СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-12

ЭМГЭНЭЛ: ХӨХӨӨГИЙН БАЛСАНДОРЖ (1962-2025)

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 цагийн өмнө

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Улсын Их Хурлын гишүүн асан Хөхөөгийн Балсандорж 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Тэрбээр 1962 онд Увс аймгийн Өмнөговь сумын нутагт төрж, 1980 онд Улаангом хотын 2 дугаар дунд сургууль, 1986 онд Зөвлөлт Холбоот Улсын Екатеринбург хотын Уул, уурхайн дээд сургуулийг Уулын цахилгаанжуулалт, автоматжуулалтын инженер, 1994 онд Удирдлагын академийг бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгсжээ.

Х.Балсандорж эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу эх орныхоо аж үйлдвэр, эрчим хүчний салбарыг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд манлайлан зүтгэж, 1986-2000 онд “Багануур” ХК-д цахилгааны слесарь, шугамын мастераас ерөнхий инженер, гүйцэтгэх захирал, 2009-2013 онд “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг тус тус хашжээ.

Хөхөөгийн Балсандорж нь 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж, парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд 3 хуулийн төсөл санаачлан, 6 хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, 22 хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байв. Үүний дотор 2001 онд Эрчим хүчний тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж, тус салбарыг зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг бие даасан зарчмаар ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Түүнчлэн 1996 онд салбарын инженерүүдийн хамт “Монгол Нүүрс Ассоциаци” ТББ-ыг санаачлан байгуулж, 2000-2004 онд “Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци” ГҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 1996-2004 онд “Монголын Хоккейн Холбоо” ГҮТББ-ын Ерөнхийлөгч, 1999-2003 онд Монголын Үндэсний Олимпын Хорооны гишүүнээр тус тус ажиллаж байв.

Монгол Улсын төр, засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг, Монголын Үндэсний Олимпын Хорооны “Алтан очир” одон, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнажээ.

Түүний хөдөлмөрч, хичээнгүй зан, улс эх орныхоо аж үйлдвэр, эрчим хүчний салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, төр, түмнийхээ төлөө гэсэн зүтгэл бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

У.ХҮРЭЛСҮХ, Д.АМАРБАЯСГАЛАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,
С.ГАНБААТАР, Ц.ТУВААН, Б.ЧОЙЖИЛСҮРЭН,
А.БАЯР, Х.НЯМБААТАР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.