Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн багийн ахлагч, Ардын эмч Ж.Хатанбаатарыг баривчлахаар АТГ-ынхан түүний гэр, албан өрөөнд очсон. Ж.Хатанбаатар нь нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, эмийн үйлдвэрийг нурааж, “Хатанбаатар” эмнэлгийг нийслэлийн өмчид шилжүүлж авсан үйл явцыг шүүмжилсэн учраас ингэж шалгаж эхэллээ гэсэн утгатай мэдээлэл өнөөдөр зарим цахим мэдээллийн хэрэгсэлд төлбөртэй нийтлүүлсэн юм.
Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Ж.Хатанбаатарыг олон улсын СОС хүүхдийн хотхоны хөрөнгөөс завшсан хэрэгт холбогдуулан шалгахын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох ажиллагааг явуулсан аж. Монгол Улсын Засгийн газар, Австрийн Инксрук хотод төвтэй “СОС Киндердорф интернэйшнл” олон улсын байгууллагын хооронд 1998 оны долоодугаар сарын 24-нд “СОС хүүхдийн хотхон” байгуулахтай холбогдсон төслүүд хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Тухайн үеийн Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ц.Элбэгдорж, хүүхдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг олон улсын дээрх байгууллагын тэргүүн Хельмут Кутин нарын баталгаажуулсан уг гэрээний дагуу СОС хүүхдийн тосгоныг дэмжихэд чиглэсэн ажил хийхээр болсон түүхтэй.
Тэгвэл хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх, сургалт семинар зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр “Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг” НҮТББ-ыг 1998 оны арваннэгдүгээр сард байгуулж, өдгөө ч түүний Удирдах зөвлөлийн даргаар нь Ж.Хатанбаатар ажилласаар буй юм. Ингэж ажиллах явцдаа гүйцэтгэх захирал Б.Батцэцэг, санхүү хариуцсан захирал Ц.Бадамсэд нартай хамтран “СОС Киндердорф интернэйшнл” олон улсын байгууллагын санхүүжилтийг зарцуулахдаа хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах замаар их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй гэх гомдол ирсний дагуу мөрдөн шалгаж эхэлсэн гэнэ.
Ж.Хатанбаатарыг өмнө нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын Удирдах зөвлөлийн даргын албан тушаалтай нь холбогдуулж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байсан ч хэргийг нь прокуророос хэрэгсэхгүй болгож байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.