СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-13

🔴Т.Мөнхсайхан: ЭМДС-гийн орлого бүрдэхгүй байх эрсдэл үүсэж байгаа тул давхардалгүй худалдан авалт хийнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудлуудын талаарх асуулгын хариуг сонслоо.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-өөс энэ оны нэгдүгээр сард гаргасан 03, 04 тоот тогтоолуудаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах иргэдийн тоо, санхүүжилтийг хязгаарласан нь ялангуяа улсын эмнэлгүүдийг санхүүгийн дутагдалд оруулж, үйл ажиллагаанд нь хүндрэл, доголдол үүсгэж байгааг хэрхэн шийдвэрлэх талаар Улсын Их Хурлын гишүүд асуулга тавьсан байна.

Мөн өдрийн эмчилгээний зардалтай хэвтэн эмчлүүлэх зардлыг дүйцүүлэн тооцож, суурь тариф тогтоосон нь ямар тооцоо судалгаатай болох, Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас 2025 онд санхүүжүүлэх төсвийг өмнөх оныхоос 20-30 хувиар бууруулсан нь ямар үндэслэлтэй болох, түүнчлэн энэ онд гэрээлэх төсөв, тоо хэмжээг тохирох боломжгүй байгаа асуудлуудыг яаж шийдвэрлэхээр ажиллаж байгааг асуужээ.

Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг Байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцууллаа.

Эрүүл мэндийн байгууллагуудад үүсээд байгаа өр, төлбөрийг бүрэн барагдуулах, нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний санхүүжилтийг саадгүй олгож, амьдралын чанарыг дээшлүүлэх болон эмнэлзүйн үр дүн багатай, өөр эмчилгээний сонголт бүхий тусламж, үйлчилгээний тоог хязгаарлах байдлаар төсвийн тэнцлийг хангах бодлого баримталж байгаагаа Эрүүл мэндийн сайд онцлов.

Анхан шатны эмнэлгүүдийн 2025 оны төсвийг 2024 оны гүйцэтгэлээс 34 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, лавлагаа шатлалын эмнэлэг, сувиллын зарим тусламж, үйлчилгээг анхан шатны эмнэлэгт авах, эмийн үнийн хөнгөлөлт зэргээр анхан шат руу архаг өвчний чиглүүлж буйг тэрбээр мэдээлээд, энэ оны төсөв өмнөх оныхоос нийтдээ 360 орчим тэрбум төгрөгөөр өссөнд төрийн албан хаагчдын цалингийн болон эрчим хүчний үнийн өсөлт голлон нөлөөлснийг танилцууллаа.

Өмнөх онуудад хуримтлагдсан 316.8 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан нь өдрийн давтан эмчилгээ, архаг өвчний хэвтүүлэн эмчлэх болон уламжлалт, сувиллын тусламж, үйлчилгээг 60 хүртэл хувиар буурахад нөлөөлсөн байна.

Энэ нь иргэд, эмчлүүлэгчдийн 9.0 хувьд нөлөөлсөн гэж Эрүүл мэндийн сайд дурдав. Ялангуяа архаг өвчнийг хэвтүүлж биш, илүү үр ашигтай, зардал багатай байдлаар өдрийн болон амбулаторын эмчилгээгээр эмчилж, зөвхөн цочмог үед хэвтүүлдэг болгох шаардлагатай гэсэн байр сууриа тэрбээр илэрхийлэв.

Манай улс 1000 хүн амд ногдох эмнэлгийн орны тоогоор дэлхийд наймдугаар байрт жагсдаг бол хэвтэн эмчлүүлэлтийн түвшнээр дөрөвдүгээрт ордог ажээ. Эмнэлгийн орны ашиглалт 62 хувьтай бөгөөд үүний 40 хувийг шаардлагагүй хэвтэлт эзэлж байгаа нь Дэлхийн банкнаас 2024 онд хийсэн судалгаагаар тогтоогдсон байна.

Нас баралтын 14.0 хувийг аврах боломжтой тохиолдууд эзэлж, үүний 50 хувийг хүүхдийн нас баралт эзэлсэн нь харамсалтай гэж сайд мэдээлэлдээ дурдаад, хэвтүүлэн эмчлүүлэхийн оновчлолыг сайжруулах шаардлагатай гэлээ. Архаг өвчнийг нэг удаа хэвтүүлж эмчлээд эдгэхгүй, харин тогтмол хяналтанд байж, урт хугацаанд тогтвортой эмчилснээр үр дүн гарна гэдгийг тэрбээр онцолж, олон улстай харьцуулахад амбулаторын тусламж, үйлчилгээ 30 хувиар доогуур байгаа тул үүнийг сайжруулах, үнийн хөнгөлөлтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн юм.

ЭМДС-гийн 2025 оны төсвийг хэрэгжүүлэх хүрээнд тусламж, үйлчилгээг цочмог үеийн, төлөвлөгөөт, архаг өвчний үеийн гэж бүлэглэн эрэмбэлсэн байна

Цочмог үеийн амь нас аврах тусламж, үйлчилгээг тоо, хэмжээний хязгаарлалтгүй, тарифын өөрчлөлтгүйгээр гүйцэтгэлээр санхүүжүүлэх бол төлөвлөгөөт тусламж, үйлчилгээний тоо, хэмжээг гэрээгээр урьдчилан тохиролцож, хэтэрсэн тохиолдолд төлбөрийн 80 хувиар санхүүжүүлэх юм.

Харин архаг өвчний тусламж, үйлчилгээг ЭМДС-гийн мөнгөн хөрөнгийн байдалд тохируулж, хязгаарлалттайгаар худалдан авах буюу төсөв хэтэрсэн нөхцөлд санхүүжилтийг зогсоохоор зохицуулжээ. Энэ ажээ.

ЭМДС нь даатгуулагчдын нэрийн өмнөөс чанартай тусламж, үйлчилгээг худалдан авагч бол эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа тул тэдний зарим хүсэлтийг хангах, санхүүжүүлэх боломжгүй буюу шаардлагагүй болохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тэмдэглэлээ. Иймд тус сан даатгуулагчдын дийлэнх, олонход нэн шаардлагатай, чанартай, эдийн засгийн үр ашигтай эмчилгээ, үйлчилгээг худалдан авах зарчмыг баримталж байгаа ажээ.

Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагууд гэрээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх, цаг хожиж нэхэмжлэлээ хэтрүүлэх зэрэг үйлдэл гаргаж байгаагаас одоогийн байдлаар төрийн болон хувийн өмчийн 319 эмнэлгээс 40 нь гэрээгээ эцэслэн байгуулаагүй аж

ЭМДҮЗ-өөс эмнэлгүүдийг гэрээний хэлцэлд урьж, татгалзсан тохиолдолд хуулийн дагуу гэрээг түдгэлзүүлэх арга хэмжээ авах юм. Энэ онд гэж Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдлаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ иргэнээс ирсэн ЭМДҮЗ-ийн 2025 оны 04 дүгээр тогтоол буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээний суурь тарифыг тогтоож, тоо хэмжээнд хязгаарлалт тогтоосон шийдвэрийн үндэслэл, тооцооллын талаарх асуултыг уламжилсан юм.

Үүнд Эрүүл мэндийн сайд хариулахдаа, өвчинд суурилсан өртгийн тооцоолол хэрэгжүүлж байснаас болж төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хооронд ялгаатай байдал бий болсныг арилгах, өртгийн тооцооллыг ижил хэмжээнд барих, үүний тулд хязгаарлалт тогтоох шаардлага үүссэн гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гүйцэтгэлийн санхүүжилтийн талаарх эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, захирлуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх шаардлага, эмчилгээ, үйлчилгээг эрэмбэлэн зохицуулж байгаагаас ЭМДС-д гарч буй эерэг нөлөө, гэрээний хэлцлийн явцад төсөв хасагдсанаас болж орон нутгийн эмнэлэг ажилчдынхаа цалинг бүрэн олгож чадахгүй нөхцөл үүссэн тохиолдол зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо бол томоохон реформ болохыг дурдан, ирэх жилийн улсын төсвийн төслийг хэлэлцэхэд энэ шинэчлэлтийг дэмжиж ажиллахыг Байнгын хорооны гишүүдэд уриалав.

Мөн тэрбээр, яамны эрхлэх асуудлын хүрээнд ЭМДС ажиллах ёсгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлж, тогтолцооны өөрчлөлт хийх асуудлыг төсвийн хуультайгаа холбогдуулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн юм.

Анхан шатны тусламж үйлчилгээний нэг иргэний санхүүжилт бол үндсэндээ нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт гэдгийг тэрбээр хэлж, зардлын зориулалтыг тодорхой болгож ангилан, хасалт, хэмнэлтгүйгээр эмчилгээний чанарт анхаарах шаардлагатайг онцлов. Түүнчлэн аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ЭМДС даатгуулагчдынхаа төлөө ажилладаг болох, стратегийн худалдан авалтынхаа бодлогыг сайжруулах зэрэг чухал зүйлийг хийх цаг болсныг дурдаад, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлж, салбарын төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн иргэд, даатгуулагчдын эрх ашгийг орхигдуулж болохгүй гэдгийг онцолж, ЭМДС-д учирч болзошгүй эрсдлээс болгоомжилж, үндэслэл, тооцооллыг бодитой хийх шаардлагатайг дурдлаа.

Эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжих тогтолцоонд шилжсэн боловч зарим талаар ухралт гарч байгааг тэрбээр анхааруулж, энэ санхүүжилтийн тогтолцоо буруу байна гэж үзвэл бид дараагийн буюу үр дүнд суурилсан санхүүжилтийн асуудлыг ярих ёстой гэсэн юм.

Санхүүжилт 40 орчим хувиар нэмэгдсэн ч эсрэгээрээ иргэдийн өвчлөл нэмэгдсээр, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар доошилсоор байгаад дүгнэлт хийх ёстой гэдгийг тэрбээр тэмдэглэж, зөв бодлого, зохион байгуулалтаас хамаарах олон зүйл бийг сануулав

Өвчнөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлы эрчимжүүлэх, зардал санхүүжилтийн шинэчлэл, сайжруулалтыг үе шаттай, дэс дараалалтай хийх, өртгийн тооцооллыг өмнөх жилийн гүйцэтгэлийн санхүүжилтэд үндэслэн бодитой хийх, тулган шаардах арга барилаар ажиллахгүй байх зэрэг олон асуудлыг эртнээс засаж, залруулах шаардлага байгааг тэрбээр хэлж, эмнэлгүүдэд төдийгүй иргэдэд ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хүндрэл учрах болсныг анхааруулав.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн горимын саналыг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан гаргасан юм. Түүний саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.