УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд мэдээлэл өгөөд гарч ирсний дараа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
Хотын дарга Х.Нямбаатар:
-"Авлига" хорооллыг албадан буулгах НЗД-ийн захирамжийг түдгэлзүүлсэн байгаа. Улсын комисс хүлээн авахгүй шүү, эрхзүйн маргаантай байгаа гээд доошоо холбогдох албаныханд чиглэл өгсөн. Хэрвээ НЗД-ын албадан нураах шийдвэр зөв гэж үзвэл хэрэгжүүлнэ. Ус, дулаанаар хангахгүй гэх бичгээ өгсөн. Эрчим хүчний яам дулаан, тогоор хангах техникийн нөхцлийг хангадаг.
-ОХУ-ын эзэмшилтэй газарт байх барилгыг албадан нураасан явдал боллоо. Гурван шатны шүүхийн шийдвэр гараагүй байсан гээд байгаа шүү дээ?
-Газар эзэмших эрхгүй байсан. Өмнө нь хүний газар дээр давхардуулаад зөвшөөрөл олгосон байсныг гурван шатны шүүхээр шийдээд хүчингүй болгоод, асуудал нь аль хэдийнэ дууссан байсан шүү дээ. Хоёрдугаарт, эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс. Их бяртай хүмүүс байна лээ. Өдөрт нь шүүхийн бичиг ирүүлж байна. Би тэр бичиг явуулсан шүүгчийн талаар Шүүхийн сахилгын хороонд бичиг явуулах гэж байна. Шүүгч захирамж гаргаж болно. Тэрнээс бус шүүгч "Наад ажиллагаагаа түр зогсоо" гэх бичиг явуулж болохгүй. Шүүхэд их том ар талтай хүмүүс байна гэж ойлгосон. Гуравдугаарт, залилан хийсэн үйлдлийг шалгуулахад 2025 он гарснаас хойш гурван удаа хэргийг хэрэгсэхгүй болгох санал дээш гаргасан байна лээ.
Ер нь бол энэ их олон жилийн сүлбэлдсэн зүйлтэй тэмцэхэд амар биш байна. ТҮЦ-тэй холбоотой том асуудал, автомашины ченжийн асуудал, өнгөрсөн хугацаанд алдагдсан Уртцагааныг буцаан олж авлаа. Мөн эмийн үйлдвэрүүд, Халдвартын больниц, "Элэгний" Хатанбаатарын эмнэлгийг буцаан авлаа. Сарны титэм, Нарны титэм нийслэлийн эзэмшлээс алдагдсан байсныг мөн буцаан авсан. Би өөрөө хүний эрх зөрчсөн бол шүүх хууль хяналт гаргах ёстой.
Хүний газар дээр байшин барих нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл мөн. Мөн зөвшөөрөлгүй газар дээр байшин барих нь ч хууль бус. Албадан буулгах шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх гаргана. Үндсэн хуулиар би Засаг захиргааны нэгжийн тухай хууль болон Нийслэлийн эрхзүйн байдлын хуулиар захиргааны хэргийн шийдвэр гаргах эрхтэй албан тушаалтан.
-Нийслэлийн газар нутаг дээр хууль бус барилга бариад зардаг асуудлыг цаашид хэрхэх вэ?
-Нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан, улсын комисс аваагүй 233 барилга байна. Засгийн газар шийдвэрлэж өг гэх бичгээ өгсөн. Барилгын яам тогтоолын төсөл болгож оруулж ирэх байх гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.