СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-05-22

Монголын шатрын түүхийг шинээр бичсэн Азийн дэд аварга Б.Мөнгөнзул

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 цагийн өмнө

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор олон улсын шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзулыг урилаа.

-Монгол шатарчдын түүхийг шинээр бичиж, анхны Азийн дэд аварга болсонд баяр хүргэе. Тэмцээний үйл явц хэрхэн өрнөв?

-Баярлалаа. Би энэ жил насанд хүрэгчдийн Азийн аваргад анх удаагаа оролцлоо. Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан болохоор тэмцээний бүх зардлыг цаанаас нь дааж баг, тамирчид хамтдаа явсан. Тэмцээний хувьд өнгөрсөн жилтэй харьцуулахад ширүүн өрсөлдөөнтэй, чансаа өндөр 105 орчим шатарчин оролцлоо. Миний хувьд 22-д эрэмбэлэгдэж байсан. Нийт есөн өрөг тоглож, зургаа хожиж, хоёр тэнцэж, сүүлийн өрөгтөө хожигдож хоёрдугаар байр эзэллээ.

Тэмцээн эхлээд хоёрдугаар өргөөс өөрийгөө дажгүй үзүүлэлттэй, байрлалаа сайн үнэлээд явж байгаагаа мэдэж өөртөө итгэлтэй болсон. Сайн формтой байгаа энэ үедээ өөрийгөө дайчилж, сэтгэл хөдлөлөө удирдаж чадсан нь амжилт үзүүлэхэд нөлөөлсөн гэж бодож байна.

-Оюуны спорт хүчний спортоос дутахааргүй их энерги зарцуулдаг гэдэг. Тэгвэл Б.Мөнгөнзулын тоглолтын онцлог, өөртөө давуу байдал үүсгэх тактик гэж байдаг уу?

-Бид өдөрт нэг өрөг тоглож байсан бөгөөд миний тоглолтууд дөрвөөс таван цаг үргэлжилсэн. Өглөө босоод цайгаа ууж, хоолондоо орчхоод багштайгаа холбогдож, өрсөлдөгчөө судална. Өөрийнхөө давуу талаар айлын сул тал дээр хэрхэн ажиллах уу гэдгийг тооцоолно. Тоглолт дуусаад гарч ирсний дараа их өлсөж, биеийн хүчний дасгал хийсэн мэт калори шатаадаг. Олон цаг суусан болохоор алхаж энергиэ нөхөхөөс гадна амттан иддэг. Бас ус сайн ууж, мах сайн идэх хэрэгтэй.

Би ихэвчлэн айлын цаг дээр өөрийнхөө байрлалыг тодорхой хэмжээнд үнэлчхээд босоод явчихдаг. Ингэж өөрийгөө тайвшруулж, бусад хүмүүсийг харах зэргээр тоглох нь надад тохирдог. Хүмүүс үүнийг өөртөө бардам байна гэж харах нь бий. Энэ нь миний хувьд өөртөө итгэлтэй байгаагаа өрсөлдөгчдөө харуулж, сэтгэл зүйн нөлөө үзүүлэх нэг талын тактик гэж болно. Мөн өрсөлдөгчөө нүүхэд эсвэл өөрөө нүүчхээд хардаг зуршилтай. Өрсөлдөгчийнхөө хариу үйлдлийг ажиглах, шинжих байдлыг өөрийн мэдэлгүй гаргачихдаг.

-Энэ их амжилтын үндэс суурь хэзээнээс эхлэлтэй вэ. Төдийгөөс өдий хүртэл тууштай хичээллэхэд юу нөлөөлсөн гэж бодож байна?

-Би шатар гэх гайхалтай спорттой холбогдоод 15 жил болжээ. Энэ хугацаанд дотоод, гадаадын олон тэмцээнд оролцож Монгол Улсынхаа төрийн далбааг дэлхийн тавцанд цөөнгүй мандуулсан байна.

Таван настайдаа анх н.Энхжаргал багштайгаа учирч, цэцэрлэгийн найзтайгаа шатар сонирхож сургалтад явж эхэлсэн. Харин зуны амралтаараа ахтайгаа хамтдаа хичээллэсэн нь энэ спортод дурлахад нөлөөлсөн гэж боддог. Учир нь ахыгаа хожиж, өрсөлдөж байгаа нь таалагдсан. Бас гэртээ ирээд аавтайгаа тоглох зэргээр бага насныхаа сайхан дурсамжуудын нэгээхэн хэсгийг бүтээдэг байжээ.

Шатар тоглож эхлээд удалгүй аймгийн аварга болж, цаашлаад улсын аваргад өрсөлдөх гээд олон тэмцээнүүдэд оролцож түүнээсээ медаль хүртэж, амжилт гаргаж байгаа нь энэ хүртэл явах урам зоригийг бадраасан.

-Оролцсон тэмцээн, гаргасан амжилт бүр өөрийн гэсэн түүхтэй байх. Тэр дундаас онцолж нэгийг хуваалцаач гэвэл?

-Цэцэрлэгт байхдаа нэг тэмцээнд орсон юм. Тэмцээний үеэр дурсгалын бэлгүүдийг хартал дотор нь нэг барби байв. Тэгээд “Сайн тоглоод энийг авна даа” гэж бодоод хамгийн сайнаараа хичээгээд алтан медаль авсан боловч надад бамбарууш өгчихсөн. Цаанаас нь өгч байгаа болохоор “баярлалаа” гээд л авсан. Уг нь би барби авмаар байсан юм.

Дараа нь найман настайдаа өсвөрийн улсын аваргаас мөнгөн медаль хүртээд анхны Азийн аваргаа зорьсон. Ингэхдээ гэр бүлийнхнээсээ тусдаа анх удаа гадаад явж байсан болохоор жаахан хэцүү байсан ч амжилттай оролцоод мөнгөн медаль авч байлаа. Ийнхүү дэлхийн аваргад оролцох эрхээ авч тэр тэмцээнд аавтайгаа хамт явсан.

Хамгийн сонирхолтой нь тэр жилээ улс, тив, дэлхийн аваргаас дараалан мөнгөн медаль авсан. Гэтэл хүмүүс “Мөнгөнзул гэдэг нэртэй болохоор мөнгөн медаль хүртээд байгаа юм биш үү. Нэрээ Алтанзул болговол яасан юм” гээд Алтанзул гэж дуудаад байдаг байсан. Гэхдээ би ес, арван насандаа хоёр жил дараалан өсвөрийн улсын аварга болж нэртэй холбоогүй гэдгийг харуулсан. Би өөрийнхөө нэрэнд дуртай.

-Тэмцээн болж буй улсын онцлог тухайн тэмцээний үйл явц, бүтээх дурсамжид нөлөөлдөг үү?

-Олон улсын тэмцээнд ороход амрах тав тухтай орчин, хоол хүнс чухал байдаг. Тухайн хүнд идэж чаддаг, чаддаггүй хоол гэж бий. Хоол таарахгүй бол энергиэ нөхөж чадахгүй. Гэхдээ тухайн улс, үндэстний онцлогоос хамаараад ялгаатай. Надад хамгийн тааламжтай, дуртай хоолнуудаа идэж чадсан нь Узбекстан улс байсан. Тэр тэмцээндээ ч сайн үзүүлэлттэй оролцож, өсвөрийн Азийн аваргын хоёр алт, нэг мөнгөн медальтай ирсэн. Мөн далайн эрэг дээр болдог тэмцээнүүдэд их сайхан дурсамж бүтээсэн байна. Үүнээс гадна очсон улсуудынхаа амьтны хүрээлэнг үзэх дуртай.

Анх Энэтхэг явахад хоол нь тохирохгүй байхаас гадна хүмүүсийнх нь амьдрал хэцүү, сэтгэл эмзэглүүлсэн. Тэмцээн дуусаад эх орондоо ирэхэд ямар азаар Монголдоо төрсөн юм бэ гэх бодол төрсөн.

Энэтхэгт буугаад буудал руу явах тэр хэсэгхэн хугацаанд жаахан хүүхдүүд цонх тогшиж гуйлга гуйж байгааг харах хэцүү байж билээ. Харин сүүлд явахад өмнөх явдал давтагдах вий гэж эмээж байсан ч гоё яваад ирсэн. Ихэнх очсон улсуудын агаар бөгчим байдаг болохоор эх орондоо ирээд цээж дүүрэн амьсгалах хамгийн сайхан.

-Ярилцлагын эхэнд энэ жил шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан учраас зардлыг бүрэн даалаа гэсэн. Үүнээс өмнөх тэмцээнүүдэд хувийн зардлаар явдаг байсан уу? 

-Би эхээс зургуулаа. Айлын дунд охин. Манайх өнөр өтгөн гэр бүл. Тиймээс аав ээж минь бүх анхаарал, халамжаа надад хандуулна гэдэг боломжгүй. Гэхдээ өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөр намайг Ази, дэлхийн аваргад явуулдаг байсан сэтгэлийг нь том болох тусмаа ойлгож, хайрлах сэтгэл төрж байна.

Багадаа гоё тэмцээнд явж байна гээд баярладаг байсан бол одоо тэр зардлыг олохын тулд ямар их хичээл зүтгэл, хөдөлмөр шингэснийг ойлгож илүү хариуцлагатай байх ёстойгоо мэдэрдэг. Чөлөөт цагаараа дүү нартайгаа цагийг өнгөрүүлж, муу тоглосон өргөө мартахын тулд анимэ үзэх дуртай. Бас ууланд алхдаг. Харин хотод ирснээс хойш өөртөө илүү цагийг зарцуулж байна.

Өмнө нь улсын аваргад эхний гурван байрт орвол тив, дэлхийн тэмцээнд оролцох байр, хоолны мөнгийг улсаас даадаг байсан. Тиймээс нээлттэй бусад тэмцээнд оролцдоггүй байлаа. н.Баттулга багш маань тэр зардлыг олох гэж их хөөцөлддөг байсан. Гэвч бүтэх үе нь ховор. Бүтсэн ч бүтэн олдохгүй үе байна. Зардлын асуудлаас болоод олон улсын тэмцээнд амжилт гаргах магадлалтай байсан хүүхдүүд боломжоо алдах тохиолдол бий.

Миний ажиглаж байгаагаар Казакстан улсын шатарчид улс болон шатрын холбооны дэмжлэг сайтай болохоор хүчтэй өрсөлдөгч болж, хүч түрэн орж ирж байна. Баг бүрэлдэхүүнийг ажиглахад залуу тамирчид олонтой санагдсан. Манай улс үүнтэй адил нийтээрээ дэмжээд сайн ажиллавал өсөж яваа өсвөрийн тамирчид илүү хурдан амжилт үзүүлэхэд нөлөөлөх болов уу. Энэ жил үндэсний шигшээ багийн шалгаруулалт болж, тэнцсэн. Үүний хүрээнд гурваас дөрвөн тэмцээнд оролцох зардлыг улсаас гаргаж байгаа тул энэ боломжоо сайн ашиглах бодолтой байна.

-Энэ удаагийн тэмцээнээс “Дэлхийн цом”-д оролцох эрхээ авсан. Б.Мөнгөнзулын хувьд энэ жил том зорилгуудыг тавьсан байгаа бололтой?

-Би Герман явах төлөвлөгөөтэй байсан боловч тодорхой шалтгааны улмаас болиод МУИС-даа хэрэглээний математик хөтөлбөрөөр элссэн. Их сургууль гэдэг арван жилээс их өөр. Бэлтгэлээ, хичээл сургуультайгаа хослуулаад хажуугаар нь тэмцээнд явна гэхээр ойлгох, ойлгохгүй хүмүүс байдаг. Тэр дунд нэг багш надад “Чи шатраар явах байсан юм бол яах гэж энэ сургуульд орж ирсэн юм. Чи сурвал сурсан шиг сурах хэрэгтэй” гэж байсан. Энэ үг нь надад их үнэн санагдсан. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэдэг шүү дээ.

Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, удаан бодсоны эцэст сургуулиасаа нэг жилийн чөлөө аваад энэ хугацаанд шатардаа бүх зүйлээ зориулахаар зорьсон байна. Мэдээж сургуулиа төгсөнө. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөнө. Дараа дараагийн тэмцээнүүддээ амжилттай оролцож, энэ жилдээ их мастерын болзол хангах зорилго тавьсан байна.

Шатар бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Хамгийн сайн хийж чаддаг зүйл маань.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, П.ЛХАГВАЖАРГАЛ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.