Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээний хэрэгжилттэй танилцах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2025.05.08-ны өдөр УИХ-ын дарга байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн П.Мөнхтулгыг томилжээ. Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгатын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, төр хэрхэн оролцох талаарх асуудлыг судалж УИХ-д санал дүгнэлтээ танилцуулахыг үүрэг болгосон байна.
УИХ-ын гишүүн П.Мөнхтулга:
-2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоол бий. Энэ тогтоолоор зарим ордын төрийн хувь эзэмшлийг тогтоох тухай заасан.
4-р заалт дээр Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгатын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, төр хэрхэн оролцох талаарх асуудлыг судалж УИХ-д санал дүгнэлтээ танилцуулахыг үүрэг болгосон байдаг. Энэ заалтын хэрэгжилт бүрэн хангагдаагүй учраас уг 4-р заалт дээр манай ажлын хэсэг байгуулагдаж ажиллана. 11 гишүүн орсон. Бид нэгдсэн байр суурь гаргана. Нөхцөл байдал, баримт бичигтэй бүрэн танилцсаны дараа хэвлэлд байр сууриа илэрхийлнэ.
"Онтрэ" ХХК-ийн асуудлаар хувь гишүүний байр сууриа илэрхийлэхэд, тус компани хайгуул хийж амжаагүй байхдаа хувь эзэмшлийг битүү тоогоор Монголын Засгийн газрын оролцоогүйгээр өөр компанитай тохирсон нь хуулинд нийцэхгүй байна гэж үзэж байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах боломж байгаа нь эрх зүйн хувьд нээлттэй боллоо гэж харж байна. Ажлын хэсгийн хүрээнд бичиг баримтуудаа харна. Эрх мэдлийн хувьд УИХ бүх талуудыг оролцуулах боломж байгаа тул тухайн компанийн байр суурийг сонсоно. Ажлын хэсгийг санал дүгнэлтээ танилцуулах хугацааг намрын чуулган хүртэл гэж өгсөн. Мэдээллийг та бүхэнд тайлагнаад явна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.