"Гуравдугаар сарын 26-ны өдөр Ухаа худгийн орд газрыг эзэмшиж буй Энержи Ресурс ХХК 350 сая ам.долларын өрийн бичиг босгосон байна. Товчхондоо, Ухаа худгийн 34 хувиа авбал ав, гэхдээ 150 сая ам.доллартой тэнцэх үүрэг ноогдоно шүү гэсэн утга уншигдаж байна. УИХ үүнийг яагаад хэлэлцүүлэхгүй удсанд гайхаж байна" гэж УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хэллээ.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:
-Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуульд өнгөрсөн даваа гарагт зохих өөрчлөлтийг хийж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн барихаар боллоо. Хуулийн үйлчлэлд хамаарах субъектүүдийг төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэх байдлаар өөрчилсөн. Мөн, иргэний журмаар маргаан явах зохицуулалттай. 2002 оноос хойш хуулийн хэрэгжилт үйлчилнэ. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад өршөөгдсөн хүмүүс байна. Шүүхээр ороод ял авсан мөртлөө хөрөнгөө хураалгаагүй хүмүүс байна. Хөрөнгөө тайлбарлаж чадахгүй хүмүүс ч байна. Эдгээр хөрөнгүүдийг иргэний шүүхийн журмаар хураая гэж байгаа. Ял шийтгэхгүй, хөрөнгийг нь хураана. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хууль ашиглаж болдоггүй. Тийм учраас хугацаа дууссан гээд санаа амар яваад байгаа. Өнөөдөр үйлчилж байгаа хуулиар арван жилийн өмнө, 20 жилийн өмнөх асуудлаар хөрөнгө хураах ямар ч боломж байхгүй. Иймд энэ хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх нь зөв гэж үзсэн.
Ухаа худагтай холбоотой асуудлыг өмнө нь ярьсан. Энэ асуудлаар Засгийн газар ажлын хэсэг гаргасан. Бид санал дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн, хэлэлцэхгүй байсан. Тавдугаар сарын 8-нд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдлаа. Түүх харвал Тавантолгой, Ухаа худаг ярьсан олон улс төрч байдаг ч Засгийн газрын түвшинд санал дүгнэлт гаргасан анхны тохиолдол. УИХ-ын түвшинд ч анхны ажлын хэсэг байгуулагдаж байгаа анхны тохиолдол. Гэтэл гуравдугаар сарын 26-ны өдөр Ухаа худгийн орд газрыг эзэмшиж буй Энержи Ресурс ХХК 350 сая ам.долларын өрийн бичиг босгосон байна. Товчхондоо, Ухаа худгийн 34 хувиа авбал ав, гэхдээ 150 сая ам.доллартой тэнцэх үүрэг ноогдоно шүү гэсэн утга уншигдаж байна. УИХ үүнийг яагаад хэлэлцүүлэхгүй удсанд гайхаж байна. УИХ дээр ажлын хэсэг дөнгөж байгуулагдсаны дараа хамтарсан Засгийн газар байх нь зөв үү, үгүй юу гэдэг асуудал ч сөхөгдөж байна. Ухаа худгийн үйл явдалтай зэрэгцээд л бусад улс төрийн үйл явдал өрнөж байгааг нэлээдгүй анхааралтай ажиглаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.