаатай. Хүмүүс нь нүүдлийнхээ үеэр гоё хувцсаа өмсөнө. Нүүдэл нь нэг ёсны баяр болдог гэсэн үг.

Дархадуудын хувьд бол үхэртээ нуруу ачаад хооронд холбохгүйгээр мал дундаа тууж явдаг. Олон жилийн хугацаанд энэ хэв маягаар нүүгээд тогтчихсон. Үхэр нь хүртэл сурчихсан. Хавцал ихтэй учраас үхрээ хооронд холбодоггүй юм билээ.

-Энэ хугацаанд та нүүдэлчин соёлыг харуулсан олон зургийг дарсан байх даа?

-Би нэг ч зургаа устгаж чаддаггүй юм. Фокусгүй, муу зураг олон л байгаа байх. Гэхдээ 5-10 жилийн дараа эргээд үзэхэд одоо олж хараагүй өнцөг харагддаг. Ер нь сэдэвтэй болоод ирэхээр судалгаатай болдог. Урьдчилж мэдэх, судлах хэрэгтэй байдаг.

-Та өдөр тутмын сонинд 20 жил ажилласан. Нүүдэлчдийн соёлыг кадрт буулгаж явахад сэтгүүлч мэргэжил нь давуу тал болдог байх?

 -Тэгэлгүй яах вэ. Бичдэг байхын давуу тал их бий. Аль аймгийн ямар суманд хэнийх гэдэг айл ердийн хөсгөөрөө нүүж байна гэдгийг мэдэхийн тулд сурвалжлагчийн ажлаа хийнэ. 80 гарсан нүүдэл ахалж яваа буурайгаас юу асуух, хариултаас нь илүү юуг лавшруулж асуух вэ гэдгээ гадарлана шүү дээ.

-Нэг кадр буулгахын тулд багадаа хэчнээн хугацаа зарцуулдаг вэ. Хүссэн зургаа дараад зогсох агшин хамгийн сайхан байх?

-Би зураг аваад ханаж үзээгүй. Ер нь тэр мэдрэмж ховор байдаг. Энэ мэдрэмж надад ганцхан удаа тохиосон. Баян-Өлгий аймгийн Сагсай суманд Казахын нүүдлийн зураг авахдаа би анх удаа ер нь болчихлоо шүү гэж  бодогдсон. Бусад үед аппаратын батарей дуусах, гар даарах, харанхуй болох зэрэг өөрөөс шалтгаалахгүйгээр гадны нөхцөлөөс болж зургаа зогсоодог.

Харин Казахын нүүдлийн зураг авах үед цаг агаар тогтуун сайхан, харанхуй болох болоогүй байсан. Тэгээд би ер нь болчихлоо гээд зургаа зогсоож байсан. Ер нь энэ агшин ховор л доо. Тухайн авах гэж байгаа зургаа өмнө нь дотроо төсөөлөөд, зурж чадахгүй байсан ч цаасан дээр хар зураг буулгаад  түүнийгээ кадрт буулгах бол  уран бүтээлчийн өнгө аяс руу орж байгаа юм.

- Гэрэл зураг тайлбартай байх тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч, хүлээн авдаг хүмүүсийн дунд гэрэл зурагт тайлбар шаардлагагүй зургийг нь унших ёстой гэсэн өнцөг байдаг. Би түүнээс жаахан өөр бодолтой явдаг хүн. Тухайн зураг тайлбартай байж төгс гүйцэтгэл рүүгээ дөхнө. Зургийн түүх чухал. Түүхийг нь бичиж өгснөөр тухайн зураг амьтай болж эхэлнэ.

-Сүүлд “Монгол гэр бүл” үзэсгэлэнд таны бүтээл шилдгээр шалгарсан. Энэ үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлийнхээ тухай ярихгүй юу?

-Монгол гэр бүлийн онцлог нь өв соёл, нүүдэлчин ахуй, уламжлал дунд явдаг юм болов уу. Уламжлалаараа үе дамжаад ирсэн энэ үнэт зүйлээ тээгээд явж байгаа малчин түмэндээ илүү байдаг байх. Тиймээс орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхахын зэрэгцээ, монгол уламжлалаа авч үлдээсэй гэж боддог.

Цаатан нүүдлийн зургийг авахаар 2024 оны есдүгээр сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын баруун тайгын цаатан дээр очсон юм. Нүүх айлдаа очоод байж байтал модон өлгийтэй жаахан хүүхдийг урцны сургаанганаас уяатай байсан. Тэр айлын зээ нь. Тэнд  байгаа бүх л хүн эрхлүүлэх юм. Амин-үр нэртэй. Тэр дүр төрхийг хараад аппарат руугаа ухасхийхгүй байхын аргагүй болсон. Тэндээс  л төрсөн зураг даа.

 -Та нэг номын нээлтийн үеэр зураг бүрийн хувь заяа өөр гэж хэлж байсан. Энэ нь ямар утгатай юм бэ?

- Авсан сайн зураг бүрийн олонд хүрэх хүрэхгүй нь ялгаатай. Зураг бүр хүн шиг хувь заяа, олон түмэнд хүрэх цаг хугацааны тохироо нь байдаг гэж боддог.

-Таны студидэд пилонк харагдлаа. Та зураг угаахдаа ашигладаг юм уу?

 -Гэрэл зураг өндөр хөгжсөнд орнуудад пилонк эргээд дэлгэрч байгаа. Тиймээс пилонкоор угаадаг технологийг буцаагаад монголдоо нэвтрүүлэх гээд оролдож байна. Манайд пилонкоор зургаа угаадаг залуучууд бий. Гэхдээ дийлэнхдээ мартагдсан.

Пилонкны зураг хэдэн жил өнгөрсөн ч байж л байдаг. Аналоги технологи нь амьд мэдрэмжийг өгдгөөрөө онцлог. Пилонкоор зураг угаах нь гоё мэдрэмж өгдөг. Тиймээс өөрөө уран бүтээлээ пилонкоор хийхээс гадна студид зураг авхуулахаар ирсэн хүмүүст санал болгож байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд гэрэл зургийг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгон яваа хүний хувьд та өөрийгөө хэрхэн дүгнэдэг бол гэдгийг сонирхмоор байна?

-.Би яах вэ, явсан нохой яс зуухын үлгэрээр маш их материал цуглуулсан эгэл нэгэн зурагчин. Миний анхнаасаа сурсан арга барил нь гэрэл зургийн сурвалжилгач. Би юуг ч бэлдүүлдэггүй. Нүүдэл болж л байна. Тэр дундаас нь л зургаа авдаг. Ямар ч найруулга хийдэггүй. Гэхдээ надад нэг гэм байгааг сүүлийн үед өөрөөсөө олж харж байгаа. Энэ юу вэ гэхээр, сонины гэрэл зурагчнаар ажиллаж байхдаа нэг үйл явдал дээр очихдоо 1-2 кадрт хаана, хэзээ, юу болов гэсэн асуултад хариулах зургийг авахыг хичээдэг. Энэ нь дадал болчихсон. 2024 онд номонд оруулах зургаа сонгох үеэр зургийн маань 50-иас илүү хувь нэг кадрт бүх агуулгаа оруулаад деталийг нь орхичихсон байсан.

Бас уран бүтээл настай холбоотой гэдэг үзэл ойлголт урлагийнханд байдаг. Нас уран бүтээлд зайлшгүй холбоотой гэдэг нь мэдрэгддэг юм байна. Өмнө сэтгэлийн хөдөлгөөнөөр зурагтаа ханддаг байсан бол одоо илүү бодож тунгааж, үнэлж, дүгнэдэг болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, П.АМГАЛАНБАЯР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.