Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-ны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Алимаатай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчлэлийн талаар болон салбарын хууль эрх зүйн орчны асуудлаар ярилцлаа.
Бид хэзээнээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай (ХАБЭАТ) хуультай болж, ямар ямар замыг туулсан түүхээс яриагаа эхэлье?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал нь хөдөлмөрийн харилцааны нэг хэсэг учраас анхандаа Хөдөлмөрийн хуулийн нэг бүлгээр зохицуулагдаж байсан. Тэгээд 2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай бие даасан хууль батлагдсан. Хүний амь нас, эрүүл мэндийг ажлын байранд хамгаалахад чиглэсэн хуулийн нэг юм.
Тусгай бие даасан хууль нь салбарын үйл ажиллагаа, санхүүжилтийн тогтолцоог цогцоор нь зохицуулдаг. Ингэхдээ үндэсний хэмжээнээс ААН-ийн түвшинд хүртэл ямар бүтэцтэй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлд ажиллах, ажилтны эрүүл аюулгүй нөхцөлд ажиллах эрхийг хэрхэн хангах зэргийг хүртэл авч үзсэн. Энэ мэтээр анхны бие даасан хуульд дэвшилттэй зүйл олон бий. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд инженер технологийн шийдлүүд, менежментийн тогтолцоо, нийгмийн сэтгэл зүй зэрэг их олон хүчин зүйлс нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, ажлын байрны стресс, ажил амьдралын тэнцвэр, ялгаварлан гадуурхалт, дарамт зэрэг асуудлыг хүртэл сүүлийн үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал гэж үздэг болсон.
Түүнийгээ дагаад салбарын бие даасан хуулийг байнга өөрчилж, шинэ асуудлыг тусгаж, шинэ харилцааг зохицуулж байх хэрэгцээ шаардлага үүсэж байгаа юм. Түүнчлэн 2015 онд ХАБЭАТ хуулийн 30 гаруй хувьд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтэц тогтолцоог сайжруулах, ААН-ийн түвшинд ямар бүтэцтэй ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан ямар үүрэгтэй байх зэрэг асуудлыг илүү тодруулсан. Мөн манай улсын эдийн засгийн тодорхой хувийг эзэлдэг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, албан бус салбарт ажиллаж буй малчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг зохицуулах оролдлого ч хийсэн.
Монгол Улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиас гадна олон дүрэм журам үйлчилдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг зохицуулдаг 156 стандарт бий. Учир нь энэ салбарын асуудал илүүтэй стандарт, хэм хэмжээ, дүрэм журмаар зохицуулагддаг. Тийм ч учраас бид тав, таван жилийн давтамжтайгаар мөрдөгдөж буй стандартууддаа үзлэг хийдэг. Энэ стандартууд орчин үеийн шинжлэх ухаан, техникийн нөхцөл, хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА-н асуудлуудыг зохицуулж чадаж байгаа эсэх шинжилгээг өнгөрсөн хоёрдугаар сард хийлээ. Үүний үр дүнд нийт стандартын 40 гаруй хувийг шинэчлэх эсвэл шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага юунаас үүдэлтэй вэ?
-ГБХНХЯ байгуулагдсаны дараа 5 үндсэн чиглэлээр бодлогын шинжилгээ хийлгэсэн. Шинжээчдийн багт төрийн байгууллагын холбогдох мэргэжилтнүүд, судлаачид, олон улсын байгууллагынхан, салбарын экспертүүд багтсан. Тэгээд хөдөлмөрийн асуудлаар бодлогын зөвлөмж гаргаад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй гэсэн ерөнхий дүгнэлт гаргалаа.
Тогтолцоо гэхээр зөвхөн байгууллагын тогтолцоо биш. Төрийн байгууллагууд ч энэ тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болно. Түүнээс гадна мэргэжлийн олон байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт ажилладаг. Хөдөлмөрийн нөхцөл, эрсдэлийн үнэлгээ хийдэг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулдаг ААН-үүдээс гадна эрүүл мэндийн байгууллагууд ч энэ тогтолцооны нэг хэсэг юм. Тиймээс эдгээр байгууллагын үйл ажиллагааг уялдуулахад тогтолцооны шинэчлэл шаардлагатай. Улмаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, цахим шилжилтээ тууштай нэвтрүүлэх зэрэг хэрэгцээ улам нэмэгдэж байна.
Энэ хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх 2025-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталсан. Төлөвлөгөөний нэг хэсэг нь хуулийн шинэчлэлийн ажил. 2025 онд багтаан эрх зүйн хүрээндээ шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Дээр дурдсанчлан стандартын улсын үзлэг хийлээ, бодлогын зөвлөмжүүдээ гаргалаа, хуулийн шинэчлэлийн ажлуудыг ч эхлүүлж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг чухалчлан үзэх шаардлага бий. Энэ бол монгол хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал.
Аж ахуйн нэгж, байгууллагууд дээр ажиллаж буй бүтцүүд олон бий. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнүүд, томоохон компаниудад газар хэлтэс, тасаг нэгжийн хэмжээнд ажиллаж байна. Энэ хүмүүсийн чиг үүргийг илүү тодруулж өгөх ёстой. Оролцогч талуудын уялдааг хангах, мэргэжлийн байгууллагуудыг дэмжих боломжийг бүрдүүлэх нь төрөөс хууль тогтоомжийг шинэчлэх зайлшгүй шаардлагуудын нэг гэж ойлгож байна.
Монгол Улс 14 дэх жилдээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяныг зохион байгуулж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас улс орон бүрд хийгддэг ажлуудын нэг л дээ. Энэ жилийн хувьд хиймэл оюун ухааныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт хэрхэн нэвтрүүлж, дижитал шилжилтийг яаж хийх асуудлаар дэлхий нийтээр хэлэлцэж байна.
Манай улс ч мөн адил тогтолцооны шинэчлэлийн хүрээндээ AI ашиглах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлийн үнэлгээ, төрийн болон хөндлөнгийн хяналтуудад цахим шилжилтийг ашиглая гэсэн уриатайгаар сарын аянаа өрнүүлж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг чухалчлан үзэх шаардлага бий. Энэ бол монгол хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал.
Тиймээс хуулийн шинэчлэл дээр талуудын байр суурь, мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Сарын аяны хүрээнд эрчим хүч, уул уурхай, төмөр замын салбарынхан гэх мэт чиглэл чиглэлийн уулзалт хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ нь салбар салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг сонсож, хуулийн шинэчлэлд тусгахад маш их нэмэр болно. Үүний зэрэгцээ стандартуудаа шинэчлэх, зохицуулалтуудаа шинэ хуультай уялдуулан илүү боловсронгуй болгох ажлууд давхар хийгдэнэ. Нэг талаас хуулийн өөрчлөлт шиг харагдаж байгаа боловч, нөгөө талаасаа стандарт, дүрэм журам, ААН дээр хэрэгжүүлэх бүтэц тогтолцоо гээд их өргөн хүрээний асуудлыг хөндөх шаардлага гараад байгаа юм.
Хуулийн шинэчлэлд ямар асуудлуудыг хөндөх вэ? Үндсэн ямар гол зохицуулалт орж байгаа вэ?
-2008 онд батлагдсан хуулийг сүүлийн үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт гарч байгаа өөрчлөлтүүдтэй холбоотойгоор илүү боловсронгуй болгох шаардлага тулгарч байна. Тухайлбал, нэр томьёон дээрээ хүртэл хамрах хүрээ, зохицуулах харилцаагаа өргөжүүлье гэсэн зарчим баримталж байна. Одоо мөрдөж байгаа хууль маань “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” гэж байгаа юм.
Ажлын хэсгийн хуулийн төсөл дээр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай” гээд өргөтгөж байна. Эрүүл ахуй гэдэг нь ажлын байран дахь эрүүл мэндийн асуудлуудыг л хамарна. Тэгэхээр ажилтны эрүүл мэндийн асуудлыг хамгаалах, нөхөн сэргээх, ажиллах чадварыг хадгалах, эрүүл мэндийн бусад байгууллагуудтай уялдаа холбоогоо хангах зэргээр агуулгаа томоор төсөөлж, харж байна гэсэн үг. Ингээд хамрах хүрээ өргөжихөөр зохицуулалтын хүрээгээ бас тэлэх шаардлагатай болно. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс гаргаж байгаа олон стандартууд бий.
Ялангуяа хөгжиж буй улс үндэстнүүдэд зориулсан зөвлөмж болгох тогтолцооны конвенц хүртэл байна. Бид конвенцын нийцлийн судалгааг хийж үзэхэд “Монгол Улсын хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоо харьцангуй бүрэлдсэн” гэдэг дүгнэлт гарсан. Гэхдээ малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч зэрэг албан бус байдлаар хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хувьд манай хууль тогтоомжийн хүрээ нарийн үйлчилж чадахгүй байна. Тиймээс энэ хүмүүст хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал тулгарч байна гэдэг дүгнэлт ч гарсан. Энэ чиглэлд шинэ хуулиар тодорхой алхмуудыг хийнэ. Ялангуяа гэрээрээ ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хувьд химийн хортой бодисуудыг ашиглах, аюулгүй ажиллагааны дүрэм журмуудыг мэдэхгүй байх, үйлдвэрлэлийн осолд өртөх асуудал сүүлийн үед гарч байгаа учраас тэднийг эрүүл аюулгүй орчинд ажиллахад дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай гэсэн агуулгыг оруулж байгаа юм. Дээрээс нь тогтолцоотой холбоотой нэлээд олон зүйлийг хуулийн төсөлд тусгана гэж тооцоолж байна. Санхүүжилтийн тогтолцооны хувьд өнгөрсөн жилүүдэд зарим өөрчлөлт хийсэн.
2023 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн Даатгалын дөрвөн багц хуульд үйлдвэрлэлийн ослын даатгалын хууль багтдаг. Тиймээс үйлдвэрлэлийн ослын даатгалын сангаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой зардлыг санхүүжүүлдэг, ажил олгогчид дэмжлэг үзүүлдэг байхаар зарим өөрчлөлтүүдийг хийнэ. Цаашлаад улам боловсронгуй болгох шаардлага байгааг үгүйсгэхгүй. Хуулиараа үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийг ажил олгогч төлж байгаа юм. Эрсдэлийн түвшин, салбарын онцлогоос хамаараад шимтгэлийн хувь хэмжээ гурван шатлалтай. Илүү эрсдэлтэй салбарын ажил олгогч өндөр шимтгэл төлж байна гэсэн үг.
Ерөнхийд нь одоогийн үйлдвэрлэлийн ослын даатгалын хуулийн концепц нь үйлдвэрлэлийн осолд өртчихсөн эсвэл мэргэжлээс шалтгаалах өвчин тусчихсан нөхцөлд түүний дараах арга хэмжээг тусгасан байгаад байна. Олон улсын түвшинд бол урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн нөхцөлийг нь сайжруулдаг тогтолцоог хамгийн зөв, оновчтой гэж үзэж байна. Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулна гэдэг нь ажил олгогчтой илүү ажиллах тухай асуудал. Тэгэхээр хөдөлмөрийн нөхцөлийн болон эрсдэлийн үнэлгээ хийх, менежментийн тогтолцоо нэвтрүүлэх, сургалт сурталчилгааг өргөжүүлэх гээд урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Хөдөлмөрийн хяналтын асуудал ч урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэг хэсэг байх ёстой. Хяналтыг торгох, шийтгэх гэхээс илүү ажил олгогчид зөвлөгөө мэдээлэл өгөх, хамтран ажиллах тал руу чиглүүлэх шаардлагатай. Ер нь цаашдаа урьдчилан сэргийлэхэд анхааръя гэсэн хуулийн үндсэн концепц гарчихсан. Тэгэхээр үйлдвэрлэлийн ослын даатгалын сангаас ч тэр аль болох урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ажил олгогчоо дэмжсэн дэмжлэгүүдийг үзүүлж байж, хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулж байж ажилтан эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл нь хангагдана. Осолд өртсөний дараах төлбөр тооцоо, нөхөн сэргээх үйл ажиллагаа мэдээж явна. Гэхдээ аль болох урьдчилан сэргийлэх рүү хуулиудын уялдаа холбоог хангах байдлаар зохицуулалтыг илүү нарийн болгох ажлууд хийх гэж байна. Үйлдвэрлэлийн ослын даатгалын тогтолцоо дотроос ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалд давхар хамруулах арилжааны даатгалын эрх зүйн зохицуулалт үйлчилж байгаа. Нийгмийн даатгалын сангаас үзүүлэх үйлчилгээ, тусламж дэмжлэгийг сайжруулахын зэрэгцээ арилжааны даатгалын байгууллагуудаас үзүүлэх үйлчилгээг ч чанаржуулах ёстой. Үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, хүртээмж чанарыг сайжруулах хэрэгтэй гэдэг зүйлийг давхар ярьж байна. Ажил олгогч, арилжааны болон нийгмийн даатгалаас хийж байгаа урьдчилан сэргийлэх ажлыг уялдуулъя гэсэн санааг ч хуульд тусгана.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцаанд ажил олгогч болон ажилтны хариуцлага өөрчлөгдөх үү? Өөрчлөгдөх бол ямар өөрчлөлтүүд орох вэ?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг ажил олгогч шууд хариуцах хуулийн үүрэгтэй. Энд зарчмын өөрчлөлт орохгүй. Ажилтан хүн хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байгаа тохиолдолд тухайн ажилтны эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг ажил олгогч хангах ёстой юм. Гэхдээ зөвхөн ажил олгогчийн үүрэг гээд хаяж болохгүй. Ажилтан хүн ч гэсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт, дүрэм журмуудаа мөрдөх, ХАБЭА-н сургалтад хамрагдах, зааварчилгаагаа дагах, хувийн хамгаалах хэрэгслээ зохистойгоор ашиглах ёстой зэрэг тал талын үүрэг чухал. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцооны онцлог бол нэг тал руу хандаад орхиж болдоггүй олон талын оролцооноос хамаардаг.
Хуулийн хэрэгжилтэд салбар хоорондын уялдаа холбоог хэрхэн хангах вэ?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль бол нийтлэг ерөнхий зохицуулалтын хууль юм. Энэ хуулийн гол асуудал бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага стандартууд улсын хэмжээнд нэгдмэл байх зарчим. Мэдээж уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарууд дээр онцлогт нь нийцсэн дүрэм журам, стандартууд тогтоогдоно, салбарын хуулиараа зохицуулагдана. Гэхдээ тавигдаж байгаа шаардлагууд нэгдмэл байхыг хуулийн шинэчлэлээр зохицуулна гэж үзэж байна.
Шинэчлэлийн үр дүн зарим нэг салбар, байгууллага, аж ахуйн нэгжид яаж нөлөөлөх вэ?
-ААН, байгууллагууд дээр дарамт үзүүлж, ачаалал үүсгээд байхаас илүү, ажил олгогч нарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалдаа анхаарал хандуулах, урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зохицуулалтуудыг хийх юм. Үйлдвэрлэлийн ослын даатгалын сангаас үзүүлж байгаа үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэхээс эхлээд ажил олгогчийн зарим зардлыг хуваалцах хүртэл асуудлууд байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар ажил олгогчид санхүүгийн болон бусад ачаалал үүсгэхгүйг зорьж байна. Аль болох ажил олгогчийг дэмжих, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, ажил олгогч болон ажилтан хоорондын хамтын ажиллагаанд чиглэсэн, урьдчилан сэргийлэхэд төвлөрсөн хууль байхаар төлөвлөж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар иргэд, аж ахуйн нэгжийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал байнгын, тасралтгүй сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээлэл дээр явагддаг. Хүн хэлэхээс, цаас чичихээс наашгүй гэж ардын зүйр үг бий. Манайхны өмнөх жилийн практик бол дөрөвдүгээр сард аян өрнүүлээд зогсонги байдалд ордог тал байсан. Энэ цаашдаа сайжрах шаардлагатай.
Одоо бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцооны нэгдсэн төлөвлөгөөг дөрвөн жилээр гаргасан. Энэ төлөвлөгөөнд сургалт сурталчилгаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сайжруулах нэг бүлэг оруулсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал дээр нотолгоонд суурилсан, судалгаа шинжилгээнд үндэслэсэн, олон улсын практиктай нийцсэн эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэх ёстой. Түүндээ үндэслэсэн сургалт сурталчилгааг бодитой, шинжлэх ухаанч илүү хүнд хүрсэн байдлаар зохион байгуулах аргуудыг нэвтрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
2024 оны 12 дугаар сард Тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах техникийн зохицуулалт гарлаа. Энэ нь Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар гарч байгаа Засгийн газраас баталсан эхний зохицуулалт болж байна. 2025 оны 7 дугаар сарын 01-нээс зохицуулалтыг мөрдөж эхэлнэ. Тиймээс уул уурхай, барилга зэрэг тоосны өртөлт өндөр гардаг салбарын ажил олгогчдоо түлхүү сургах ажлаа эрчимжүүлэх зэрэг дээр төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
Шинэ хууль батлагдсаны дараа хэрэгжилтийг хэрхэн хянаж, үнэлэх вэ?
-Хуулийн хэрэгжилтийг хангуулахад бүхэл бүтэн механизм ажиллах ёстой. Уламжлалт практикаар бол төрийн хяналтын механизм байдаг. Төрөөс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байна гэдгийг шалгадаг, хянадаг тогтолцоо бол бий. Шинэ хууль дээр бид хяналтын механизмыг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр асуудлуудаа тусгаж байна. Гэхдээ илүү цахим системд суурилсан, цахим хяналтын тогтолцоо гэдэг шинэ чиглэлийг оруулж байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, мэдээллийн сангууд, AI дээр үндэслэсэн байдлаар хяналтуудаа хийх юм. Нөгөө талаас хөндлөнгийн хяналтын чиг үүргийг нэлээд тодорхой болгохыг зорьж байна. Энэ бол төрөөс хянаж байгаа биш мэргэжлийн байгууллагууд нь тодорхой чиглэлүүддээ хөндлөнгийн байдлаар хяналтаа тавиад зөвлөн туслах, үйлчилгээгээ сайжруулах чиглэлийг гаргаж ирнэ гэсэн үг. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийдэг лабораториуд, сургалтын байгууллагууд, мэргэжлийн холбоод ч хөндлөнгийн хяналт хийж болно. Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал дээр хоёр төрлийн хяналт их чухал байна.
Олон нийтийн хяналт буюу ажилтан талаасаа хянах. Энэ бол зайлшгүй байх ёстой бөгөөд ААН, байгууллагад үүссэн асуудлыг ажилчид өөрсдөө мэдээлэх, эргэж шаардах чиглэлийн хяналтыг сайжруулна. Нөгөө талаас, ажил олгогчоос дотоод хяналт тавих үүрэгтэй. Хяналтуудын зөв тэнцвэрийг хангаж байж л Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирна. Тэгэхээр төрийн хяналт дээр цахимжсан, хүнд суртал багатай, илүү оновчтой хяналтын тогтолцоо бүрдүүлэх шаардлага байна. Тэгээд хөндлөнгийн хяналтыг мэргэжлийн байгууллагууд тавих ёстой. Дээрээс нь ажилтан хүн, ажил олгогчдын зүгээс тавих дотоод хяналт, олон нийтийн хяналтын тогтолцооны тэнцвэрийг хангаж байж хуулийн хэрэгжилт сайжирна гэсэн агуулгаар хуульд өөрчлөлт хийж байна.
Хуулийн шинэчлэл хийгдсэнээр хөдөлмөрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тоог бууруулахад хэрхэн нөлөөлнө гэсэн тооцоолол бий юу?
-Хууль өргөн барихын өмнө нэлээд олон судалгаа, тооцоолол гарах ёстой. Бид үр нөлөөний судалгаа, зардал үр ашгийн тооцоонуудаа хийж байна. Бусад хуулиудтайгаа хэрхэн, яаж уялдах уу гэдэг судалгаануудыг ч чамгүй хийсэн. Тэгээд нөхцөл байдлаа үнэлж, бодлогын зөвлөмжүүдээ гаргалаа. Дээрээс нь олон улсын конвенцуудтай манай улсын хууль яаж нийцэж байна гэдэг нийцлийн судалгаа хийж сайжруулах чиглэлээ ч гаргаж авсан. Үндсэндээ хуулийн шинэчлэл урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа руу чиглэгдэнэ.
Эхний жилүүдэд ажил олгогч төдийгүй үйлдвэрлэлийн ослын даатгалын сангийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбоотой зардал тодорхой хэмжээгээр нэмэгдэх байх. Тэгээд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа руу анхаараад ирэхэд ослын тоо үүнийг дагаад буурах ерөнхий хандлага бий. Энэ чиглэл рүүгээ л явна. Цаашдаа мэдээж ослыг бүртгэх, мэдээлэх системүүд боловсронгуй болох ёстой. Хамгийн гол нь хүнд хэлбэрийн, хүний амь нас эрсэдсэн ослыг бууруулахад хамгийн том зорилго орших ёстой.
Манай улсын хувьд өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулаад үзэхээр нас барсан ослын тоо харьцангуй өндөр буюу бараг 6-10 дахин их байна. Тэгэхээр юун түрүүнд анхаарах ёстой асуудал нас барсан ослыг бууруулах. Үүнд тал талын оролцоо маш чухал. Хууль тогтоомжоо шинэчлэх, дүрэм журам, стандартуудаа орчин үеийн шинэлэг хэлбэрт оруулах, ажил олгогчид урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах ёстой. Тал талын оролцоо дэмжлэгийн ачаар осол буурна. Түүнээс биш нэг хууль гаргаад, шинэ хууль хэрэгжүүлээд шууд осол буурна гэдэг төсөөлөл байж болохгүй. Аль болох осол гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх рүү чиглэсэн хөрс суурийг бэлдсэн хууль болно гэсэн үг.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх урт хугацааны зорилт, бодлого юу вэ?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлын үндсэн хөрс суурь нь дадах, хэвших, мэдлэг ойлголтоо сайжруулах, хандлагаа зөв болгох, олон талт оролцоог сайжруулах юм байна. Түүнээс биш ажилтан нь ХАБ-ын ажилтны хажууд хамгаалах хэрэгслээ ашиглаад бусад үед хэрэглэхгүй байж болохгүй зэрэг жижиг асуудлаас эхлэх ёстой. Мөн олон улсын шилдэг практикуудыг нэвтрүүлэх нь чухал байна. Манайд олон улсын практик гадны хөрөнгө оруулалттай компаниудыг дагаад ороод ирсэн. Хууль анх гарч байсан үетэй харьцуулбал ахиц дэвшил маш их гарсан.
ААН байгууллагууд өөрсдөө үлгэр жишээ болохоор соёл нэвтрүүлж байна. Гол нь тэр туршлагыг түгээн дэлгэрүүлмээр байна. Ямар ч байсан тогтолцооны шинэчлэлээ урт хугацаандаа дуусгах ёстой гэдэг ерөнхий чиг хандлага бий. Тогтолцоо дотор их олон юм багтана. ААН-ийн түвшинд хувь хүн, ажилтны соёлоос авхуулаад үндэсний түвшиндээ тогтолцооны, санхүүжилтийн, байгууллага хоорондын, үйлдвэрлэлийн ослын даатгалын сангийн, арилжааны даатгалын, олон стандарт дүрэм журам, салбар хоорондын уялдааг хангах зэрэг олон асуудлыг нэгтгэн зангидаж байж нэг систем, нэг механизм болно. Ингэж араа шүд нь нийлж ажиллах ёстой юм.
Эх сурвалж: “Майнинг Инсайт” сэтгүүлийн сэтгүүлч Б.Баянжавзан ярилцлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.