СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-05-13

48 цагийн гүйлтийн Монголын анхны эмэгтэйчүүдийн рекорд эзэмшигч Н.Лхагва-Эрдэнэ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 цагийн өмнө

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор хэт холын зайн гүйлтийн ОУХМ Н.Лхагва-Эрдэнийг урилаа.

-Хэт холын зайн гүйлтээр хичээллэж эхэлсэн түүхээс тань яриагаа эхэлье?

-Долоон жилийн өмнө эрүүл мэндээ бодож гүйж эхэлсэн бол одоо 50-аас дээш километрт буюу хэт холын зайд гүйдэг тамирчин болжээ. Угтаа би англи хэлний багш мэргэжилтэй. Аав маань тэшүүрийн спортын тамирчин хүн байлаа. Аавтайгаа адилхан тамирчин болохыг хүсэх ч бие жижигтэй болохоор төдийлөн болдоггүй.

Харин сүүлд турах үүднээс хааяа гүйдэг байж байгаад 2018 оны Улаанбаатар марафоны 10 километрт гүйж, 56 минутад замаа дуусгасан юм. Түүнээсээ урам зориг авч, тууштай хичээллэхээр шийдсэн. Тэр дундаа хэт холын зайг сонгоход аавын маань зөвлөгөө нөлөөлсөн. “Миний охин бие жижиг, хөлийн тавилт ойрхон тул ойрын зай тохиромжгүй. Харин чи тэсвэр тэвчээртэй тул амархан сэргэлт авах холын зай тохиромжтой” гэж байв.

Тэр үүднээс дараа жил нь 21 километрт гүйж наймдугаар байр эзлээд зун нь 12 цагийн марафонд анх удаа оролцож анхны алтан медалиа, спортын нэгдүгээр зэрэгтэй авч байлаа.

-Тэгвэл энэ спорт таны биеийн онцлогт их тохирчээ?

-Тийм ээ. Миний зүрх хэм алддаг байсан тул огцом хурд авч болохгүй байсан юм. Арван хэдэн жилийн өмнө осолд ороод зургаан сардаа нэг удаа эмчийн хяналтад ордог байлаа. Би эм уух дургүй учир өөр ямар аргаар биеэ эмчилж болох уу гэж судалж байгаад ууланд алхаж эхэлсэн. Тэгээд зүрх хэм алдалт тогтворжоод ирэхээр гүйдэг болсон. 2020 онд эмчид үзүүлэхэд тамирчны булчинтай зүрх болжээ гэж байсан. Хааяадаа огцом хурдтай гүйхээр зүрхэнд ачаалал өгөх гээд байгаа нь мэдэгддэг. Тиймээс нэг хэмнэлээр хол зай туулах нь миний биед тохиромжтой байдаг.

-Танд арай эрт гүйж эхэлдэг байж дээ гэх бодол төрдөг үү?

-Амжилт гаргасны дараа болон залуу тамирчдыг хараад хааяа тийм бодол төрдөг байсан. Харин сүүлийн нэг, хоёр жил үгүй юм байна. Зөв цагтаа эхэлсэн гэж боддог. Холын зайн гүйлт тэсвэр тэвчээр их шаарддаг. Магадгүй залуу байхдаа эхэлсэн бол зүрх үхээд, халшраад одоо гүйхээ больчихсон байхыг үгүйсгэхгүй. Олон улсын бусад тамирчдыг судлахаар залуудаа ойрын зайд гүйж байгаад 40 гараад холд гүйж эхэлсэн байдаг. Дэлхийн рекорд эзэмшигч, амжилттай яваа тамирчид 40 гаран насных байх нь олонтой.

-Тэгвэл энэ хугацаанд гаргасан амжилтын түүхээсээ хуваалцвал?

-Монголдоо 24 цагт нэг, 12 цагт хоёр, зургаан цагт нэг, 100 километрт гурав, 50 километрт хоёр удаа гүйж байсан. Харин 2023 онд Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах 100 километрийн марафонд эх орноо төлөөлж ганцаараа оролцож 13 дугаар байр эзэлж олон улсын тэмцээнээ эхлүүлсэн юм. Түүний дараа 24 цагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багийнхаа хамт явсан. Удалгүй 2024 оны нэгдүгээр сард Тайвань улсын Тайбэй хотод болсон 48 цагийн марафонд оролцож насны ангилалдаа тэргүүлж байлаа. Мөн түүгээрээ Монголын анхны 48 цагийн гүйлтийн рекорд эзэмшигч эмэгтэй тамирчин болсон.

-Хилийн дээс алхаж олон улсын шилдэг тамирчидтай өрсөлдөх мэдрэмж ямар байдаг вэ?

-Их өөр. Хэт холын зайн гүйлтийн спорт манай улсад дөнгөж хөгжөөд хөлөө олох гээд явж байна. Тухайлбал, холбоо байгуулагдаад 15 жил болж. Үүнээс өмнө олон өдөр гүйдэг сайн тамирчид байсан ч тэр нь тоотой цөөхөн. Тиймээс бид дотооддоо өөрсдийгөө андахгүй мэддэг байлаа. Харин олон улсад гарахаар өрсөлдөөн ширүүсдэг. Мөн байгаль цаг уурын онцлог их нөлөөтэй.

Жишээлбэл, манайх эрс тэс уур амьсгалтай орон учир ихэвчлэн хүйтэн, сэрүүн үед бэлтгэлээ хийдэг. Гэтэл халуун чийглэг, нам доор газар гүйхээр даралт ихсэхээс эхлээд асуудалтай тулгарах нь бий. Үүнээс гадна сэтгэл зүй чухал.

Анхны олон улсын тэмцээндээ оролцохоор очоод тамирчидтай хоолонд ортол миний хувцсан дээрээс “Mongolia” гэдэг бичгийг харчхаад “Монголчууд сайн, чадварлаг” гээд англиар хоорондоо яриад байлаа. Магадгүй намайг ойлгохгүй л гэж бодсон байх. Түүнийг сонссоны дараа хариуцлага, айдас мэдэрч байсан. Гэхдээ энэ бүхнээс илүү замаа амжилттай дуусгаад төрийн далбаагаа намируулаад барианд орж, үзэгчид эх орны минь нэрийг дуудахад хамгийн сайхан санагдаж, омогшил төрдөг.

-Монголын анхны 48 цагийн гүйлтийн рекорд эзэмшигч эмэгтэй тамирчин болох мэдрэмж бас бахархалтай сайхан байсан болов уу. Тэр тухайгаа эргэн дурсвал?

-Тэр тэмцээнд дасгалжуулагч багш маань баг, тамирчдаа авч явсан. Бид тус тусын ангилалдаа өрсөлдсөн бөгөөд минийх 48 цагийнх байлаа. Эхэндээ их сайхан байлаа. Тэмцээний үеэр зохион байгуулагчид “Чи эхний таван байрт багтаж байна” гэх мэдээ дуулгасан. Тэгээд дажгүй явж байтал замд бэлтгэсэн Тайванийн халуун ногоотой хоолноос идтэл гэдэс хямраад гүйж чадахааргүй боллоо. Багш маань замаасаа гар гээд би болохоор алхаад ч хамаагүй замаа дуусгана гээд гүрийсэн. Энэ миний анхны тэмцээн, надад итгэл хүлээлгээд үлдсэн сэтгэл, үүрэг хариуцлага бодогдоод сууж ч чадахгүй байсан.

Анхны 48 цагийн гүйлт гэдэг утгаараа туршлага их дутсан. Хэрвээ хоолон дээрээ алдаагүй байсан бол 252.560-аас илүү гүйх байсан гэх бодол төрдөг. Тэр бүхнээсээ суралцаад туршлага хуримтлуулаад явж байна.

Миний ажигласнаар монголчууд их гүргэр. Эхний 20, 30 километрийг юу ч идэхгүй гүйчихдэг. Тэгээд эрдэс  бодис, энергиэ алдаад ядраад эхлэхээр юмаа идэж, уух гэхээр ходоод руу юм орохоо байчихдаг. Ийм алдаанууд миний хувьд анхандаа гарч байсан. Харин одоо дасгалжуулагчийнхаа зөвлөснөөр бага багаар ойр ойрхон идэж сурч байна.

-Энэ 24-нд олон улсын “Улаанбаатар марафон” болох гэж байна. Та энэ тэмцээнд гүйх үү. Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангаж байна?

-Хэт холын гүйлтийн холбооны С.Өнөрбаяр багш бидний бэлтгэл сургуулилтыг хангадаг. Харин би энэ хавраас бие дааж бэлтгэлээ хийж байна. Энэ сарын 24-нд Чэжү арлыг бүтэн тойрох 209 километрийн гүйлтийн тэмцээнд бүртгүүлчихсэн байгаа учир энэ удаа өнжинө.

-Олон улсын тэмцээн уралдаанд оролцоход улсаас эсвэл холбооноос дэмжих тохиолдол байдаг уу?

-Үгүй ээ. Бид бүх зардлаа өөрсдөөсөө гаргадаг. Биднийг ингэж дэмжээч гэж төрд хандаж үзээгүй. Нөгөөтэйгөөр манай холбоо төрийн бус байгууллага болохоор санхүүжилт байхгүй. Хувиараа компани, хувь хүмүүсээс хандив тусламж гуйхаар “Ингэж өөрийгөө зовоож яадаг юм” гэж хэлэх нь олонтой.

Гадаадын зарим тэмцээн дээр гүйж яваад амь насаа алдсан зэрэг мэдээ сонсчихсон хүмүүс гүйх чинь сайн зүйл биш гэж бодох нь олонтой байсан. Харин одоо мэргэжлийн түвшинд биш юм аа гэхэд эрүүл мэнддээ анхаарч гүйдэг хүмүүс нэмэгдсэн байна. Би өдрийн найман цаг ажил хийгээд амьдралаа залгуулахын хажуугаар бэлтгэлээ хийдэг. Үүнийг сонссон гадаадын тамирчид гайхдаг.

-Тэгвэл энэ спортын талаар сөрөг бодолтой байдаг тэр хүмүүст юу гэж хариулдаг вэ. Таны хувьд энэ спортын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Энэ хэт холын зайн гүйлт миний амьдралын нэг хэсэг, дуртай хоббинуудын маань нэг болсон. Бид стресстэй энэ нийгмээс өөрийгөө чөлөөлж, эрүүл чийрэг болж чадаж байна. Хүн болгон ингэж холын зайд гүйх албагүй. Өөртөө тохируулж, эрүүл зөв хэмнэлийг бий болгоосой гэж хүсдэг. Гүйлт авьяас шаардах зүйл биш. Зүгээр туршаад үз гэж хэлмээр байна. Гүйгээд дууссаны дараа өөрийгөө даван туулсан, аз жаргалын гормон ялгардаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, П.ЛХАГВАЖАРГАЛ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.