УИХ-ын нэгдсэн чуулганаар 2026 оны хөгжлийн төлөвлөгөө хэлэлцэж буй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс байр суурийг нь хүргэж байна.
Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр:
-Гол зорилго нь эдийн засгийн реформ хийж бизнесийн орчныг эрүүл болгох юм. Энэ хүрээнд зөвшөөрлийн хууль, шүүхийн процесс гээд олон асуудал шийднэ. Ирэх онд бизнес хийхэд ээлтэй хялбар, дарамтгүй болно гэж тодорхойлж байна.
Хоёрдугаарт, Бүсчилсэн хөгжлийн бодлогыг түлхүү явуулна. 14 мега төслийн 5 нь хөдөлсөн бол үлдсэн хугацаанд тавыг нь хөдөлгөнө. Хөрсөн дээрээ 300 ажлыг хийхээр хөгжлийн төлөвлөгөөнд өргөн барьсан. Ер нь бол Засгийн газарт цугларсан 900 гаруй ажлын санал бий. 600-г нь төлөвлөгөөнд тусгалгүйгээр үргэлжлүүлээд хий гэх чиглэл яамдуудад өгч, үлдсэн 300-г улсын төсвөөс санхүүжүүлнэ л гэсэн үг.
Ирэх 2026 оны "Боловсролын жил" болгон зарлаж байна. 100 гаруй сургуулийн барилгыг дуусгаж хүртээмжгүй байдлыг алга болгоно, 90 гаруй цэцэрлэгийг барих, дээд боловсролын байгууллагын 30 хувийг олон улсын түвшинд гаргах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
-Эрдэнэбүрэнгийн УЦС-аас гадна 2-3 төслийг улсын төсвөөс гаргахаар болжээ?
-Зургаадугаар сард УЦС-аа нээнэ. Төсөв нь шийдэгдсэн. Барилга бүтээн байгуулалтын ажлаа энэ зун эрчимжүүлнэ. Баян дээр цахилгаан станц барьж эхлүүлж байна. Төгрөг нуурын цахилгаан станцын төслийг үргэлжлүүлээд явах ёстой. Мөн сэргээгдэх эрчим хүчний тархмалууд дээр тодорхой либералчлал хийнэ. Цементийн жижиг үйлдвэрийг өөрийн эрчим хүчээр хангая гэсэн санал олон байгаа тул үйл хэрэг эрхлэх эрхийг ААН-үүдэд олгоод явъя. Зөвшөөрлийг нь өгөөд явъя. Арван мянган айлыг нарны эрчим хүчээр хангах төсөл бэлтгэл ажлаа хийж байна.
-Мегс төслүүдийг эрэмбэлэх хэрэгтэй юм биш үү гэх санал зарим гишүүдээс гарч байна?
-Эрэмбэлчихсэн. Хил холболт нэгдүгээрт, эрчим хүчний төслүүд дараа нь орно. Гуравдугаарт, усны төслүүдийг /говь руу ус татах/ хэрэгжүүлнэ. Дараа нь үйлдвэржилтийн /нүүрс, хими, гангийн үйлдвэрүүд/ төслүүдээ хэрэгжүүлнэ.
-Гадаадын банк оруулж ирэх асуудал бас яригдаж эхэллээ. Мега төслүүд ажил хэрэг болсны дараа хэрэгжүүлэх гээд байна уу?
-Гадаадын банк оруулж ирэх ажлыг нээлттэй болгож байгаа. Монголбанк ажил хэрэгчээр хандаж, урилга заллагаа өгөх хэрэгтэй. Аль банк вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Валютын хөрөнгө оруулалт хийдэг орчинг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар ажиллаж байна. Банк санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгохгүйгээр мега төслүүд хэрэгжихгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.