Эш лүнгийн утга учир
Гандантэгчэнлин хийдийн хансүр, гавж Н.Нанзаддоржийн Ганжуурын эш лүнгийн талаар сэтгүүлчидтэй хийсэн тайлбарт ярилцлагыг толилуулж байна. Эхлээд Эш лүнгийн утга учрын талаар товч тайлбарлаад сэтгүүлчдийн асуултад хариулсан.
-Бурхан багш Шагжамүни 36 насандаа төгс гэгээрэлд хүрч, 45 жилийн турш амьтай бүхэн зовлонгоос ангижирч, гэгээрэлд хүрэх зам мөрийг номложээ. Түүний энэ гайхамшигт сургаал, зарлиг нь 84,000 номын цогц хэмээн алдаршсан бөгөөд нэг цогц номд хамгийн багадаа 6,000 шүлэг багтдаг хэмээн уламжлагдан ирсэн. Ийнхүү тооцоолбол, 504 сая шүлэг сургаал нь хүн төрөлхтөнд үлдээсэн оюуны асар их өв болж байгаа юм.
Гэвч цаг хугацааны эрхэнд, түүхэн үйл явдлуудын улмаас энэхүү агуу сургаалийн дийлэнх нь гээгдэж, орхигдсон байдаг. Харин өнөө цагт Монголын ард түмний гар дээр 108 боть Ганжуур хэмээх Бурхан багшийн эх сургаалын эмхтгэл үлдсэн нь маш том хувь тавилан, соён гэгээрлийн чухал нөөц билээ.
Тиймээс ч Монголын Бурханы шашинтны Төв Гандантэгчэнлин хийд 2023 оноос эхлэн энэхүү 108 ботийг багшийн амнаас нэг үг ч орхихгүйгээр уншиж, ард олонд эш лүн хүртээх үйлсийг эхлүүлсэн нь гүн их ач холбогдолтой юм. Эш лүн гэдэг нь сургаалийг бурхан багшийн амнаас шууд сонсож буй мэт шүтэн барилдлагын холбоо үүсгэж, оюуны үр суулгах тарнийн гүн утгатай үйл ажиллагаа юм.
Энэ арга хэмжээ гурав дахь жилдээ үргэлжилж байна. Эхний жил 45 хоногийн хугацаанд 20 боть эш лүнг хүртээсэн бол хоёр дахь жил 29 боть ном уншигдсан. Одоогоор нийт 49 ботийг эш лүнгээр хүртээд байна. Энэ жил 30 боть номыг уншина хэмээн төлөвлөж байгаа нь, ирэх дөрөв дэх жилд нийт 100 ботийг багшийн амнаас бүтнээр нь сонсож дуусгах гайхамшигт боломжийг нээж өгч байна.
Хүн төрөлхтөний оюун санааны өвийг хадгалах, сэргээх, ирээдүй хойч үедээ дамжуулах соён гэгээрлийн ховор нандин түүхэн үйл явдал юм.
-Бурхан багшийн сургаалийн эш лүнг хүртсэнээр хувь хүн, улс орон, монголчууд бидэнд ямар тустай вэ гэж олон хүн бодож байгаа байх?
-Бурхан багш бол төгс гэгээрсэн бодгаль. Муу сэтгэл өчүүхэн ч байхгүй, Бурханы номын онолд дурдсанаар “гэм бүгдийг арилгаж, эрдэм бүгдийг төгсгөсөн” төгс бодгаль юм. Тиймээс тэр төгс бодгалийн үлдээсэн сургаал маш хүчтэй хэмээдэг. Жишээлбэл, энгийн хүн бидний үг ч хүчтэй байдаг шүү дээ. Намайг хүмүүс муугаар хэлбэл маш хүнд тусч, эсвэл намайг магтаад байвал маш их баярладаг. Энэ мэт энгийн хүний хэлсэн үг хүчтэй нөлөөлж байхад, гэгээрсэн Буддагийн үг асар их хүчтэй. Энэ хүчтэй зарлигийн эш лүнг хүртсэнээр үгийнх нь адис жанлав, хүчийг нь бүрэн хүлээж авдаг гэж үздэг юм. Тиймээс Бурханы эх сургаалийн эш лүнг хүртэх нь маш чухал. Эш лүнг бид бүрэн бүтэн сонсох нь тун тустай.
Монголчууд бид 1000 жилийн турш бурхан шашинтай явж ирсэн учраас, манай Монгол орныг цагаан зүгийн номыг тэтгэгч лус савдгуудтай гэж үздэг. Тиймээс лус савдгууд нь баярлаж, байгалийн гарц сайхан болж, хур бороо элбэгшдэг. Түүнийгээ дагаад хүний сэтгэл ч сайхан болдог. Тийм учраас монголчууд бидэнд эш лүн гэдэг маш их хэрэгтэй.
-Эш лүнгийн тухайд хэлмэгдүүлэлтийн үеэс тасарсан гэж дуулдсан. Түүнээс өмнөх хугацаанд ном ёсоор нь түгээдэг байсан уу?
-Эш лүн гэдэг маань 1937 оноос өмнө бүрэн байсан. Манай өвөг дээдэс Ганжуурын эш лүнгийн дамжлагыг бүрэн гүйцэд эрхшээж, шавь нартаа уламжлуулан дамжуулдаг байсан уламжлалтай. Харин 1937 оноос хойш 86 жилийн турш тасраад байжээ.
Тэгвэл эш лүнгийн дамжлагатай багшийгаа Энэтхэгээс залж ирснээр, энэ тасарсан уламжлалыг дахин сэргээж байгаа нь энэхүү үйл ажиллагааны хамгийн чухал ач холбогдол юм. Ингэснээр Монголын Бурхан шашин номын жаяг, уламжлалаараа дэлгэрэх сайхан боломж нээгдэж байна.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.