Мисс Б.Эрдэнэсувд сайн үйлсийн ажлаараа 2000 орчим мод тарьжээ
1951 онд Их Британид анх зохиогдож байсан “Дэлхийн мисс”-ийн тэмцээн нь өдгөө дэлхийн хамгийн алдартай гоо сайхны тэмцээн болжээ. Цар тахал зэрэг тодорхой шалтгааны улмаас түүхэндээ хоёр удаа өнжиж байсан тус тэмцээний 72 дахь удаагийн ялагч энэ сарын 31-нд шалгарах юм.
Тэмцээн Энэтхэг улсын Телангана мужийн Хайдерабад хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд нээлтийн ёслол энэ 10-ны өдөр болсон билээ. Нээлтийн үеэр гоо бүсгүйчүүдийг тив тивээр нь ээлжлэн тайзнаа гаргасан бөгөөд манай улсын мисс Б.Эрдэнэсувд “O Couture” брэндийн нил ягаан өнгийн үндэсний хувцсаараа гоёв.
Ийнхүү Энэтхэг улсад гурав дахь удаагаа “Дэлхийн мисс” зохион байгуулагдаж байна.
72 дахь удаагийн “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд 108 улсын гоо бүсгүй өөрсдийн авьяас чадвар, оюун ухаан, сайн үйлсийн ажлын зорилго, зорилт, санаачилга зэргээрээ өрсөлдөх бөгөөд урьдчилсан шатны шалгаруулалт энэ 12-ноос эхэллээ. Тодруулбал, 17-нд спортлог, 22-нд авьяаслаг миссийг тодруулна.
Харин “Дэлхийн мисс топ модель” шалгаруулалт 24-д болж, топ модель өргөмжит мисс шууд финалд өрсөлдөх эрх авах аж. Монгол Улсын үндэсний ялагч Б.Эрдэнэсувд удам дамжсан спортын гэр бүлд төрж, өссөн бөгөөд багаасаа олон төрлийн спортоор хичээллэж байсан тэрээр спортлог миссийн шалгаруулалтад давуу талаа гаргах болов уу. Б.Эрдэнэсувд сайн үйлсийн зорилтот ажлаараа “Усаа хэмнэн, мод тарь” төслийг хэрэгжүүлж байгаль орчны чиглэлд ажиллаж байна.
Тэрээр энэ хугацаанд гэр бүлийн хамт Налайх дүүргийн зургаан сургууль, хоёр цэцэрлэгт 2000 орчим мод тарьж, хүүхэд залуус эрүүл, ногоон орчин бүрдүүлж, агаарын чанарыг сайжруулахад чиглэжээ.
Цахим хандалтаар Тайланд улсын мисс тэргүүлж байна
Тэмцээний бас нэгэн чухал шалгаруулалт болох “Мультимедиа” төрлийг орон орны гоо бүсгүйчүүдийн цахим хандалт, ард түмний дэмжлэг, хандалтаар тодруулдаг билээ. Өөрөөр хэлбэл, “Miss World”, “Miss world Mongolia”, “Erdenesuvd Batbayar” гэсэн албан ёсны цахим хаягууд дээр байршсан манай улсын гоо бүсгүйн зураг, бичлэгийн үзэлт, лайк, шэйр, коммент зэргийн тоо оноо болон тооцогддог байна.
Тухайн гоо бүсгүй, улс үндэстний онцлог шинж, давуу талыг тусгасан танилцуулга бичлэгүүд “Miss World”-ын “YouTube” суваг хэдийнээ байршжээ. Тэдгээр бичлэгүүдийн үзэлтийг ажиглаваас Тайланд улсын мисс Сучата Чуангсри 132 мянга, Шри Ланка улсын мисс Ануди Гунасекара 101 мянга, Мьянмар улсын мисс Хиса Хин 43 мянга гэх үзэлттэйгээр бүх оролцогчдыг тэргүүлж байна. Энэ үзүүлэлтэд тухайн улсын хүн ам шууд нөлөөлж байгаа хэдий ч эх орноо төлөөлж дэлхийн тавцанд өрсөлдөж буй гоо бүсгүйгээ дэмжих бидний чин сэтгэл багадахгүй билээ.
Энэ жилийн оролцогчдын ахмад нь 30 настай Анголын гоо бүсгүй Нуриа Ассис байгаа бол хамгийн залуу нь 17 настай Латви улсын Мария Мишурова, Мьянмар улсын Хиса Хин нар байна. Харин цахим хандалтаар тэргүүлээд буй Тайланд улсын гоо бүсгүй Опал Сучата Чуангсри нь дөрөвдүгээр сарын 22-ны өглөө албан ёсоор “Дэлхийн мисс Тайланд 2025”-ын титмийг хүртжээ.
Тэрээр 2003 оны гуравдугаар сарын 20-нд Тайландын Пхукет хотод төрсөн бөгөөд эх хэлнээсээ гадна англи, хятад хэлтэй аж. Опал нь Бангкок дахь Триам Удом Сукса сургуулиас хятад судлалаар эрдмийн гараагаа эхэлжээ. Харин одоо Тхаммасатын их сургуульд улс төр, олон улсын харилцааны чиглэлээр суралцаж байна. 16 настайдаа хөхний хорт хавдар арилгах хагалгаанд орсон тэрээр хөхний эрүүл мэндийг сурталчлах, эрт илрүүлэгд анхаарч “Opal For Her” аяныг эхлүүлж байжээ.
Шри Ланка улсын мисс Ануди Гунасекара
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, П.ЛХАГВАЖАРГАЛ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.