СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-09

Л.Пүрэвдаваа: Ах маань эх орны дайнд баатарлагаар тулалдаж явсан юм

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 цагийн өмнө

Ер нь бол үлгэр домог шиг амьдралтай хүн цөөнгүй байдаг даа. Тэр дотор Должинсүрэнгийн Сүхээ шиг ажил амьдралын бүхий л өнгө төрх, даваа нугачааг бүрэн туулсан хүн тийм олонгүй л болов уу. Бага насаа малчны хотноо өнгөрүүлж дараа нь сургууль соёлын мөр хөөж яваад дэвжин дээшилж дипломат албанд ажиллаж байсан нөхөр өөр улс орны шоронд сууж хүртэл үзсэн гээд бод доо. Бүр болоогүй ээ. Монголын иргэн Сүхээ биш Дмитрий Сергеевич Сухов нэртэйгээр аугаа эх орны дайны ширүүн гал дунд харийн дайсантай тулалдаж явж тэр.

Дайн дууссан тэр цагт Монголдоо ирж улс орныхоо хөгжил цэцэглэлд мэдлэг оюунаа зориулсан гээд түүний тухай төрийн ахмад ажилтан, нагац дүү нь болох хүн Л.Пүрэвдаваагийн яриа тун сонирхолтой байлаа.

Дайнгүй хүн төрөлхтний түүхнээ аугаа хэмээн тодотголтой бичигддэг эх орны дайны ялалтын 80 жилийн ой тохиож байгаа энэ цаг дор малчин удамт Д.Сүхээ дэлхийг өөрчилсөн том дайнд хамгийн урт хугацаанд оролцсон монгол хүн гэдгээрээ онцгойлон хэлэгдэх учиртай ажээ. Энэ тухай бэсрэгхэн ярилцлагыг толилуульюу.

-Та Сүхээ гэдэг ахыгаа хэдий үеэс нь илүүтэй мэдэх вэ?

-Сүхээ гэдэг хүн бол миний ижийгийн дүүгийн хүүхэд. Тэр хүн хөдөө нутагтаа би Улаанбаатарт төрсөн болохоор түүний бага, залуу насных нь тухайд хомсхон ижийнхээ ярианаас мэднэ. 

Харин дайн дууссаны хойно Монголдоо ирсний нь дараах амьдралыг мэдэх хүний нэг нь би. Бид “Хар ах” гэж нэрлэдэг байлаа. Хуучин цагийн боловсролтойд тооцогддог, их төлөв даруу, сайхан хүн байсан даа.

Ах маань надад их хайртай байсан юм билээ. Үүнийг гэрчлэх баримт хэлэхэд, ахын 1960-аад оны өөрийнх нь нэг зураг ард талд нь миний бүр багын зураг наалттай түрийвчинд нь хадгалагдаж байж. Түүнийгээ надад өгсөн. Одоо би хадгалсаар байгаа нь энэ гээд “үзүүлэв”.

Тэгээд манай дүү Д.Аюушжав, Д.Нямаа нар ахын тухай бас ихийг хэлэх байх.

-Тэгхээр Сүхээ ах чинь юу хийж яваад Орос улсад оччихсон юм бол?

-Ах маань Дундговь аймгийн Дэрэн сумын унаган хүн. Залуугаасаа бичиг үсэг сайтай нэгэн гэгдэж нутгаасаа анх морин хадуурчны сургуульд сурахаар нийслэлд ирж л дээ. Тэндээсээ аж үйлдвэрийн комбинатын бүтээн байгуулалтын үндэс суурийг тавилцсан юм.

Тэр үедээ өөрийн саналаар хувьсгалын эсэргүү хөдөлгөөнийг дарахад хувь нэмрээ оруулж Б.Элдэв-Очир гэдэг хүний даалгавраар Шилүүстэйн хүрээнээ нэг удаа туршуулаар ажилласан байдаг.

Дараа нь ахын аливаад авхаалжтай, хийх бүтээх төгс санаатайг үнэлсэн ч юм уу, ЗХУ-ын Кострома хотноо аж үйлдвэрийн дунд сургуульд явуулсан. Тэнд суралцаж орос хэлийг дэндүү сайн сурсан юм гэдэг. Орос хүн шиг л ярьдаг, бичдэг байж.

Тиймдээ ч юм уу, Зөвлөлтөд суух Монголын Элчин Сайдын яаманд ахыг татан авч ажиллуулсан юм билээ.

Яамны аж ахуйн ажлыг хариуцдаг байж. Гэтэл тус элчин сайдын яаманд янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байснаас ахыг буруутгахыг оролдсоор зорилгодоо хүрч Орос улсын Эрүүгийн хуулиар шийтгүүлж амжсан байдаг.

-Яагаад?

-Баруунтан гэгддэг Жадамбаа, Орос улсын иргэншилтэй Дугаржав нар гэхэд ахын шударга занд дургүй юм л бол буруутгахыг хичээж байж. Тэд НКВД-гийнхэнд өгсөн мэдээлэлдээ “Энэ Сүхээ болбоос хөрөнгөтөн орны этгээдүүдтэй холбоотой нөхөр Зөвлөлтийн цэргийн зэвсэг, техник болоод сургалтын программыг нууцаар судалдаг. Мөн зөвлөлтөд байдаг гадаад худалдааны банкны нөхөдтэй хуйвалдаж 15000 рубль авч ашигласан” гэсэн зохиомол гүтгэлэг явуулсан байв.

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ сайн сайхны төлөө цогтой тэмцэгч Бат-Очирын Элдэв-Очир гуайд очсон шуудан илгээмжийг өөр хотод өвчтэй байхад нь ах хүргэж өгсөн. Сүүлд түүнийг насан өөд болоход нь чандрыг хийх хаш чулуун бумба хийлгэсэн зэрэгт нь Жадамбаатнууд дургүйцэн дур мэдэн шууданг хүргэж өгсөн дэмий юманд мөнгө хөрөнгө үрлээ гэж зэмлэж байв.

Бас ЭСЯ-ны аж ахуйн талыг хариуцдаг байсан болохоор бусад орны нөхөдтэй танил байж.

Гэтэл ахыг Японы ЭСЯ-ны аж ахуйн нөхөртэй уулзаж суух үеийн зургийг нь авчихаад “энэ нөхөр Сүхээ бол японы тагнуул” гэж гүжирдсэн байдаг юм.

Үүний улмаас ЭСЯ-ынхныг Монгол руу дуудагдаад явсан үед КГБ-гийнхэн ахыг ажил дээрээ байхад нь баривчилсан.

Тэгээд шоронд хийж найман сар гаруй мөрдсөн байдаг. Үнэн юм үнэнээрээ байдаг болохоор Жадамбаатан нарын мэдээлэл олон талаар худал нь батлагдсан ч ажлын хариуцлага алдсан гэх үндэслэл гаргаж ирж ахад хоёр жилийн хорих ял оноосон юм билээ.

За тэгээд хугацаатай юм дуусдаг, хуйхтай юм ургадаг болохоор тэр ялын хугацаа дуусч суллагджээ.

-Тэгээд Монгол руу ирсэн уу?

-Үгүй чиш. ЭСЯ дээрээ иртэл таних мэдэх хүнгүй, өөрийн нь бичиг баримт ч байхгүй.  Аль ч улсын иргэншилгүй нэгэн болов. Хүний нутагт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр яалтгүйтэй тулгарсан гэдэг.

Энэ үед Зөвлөлтийн хуулийн байгууллагынхан тус болж Баренцов, Цагаандалай, Мурманск Архангельск чиглэлийн боомтуудад усан онгоцны туслах ажилтнаар явуулжээ ахыг. Дмитрий Сергеевич Сухов нэртэй гэж байгаа. Тэгэж байтал эх орны дайн эхэлж. Энэ үед ах сайн дураараа цэрэг болж фронтын зүг явсан. Фронт гэдэг нэг хэрэг. Ах бол Ленинградын хамгаалалтад гол үүрэгтэй мото буудлагын тавдугаар бригадад хуваарилагджээ.

Ингээд дайсны сум мөндөр шиг асгарах галын шугамд хэрхэн байлдаж явсан тухайд ахын өөрийнх нь бичиж үлдээсэн энэ намтарт бий гээд /”Дело гэх бор хавтастай бичгийн машинаар цохьсон 100 шахам хуудас дурдатгалыг үзүүлэв/

-Сэтгүүлч миний хувьд 1980-аад онд “Улаан-Од” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан зохиолч, сэтгүүлч Да. Дамдиндоржийн бичсэн “Цагаан шөнийн тэнгэр дор” гэдэг туужийг уншиж байлаа. Уг туужид Сүхээ буюу Суховын дайны талбарт ямар ямар онцгой үүрэг гүйцэтгэж явсныг өгүүлсэн байдаг юм. Тэгээд Д.Сүхээгийн хэрхэн байлдаж явсан тухай өөрийн дурдатгалд бичигдсэн зарим баримтыг дурдах нь зүйтэй байхаа.

Баримт 1

Нэгэн өглөөний ширүүн тулалдааны үеэр бид дайсны шүхэрчдийг баривчлахаар ой руу орлоо. Тэгээд дайсантай халз мөргөлдөн харилцан гал нээсний дараа дайсан ухралт хийв. Энэ үед дайснаас амьд хэл барих үүрэг Сухов надад ногдлоо. Зугтаж яваа нэгийг хойноос нь хөөж явтал автомат тачигнан малгайг минь онож үсэргэв. Би буудуулаад ойчиж буй дүрээр хэвтэж байгаад ажиглавал тэнд хоёр дахь дайсан байгаа нь илрэв. Би босож гүйсээр тэр хоёрт ойртон очоод гал нээгчийг буудаж унаган комбинзоноо тайлж байсан фашистыг гарыг нь шархдуулаад гүйн очоод эрүүнд нь буу тулган хүлээд шархыг боож босгов. Том, жижиг дөрвөн буу зарим зүйлийг түүнд үүрүүлээд тууж ирж даргадаа хүлээлгэн өглөө. Тэр өдөр онгоцноос буусан шүхэрчдийг бид бүгдийг барьж чадсан.

Баримт 2

Нойтон цагаан манантай өдрийн тулалдаан оройн харуй бүрийд түр намжсан байв. Намайг дарга дуудав. Хээрийн байранд очиход нэг том цолтой дарга надад хандан "Дайсны галын шугамыг нэвтрэн газрын гүнд байрлаж байгаа пулемётын цэгийг устга, замд байх хайчлуур гэрлээс болгоомжлоорой" гэлээ. Би усархаг намаг дундуур мөлхөж гараад цахилгаан гүйдэлтэй өргөст торонд хүрлээ. Торны доод хэсгийг агшин зуур ухаж шурган гараад гадагшаа дөрвөн бууны ам цухуйх галын цэгт дөтлөв. Фашистуудын ярих нь сонсогдож байлаа. Бас моторын дуу ойрхон байв. Хянамгайхан мөлхсөөр дайсны галын цэгт хүрч нэг завсраар харахад лав 40-өөд герман цэрэг байлаа. Тэгээд галын цэгийн яг дэргэд бөмбөгнүүдээ байрлуулаад түргэн буцав. Намайг мөлхөж яваад гүн ус руу унах үед хүчтэй дэлбэрэлт болж хайчин гэрэл ч унтрав. Ийн нэгэн чухал үүргийг биелүүлээд ирэхэд нуувчинд байсан дарга нар надад баяр хүргээд гар барихад нь би “Зөвлөлт эх орны төлөө хэзээд бэлхэн” гэлээ.

Баримт 3

Ларин бид гурав. Дайсны давшилтын гол цэг нэгэн гүүрийг  дэлбэлэх үүрэг авав. Цуваагаар ирж байгаа олон машин Ленинградыг сүйтгэх зэвсэг ачиж яваа гэж дарга хэлсэн. Бид дан усанд хөвж явсаар гүүр хүрч тулгуур төмөрт нь бөмбөгөө баттай байрлуулаад мөн л зөвхөн нүүрээ ил гарган усанд хөвсөөр буцсан. Ларин надад хэлэхдээ “Одоо чиний ажлын чанарыг шалгана. Эгзэгтэй зөв байрлуулсан бол гүүр устана чадаагүй бол гүүр унахгүй “гэж байлаа. Тэгээд би түрүүчийн машин гүүр өнгөрөх агшинд аппаратынхаа товчийг дарахад тийм гэхийн аргагүй сүйрэл болж гүүр уналаа. Бид хоорондоо тэврэлдэн баяр хүргэцгээгээд анги руугаа буцлаа.

Баримт 4

1942 оны өвөл Горлова, Урицск, Лигова, Красносело зэрэг Ленинградын баруун болон зүүн өмнөд хот, тосгоны төлөө тулалдах үедээ манай анги бригад дайсанд бүслэгдээд байсан тэр цагт би фашистуудтай жинхэнэ улаан нүүрээ тулан үзэлцэж явлаа “Сахал” хочит Ларин гэдэг хүний удирдсан тагнуулын хэсэгт байхдаа би долоон удаа ганцаараа, арав гаруй удаад нь орос нөхөдтэй хамт явж дайсны гүнд нэвтрэн амьд хэл олзлох, галын цэг болон гүүр устгах чухал даалгаврыг биелүүлсэн юм.

Д.Сүхээгийн дурдатгалд дайны үеийн энэ мэт олон баримт бий. Уг дурдатгалынхаа төгсгөлд МАХН-ын 1945 оны гишүүн Должинсүрэнгийн Сүхээ гэж бичжээ.

-Ах чинь дайн дуустал фронтод байсан юм уу?

-Үгүй ээ. Нэгэн удаагийн тулалдаанд тун сүрхий шархдаад эмнэлэгт хэвтээд дараа нь фронт руу буцъя гэтэл эмч зөвшөөрөөгүй учир хөвөгч онгоцны засварын газар ажилласан юм билээ. 1943 оны эцсээр улаан цэргийн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэж яваад фашистуудын танкны цуваатай таарчихаж л дээ. Дарга нь ахыг дайсны анхаарлыг татаж бай гээд хэдэн бууны дунд орхиж. Сүхээ ах нэг буунаас нөгөө буу руу гүйж буудсаар нэлээд хэдэн танк устгаж. Тэгээд нэг мэдэхнээ цэргийн эмнэлэгт ухаан орсон байна. Хүчтэй дэлбэрэлтэд өртсөн гэдгийг хожим нь хүнээс сонссон гэдэг.

Энэ үед нэгэн орос нөхөр Сүхээ ахыг дуудаж уулзаад “Чи чинь Монголын иргэн юм байна шүү дээ. Чамайг элчин сайдын яамнаас чинь дуудсан байна" гэсэн мэдээ дуулгав. Ингэснээр сайн хүмүүсийн туслалцаатайгаар эх орондоо ирсэн юм билээ. Энэ бол ахын амьдралдаа их баярласан мөч байсан гэдэг.

-Дайны үед олон чухал үүрэг даалгавар биелүүлэн явж хариуд нь сайшаал, шагнал хэр хүртсэн байдаг юм бол?

-Ер нь хэн нэгэн нөхөр нуувч ухалцсан ч юм уу ганц нэг удаа мэдээ хүргэж явсан зэрэг дарийн утаа үнэрлэсэн төдийд үүрэг гүйцэтгэснээ гавьяа байгуулсан гэж ярих нь бий.

Тэгвэл манай ах бол Зөвлөлт эх орны дайны халуун голомт -Ленинградын төлөө жинхэнэ амь хайргүй байлдаж явсан юм шүү. Тухайн үед галын шугам давж онцгой үүрэг биелүүллээ гэж орос нөхөд одон, медаль хүртэнэ. Их шагнуулна аа.

Гэтэл ах минь Дмитрий Сергеевич Сухов нэртэй ч жинхэнэ улаан цэрэг биш гадаад хүн учир жагсаалын өмнө баяр хүргэж сайшаагдах төдий л шагналын гадна үлдэнэ.

Нэг л удаа гурав хоногийн чөлөөгөөр шагнуулсан ч бүрэн эдлээгүй гэдэг. Харин 6-7 удаа гар буугаар шагнуулсан байдаг.

-Одон медалийн шагнал огт байгаагүй гэж үү...?

-Байлдааны үед бол байсангүй л дээ. Харин дайнаас хойш Монголд ирж Гадаад явдлын яам болон бусад газруудад ажиллаж байхдаа авсан одон медаль олон бий. Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Японыг ялсны төлөө медаль, Жуковын медаль болон эх орны дайны ялалтын ойн медалиудтай. Ахынхаа тэдгээр шагналыг нь намтар түүхтэй нь 2015 онд би Жуковын музейд хүлээлгэн өгсөн. Сүүлд тэдгээрийг Монгол цэргийн музейд шилжүүлсэн гэнэ лээ. Ахыг Дархан хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарах үед нь Ю.Цэдэнбал дарга уулзсан юм билээ. Тэгээд хамгийн сүүлд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртээсэн байдаг юм.

-Ах чинь Монголдоо ирээд ямар ажил алба хашиж байсан бэ?

-Аж үйлдвэрийн комбинатын эсгий гутал, эсгийлэх фабрикт дарга, дараа нь Намын дээд сургуульд сураад ГХЯ-нд очиж БНАСАУ-д суух Монголын элчин сайдын яаманд ажилласан үе бий.

Тэндээсээ ирээд Зайсанд байдаг Солонгос хүүхдийн асран сувилах газарт орлогч, мөн Гадаадын жуулчдыг үйлчлэх газар, Барилгын яаманд ч байсан.

Тэгж байгаад БНСЧУ-д мэргэжил дээшлүүлж 1960-аад онд Дархан хотыг байгуулахад гар бие оролцож цементийн болон царуут тоосгоны үйлдвэрт ажиллаж байгаад сүүлд нь Дархан хотын захиргаанд гадаад харилцааны референт байв. Тэдгээр үед би ахтайгаа сав л хийвэл уулздаг, аж байдал ах дүү нарынхаа тухай хөөрөн ярилцдаг байсан даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Д.ЦЭРЭННАДМИД

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Пүүжээ
8 цагийн өмнө
116.206.83.106

Аргагүй баатарлаг гавьяатай хүн байна даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.