БНСУ-ын хил дээр монгол иргэдийн эрхийг зөрчиж буцааж байгаа асуудал сүүлийн үед хурцаар тавигдаж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн байр суурийг сонслоо. Учир нь тэрбээр Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд даргын алба хашдаг юм.
УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд дарга Б.Бат-Эрдэнэ:
-БНСУ-ын виз олгодог Консулын газар нь ГХЯ-нд харьяалагдаад, хил дээрээс буцаах эрх бүхий Гадаадын иргэн, харьяатын газар нь ХЗЯ-ны харьяанд байдаг нь асуудлын гол нь юм. Виз олгоно гэдэг нэвтрэх бүрэн эрхтэй боллоо гэсэн үг биш.
Манай иргэд хил дээрээс буцаж байгаа дээр гээндээ ч бий, гоондоо ч бий. Гэхдээ тэнд хүний эрх зөрчиж болохгүй! Хүний эрх зөрчигдвөл парламент оролцохоос өөр аргагүй.
Би түрүүн Гадаад хэргийн сайдын ярилцлагыг сонссон. "Парламентийн оролцоотой шийдвэрлэх боломжтой" гэсэн байна лээ. Шийдвэрлэж чадахгүй л байгаа биз дээ! Парламентийн гишүүн ард түмнээс сонгогддог. Ажлаа хийж чадахгүй бол зайлах хэрэгтэй! Энэ асуудлыг парламентийн түвшинд ярихаас өөр аргагүй.
БНСУ-д манай 54 мянган иргэн оршин сууж байна. Тэдний 17 мянга нь хууль бусаар сууж байна. Энэ 17 мянган иргэнийг нэг удаа хууль ёсны болгох асуудлыг хөндье гэж бодож байгаа. Монгол-Солонгосын бүлгэм 35 гишүүнтэй. Энэ 35 гишүүн ажлаа хиймээр байна. Хууль бусаар оршин сууж байгаа иргэд хүүхдээ сургаж чаддаггүй, эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй, эрх нь зөрчигдөөд байж байдаг. Ямар ч тохиолдолд хүний эрх зөрчигдөх ёсгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.