УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийж байгаа билээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Г.Хосбаяр:
-Шинэ "Хархорин", "Хүннү" хотыг бүтээн босгоно гэж шийдвэр гаргах төвшинд ярьж байгаа. 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд энэ хоёр хот руу чиглэсэн бодлогын ямар арга хэмжээ авч ямар хөрөнгө оруулалт хийгдэх вэ? Хувийн аж ахуйн нэгж, иргэд сонирхож байгаа шүү дээ. Ер нь хот хөдөөгийн хөрөнгө оруулалтын зөрүү их болсон шүү дээ. Нийслэл хотын дагуул хотуудад л хөрөнгө оруулалт хийгдэх тухай яриад байхаас хөдөө орон нутагт хийхгүй байна. Энэ хэрээр төв рүү чиглэсэн нягтаршил нэмэгдээд, орон нутаг сийрэгжээд байна шүү дээ.
Мөн Хөшигтийн хөндийн Багахангайгаас чиглэсэн төмөр зам барьж байгаа. Энэ жилийн 10-р сард ашиглалтад орно гэх юм. Хөрөнгө оруулалт нь хаанаас гарч байгаа вэ? Манай улсад сүүлийн жилүүдэд төмөр зам барих болохоор мөнгө олдоод цахилгаан дулаан гэх мэт маш чухал салбарт мөнгө олдохгүй гэх юм. Арван аймгийн дулааны станцыг ашиглалтад оруулаагүй байж хүү төлөөд явж байх жишээтэй.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг удахгүй УИХ-д оруулж ирж хэлэлцүүлэх юм байна. Ямар бодлогын дорвитой өөрчлөлт хийх юэ. Монголчууд 22 их наяд төгрөгийн хадгаламжтай байна гэсэн мэдээ авсан. Хувь хүмүүс болон хувийн хэвшилд ийм их боломж байхад "Хархорин", "Хүннү" хотын бүтээн байгуулалтад оролцуулж ашигламаар байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр:
-Хархорин хотыг бүтээн босгоно. Ямар хот байх бодлогын асуудал яригдаж байгаа. Эдийн засгийн чөлөөт бүс байх уу, аялал жуулчлалын онцгой бүс байх уу гэх мэтээ шийдсэний дараа хувийн хэвшлийг татан оролцуулна. Концепцээ эхлээд тодорхой болгоно гэсэн үг. Ер нь бол эрчим хүч, дулаан, цэвэрлэх байгууламжийн салбарыг хувийн хэвшлээр хийлгэнэ. Ерөнхий төлөвлөлтөө хийсэн олон улсын нисэх буудлын асуудал байна. Манайхан хувийн хэвшилд ийм боломж байхад төсвийн хөрөнгөөр хийнэ гээд дайраад байдаг. Тэгэхээр л захаас нь дунд төвшний мэргэжилтнүүд "хазчих" гээд оролдоод байдаг. Энэ алдааг Хархорин, Хүннү хотод давтмааргүй байна. Хархорин хот ирээдүйд ногоон хот болох учраас моджуулж, ойжуулах ажлаа хийгээд явж байна.
Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай:
-2026 онд нийслэлийн дагуул хотуудтай холбогдолтой гурван төсөл арга хэмжээ улсын төсөвт суусан. Нэгдүгээрт, Налайхын үйлдвэр технологийн паркын дэд бүтцийн ажлыг үргэлжлүүлэх, хоёрдугаарт, тархмал дулааны эх үүсвэр дээр Хүннү хотод гүний дулаанаар шийдэх ажил, гуравдугаарт, Багануур үйлдвэр технологийн паркын цахилгаан хангамжийн үндсэн дэд станцыг барих ажлууд юм.
Хүннү хотод сэргээгдэх эрчим хүчээр цахилгааныг шийдэхээр төв хувийн түншлэлээр хэрэгжүүлэх гээд ТЭЗҮ хийгдэж байна. Гүний дулаан, цахилгааны шугам хоолой, цэвэр усны байгууламж, шугам хоолой гэх мэт 7 төрлийн инженерийн дэд бүтцийн ажил энэ жил 70 хувь нь хийгдсэн.
Зам тээврийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Батбаяр:
-Хөшигийн хөндий-Багахангай чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг МТЗ компаниийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ч санхүүжилт хүрэлцэхгүй байгаа тул зээл тусламж, Хөгжлийн банкны зээл гэх мэтээс шийдвэрлэхээр ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.