СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-05-15

“Бүс ба зам” санаачилга: Хятад улсын дотоод хийгээд олон улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 цагийн өмнө

“Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны Төвийн тэргүүн, хятад судлаач, Боловсролын ухааны доктор (Ph.D)  Т.Чулуун-Эрдэнэ

/Chuluunerdene.t@gmail.com/

Энэ 2025 онд дэлхийн эдийн засаг 2008 оны олон улсын санхүүгийн хямралаас хойших хамгийн ноцтой, хүнд шалгуурыг даван туулах болоод байна. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп дөрөвдүгээр сарын эхээр худалдааны бараг бүх түнш орнууддаа импортын татвар нэмэхээ зарлаж, татварын дундаж өсөлт сүүлийн 100 жилд тохиож байгаагүй хамгийн өндөр түвшинд хүрэв. Өндөр татварт онилогдох гол улс нь мэдээж Хятад.

Энэ удаад Хятад улсад 125-145 хүртэл хувийн татвар оногдуулсан бол Хятад улс хариу арга хэмжээ болгон өнөөдрийн байдлаар эргүүлэн татвараа 125 хувьд хүргэж, газрын ховор элементийн экспортыг хязгаарлах зэргээр хариу хүнд цохилтууд үзүүлээд байгаа билээ. (АНУ-ын гол уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалт Хятадаас 60 хувь хамааралтай). Цаашид Хятад, Америкийн худалдааны дайн улам хурцдаж, сунжрах хандлагатай боллоо.

Трампын энэхүү өндөр татвар, “ижил татварын бодлого” -ыг дэлхийн улс орнууд төдийгүй Америк дотроо ихээхэн эсэргүүцэж, ОУВС “дэлхийн эдийн засагт хандсан хамгийн том сөрөг дайралт” гэж нэрлээд буй. Тус сангийн таамаглалаар энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт урьдын таамаглаж байсан 3.3-2.8 хувь хүрч, харин АНУ-ын өөрийн эдийн засгийн өсөлтийн хурд 0.9 нэгжээр буюу 1.8 хувь хүртэл унах юм.

Цөөн жишээ дурдахад, Америкийн бага орлоготой гэр бүл татвараас болж цаашид жил бүр 980 ам.долларын илүү зарлага гаргах, хувцасны үнэ даруй 17 хувиар өсөх, барилгын материалын өртөг 9200 ам.доллароор нэмэгдэж, шинэ орон сууцны үнэ тэнгэрт хадах болоод байна. Түүнчлэн . Бас дэлхийн жижиглэн худалдааны Волмарт сүлжээ компани тавдугаар сар гэхэд хоосон лангуу, үнийн өсөлттэй тулгарна гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Photo illustration by Cristiana Couceiro, https://www.newyorker.com

Хятадын Америк руу гаргах экспортын барааны захиалга 30-60 хувь хүртэл унаж, дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээ алдагдахад хүрсэн. Мөн Америкийн автомашины үйлдвэрлэл газрын ховор элемент хомсдолоос болж саатах, Тесла автомашины батарейн нийлүүлэлт хүнд цохилтод орох гээд АНУ-ын дотоодод олон сөрөг үр дагавар авчрав.

Харин дэлхийн хэмжээнд юуны өмнө нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдаж, бүтээгдэхүүний өртөг нэмэгдэх, цаашлаад олон улсын эдийн засгийн олон талт тогтолцоо задарч, бүс нутгийн хамтын ажиллагаа улам нягтарч, технологийн хүйтэн дайн улам ширүүсэж, валютын ноёрхлын төлөө тэмцэл хурцдах гээд олон сорилт бий болов.

Монгол Улсын хувьд бид Хятадаас эдийн засгийн хувьд өндөр хамааралтай оршдог, Америк, Хятадын худалдааны дайн, татварын дайн мэдээж сөрөг нөлөө үзүүлнэ. Дэлхий нийтээр ам.долларын ханш чангарч, энэ нь манай улсад шууд нөлөөлж байгааг бид амьдрал дээрээ мэдэрч л байна.

Тэгвэл дэлхийн геополитик хийгээд гео эдийн засгийн энэ ширүүн нөхцөл байдал доор Хятад улс “бүс ба зам” зэрэг санаачилгаар дамжуулан, бүс нутгийн харилцаа холбоо, олон талт хамтын ажиллагааны механизмаа бэхжүүлж, түншлэлийн харилцаагаа улам тэлж, Америкийн өндөр татварын сөрөг үр дагаврыг бууруулах бодлого баримталж байна.

Өнөөдрийн байдлаар “бүс ба зам”-д дэлхийн 150 гаруй улс орон хамрагдаж, Хятадын засгийн газар ойролцоогоор дөрвөн их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийж, зам дагуух улс орнуудтай хийсэн бараа, худалдааны нийт хэмжээ 15 их наяд ам.долларт хүрч, цар хүрээ улам тэлэв. Хятад улс Трампын эхний бүрэн эрхийн хугацааны үеэс хойш “бүс ба зам” зэрэг санаачилгаар дамжуулж, зам дагуух улс орнуудтай худалдаа хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн, экспортыг Европ, АСЕАН болон дэлхийн “өмнөдийн улс орнууд” руу илүүтэй чиглүүлэх болсон. 

Хятад улс 34 улс орон, бүс нутагт чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд татварын бодлого хэрэгжүүлж, 43 хөгжил буурай улсад тэг татварын бодлого авч, бүс нутгийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд хуваарилалт, зохицуулалт хийв

Тэгвэл Америкийн өндөр татвараас зайлсхийх, мөн уламжлалт далайн тээврийн өртөг нэмэгдэж байгаа асуудлыг шийдэхэд Хятад-Европын ачаа тээвэр гол үүрэг гүйцэтгэдэг. Хятад-Европын ачаа тээвэр 2017 онд нийт 15 улс орон, 29 хот дамжиж байсан бол өнөөдрийн байдлаар Европын 25, Ази тивийн 11 улсыг нэвтлэн өнгөрч, дорно, өрнө, төв гэсэн гурван маршрут бүхий тээврийн гол коридор болоод байна. 2024 оны байдлаар 17 мянган чингэлэг (2017 онд 3670 чингэлэг) ачаа тээвэрлэж, Хятад улсын бараа бүтээгдэхүүн Америкийн өндөр татварыг тойрч Европын зах зээлд хүрэх, Америкаас хараат байдлаа буулгахад ихээхэн үүрэг гүйцэтгэж буй.

Зүүн Өмнөд Ази бол “бүс ба зам” санаачилгын цөм бүс, газарзүйн хувьд чухал зангилаа төдийгүй эдийн засаг, улс төр, соёлын харилцааны чухал талбар юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбочи улсуудад төрийн айлчлал хийж, нийт 100 гаруй хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан. Гурван улстай хийсэн хэлэлцээрүүдийг сонирхвол Вьетнамд дэд бүтэц, шинжлэх ухаан технологи, нийлүүлэлтийн гинжин хэлхээ хийгээд хилийн худалдаа зэрэг төслүүд, Малайз улсад дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, ХАА болон ногоон хөгжлийн төслүүд түлхүү яригдаж, харин Камбожид боловсрол, нийтийн эрүүл ахуй, батлах хамгаалах салбарыг хамарсан төсөл, хэлэлцээр, үүнээс дэд бүтэц, ХАА салбарт илүү хамтран ажиллах төлөвтэй.

Хятад улс АСЕАН-ы улс орнуудтай Бандун-Жакартагийн хурдны галт тэрэг, Малайзын нарны эрчим хүчний парк зэрэг төслөөр дамжуулж, бүс нутгийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээний нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж байна. . Түүнчлэн Хятад улс Саудын араб, Арабын Нэгдсэн Эмирт зэрэг улстай юаниар эрчим хүчний төлбөр тооцоо хийх хэлэлцээрт гарын үсэг зурж, 2025 оны байдлаар юань хил дамнасан худалдааны төлбөр тооцоонд 18 хувийг эзлэх болов.

Энэ бүгдээс харахад Хятад улс цаашид гадаад харилцаандаа хөрш зэргэлдээ улс орнууд, тэр дундаа Зүүн Өмнөд Азийн үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагааг өрнүүлэх хэтийн төлөвтэй байна

Тэгвэл Төв Ази нь “бүс ба зам” санаачилга дахь Евроазийн эх газрын зам харилцааны зангилаа төдийгүй Хятадын бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, геополитикийн сорилтыг даван туулах стратегийн тулгуур. Хятад улс Төв Азийн таван улстай төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалт, гадаад харилцааны сайд нарын уулзалт зэрэг дээд түвшний механизмаар дамжуулж, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж ирэв.

2023 онд Хятад-Төв азийн дээд хэмжээний уулзалтыг төрийн тэргүүний хэмжээнд аваачиж, 2025 оны дөрөвдүгээр сард Хятад улсын Гадаад харилцааны сайд Ван И Хятад-Төв Азийн гадаад харилцааны сайд нарын зургаадугаар уулзалтын үеэр бүс нутгийн интеграци, дэд бүтцээр холбогдох явдлыг урагшлуулах, “олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаалах”-ын төлөө ажиллах, АНУ-ын татварын бодлого, дэлхийн эдийн засгийн дэг журмыг эвдэлж байгаатай тэмцэх талаар мэдэгдсэн билээ.

Мөн өнгөрсөн сард Хятад улсын дарга Ши Жиньпин Шанхай хотод Азербайжан улсын ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзах үеэрээ хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дэвшүүлж, эрчим хүч, дэд бүтэц, дижитал эдийн засаг зэрэг олон салбарын хамтын ажиллагааг урагшлуулна, Азербайжаныг Евроазийн “дундын коридор”-ийн логистик хийгээд эрчим хүчний чухал зангилаа болгох ажлыг урагшлуулна гэж онцлов.

Үүнээс гадна Хятад улс Латин Америкийн улс орнуудтай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, олон талт зах зээлийн төлөвлөлтийг хийж, Америкаас ирэх худалдааны өндөр татвараас зайлсхийх, гадаад дарамтыг сөрж, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасралтгүй байдлыг хангах бодлого барьж байна. Бидний мэдэж байгаар 2024 оны арваннэгдүгээр сард Хятад, Перугийн чөлөөт худалдааны хэлэл­цээрийг ахиулж, Чанкай боомтыг ашиглалтад оруулснаар урьд Шанхай хүртэл 35-40 хонож очдог байсан ачаа тээвэр 23 хоногт хүрдэг болж, тээврийн өртөг 20 хувиар буурчээ.

Эх сурвалж: Photo credit: COSCO Puerto de Chancay, https://sudamnews.substack.com/

Хятад Америкийн худалдааны дайн ширүүсэж, Трамп Хятадын бараанд 125-145 хувийн татвар оногдуулсан нь Хятад улс буурцгийн импортыг Бразилаас авах алхмыг түргэтгэв. Бразил улс жилдээ ойролцоогоор 170 сая тонн буурцаг тариалдаг ба 2025 оны эхэн гэхэд Хятад Бразил улсын буурцгийн экспортын 77-79 хувийг дангаар эзэлж байна. 2025 оны зөвхөн эхний улирлын байдлаар Бразил 17.7 сая тонн буурцаг экспортолж, түүхэн дээд амжилтыг бүтээв.

2024 онд Хятад, Латин Америкийн худалдааны хэмжээ 427 тэрбум ам.долларыг давж, Хятад улс Латин Америкийн худалдааны хоёр дахь том түнш, Бразил, Чили, Перу зэрэг улсын хувьд хамгийн том түнш болжээ.

Хятад улс Герман зэрэг улсын компаниудтай технологийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Германы Эдийн засгийн Хөгжил, гадаад худалдааны холбоо “Ази руу зах зээлийг яаралтай чиглүүлэх”-ийг Европын Холбоонд санал болгож, ингэх нь АНУ-ын татвар автомашин, эмийн үйлдвэрлэл зэрэг салбарт өгч буй цохилтыг даван туулахад тусална гэж үзэж буйгаа илэрхийлээд байна.

Бяцхан дүгнэлт

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хоёр дахь удаагийн бүрэн эрхээ аваад “Америк эн тэргүүнд” бодлого баримталж, дотоодын үйлдвэрлэлийг сэргээх замаар Америкийг дахин хүчирхэгжүүлэх зорилго тавьсан. Зорилгодоо хүрэх замыг өөрийн улсад татвар оногдуулдаг бүх улс орнуудын татварыг нэмж, өндөр татварын бодлого баримталж хүрнэ гэж тооцоолсон.

Гэвч шинэ засгийн газрын эхний 100 өдрийн байдлаар үр дүн гарсангүй. Харин маш муу үр дагаварт хүрч, дотоод хийгээд олон улсын санхүү, эдийн засагт хүнд сорилт өгч, олны эсэргүүцэлтэй тулгараад байна.

Америкийн өндөр татвар богино хугацаандаа дотоодын хэрэглэгчдэд үнийн дарамт үүсгэж, аж ахуйн нэгжүүдийн өртгийг нэмэгдүүлэн, холбоотон улсуудын эсэргүүцлийг хурцатгана. Ингэснээр дэлхийн тавцанд ганцаардах, буланд шахагдах байдалтай болов

Харин урт хугацаандаа дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг дахин зохицуулах өртгийг өсгөж, технологийн хүйтэн дайнд өдөөж, ам.доллароос татгалзах чиг хандлага үүсэхээр байна.

Ингээд улс орнууд өөр өөрийн замаар татварын дарамтыг бууруулах, олон улсын эдийн засгийн шинэ нөхцөл байдалд дасан зохицох, сөрөн тэсвэрлэх, худалдаа бизнесийн арга барилыг шинэчлэн өөрчлөх зэрэг олон оролдлого хийж эхлээд байна. Хятад улсын хувьд “бүс ба зам” зэрэг санаачилгаар дамжуулан, дэлхийн хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтран ажиллах зарчим дээр суурилж, хөрш зэргэлдээ, зам дагуух улс орнуудтай хамтран ажиллах харилцаагаа улам гүнзгийрүүлэх ажлыг тууштай үргэлжлүүлж байна.

Үүнийг 2025 оны эхний улирлын байдлаар Хятад улс санаачилгад нэгдсэн улс орнуудтай хийсэн экспорт, импортын дүн 5.2 их наяд юаньд хүрсэн нь нийт гадаад худалдааных нь 51.1 хувь болж, Америкийн зах зээлээс хамаарах байдал нь улам буурч буйгаас харж болно. Мөн тус улсын экспортод түшиглэдэг худалдааны хувь хэмжээ улам багасаж, 35-18 хувь хүртэл буураад байгаа.

Товчхондоо Хятад улсын “бүс ба зам” санаачилга юуны өмнө дэд бүтэц болон зам тээврийн олон хувилбараар нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасралтгүй байдлыг хангаж, өндөр татвараас сэргийлэх, түүнчлэн бүс нутгийн хамтын ажиллагаа дээр тулгуурлан, аливаа нэг улс дангаар бүхнийг шийдэх, удирдах, ноёрхох гэсэн засаглалын замыг сөрөх, олон талт үзэл баримтлалыг дагах, мөн шинжлэх ухаан, технологи, инновац дээр тулгуурласан дижитал болон ногоон бүтээн байгуулалтаар дэлхийн эдийн засгийн хөгжлийн шинэ чиг хандлага, загварыг бүтээх замыг бий болгоход нөлөөлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.