Улсын дээд шүүх “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэлэлцэн эцэслэн шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн зарим тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болоод багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэх заалт хэрэгжихгүй, УИХ-ын гишүүнийн халдашгүй байдал гэх халхавч, АН-ын нөмөр доор орсон Даваагийн Цогтбаатарт хууль үйлчлэхгүй өнөөг хүрэв.
Хэрэв жирийн иргэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх тогтоочихсон бол өдийд аль хэдийн ял шийтгэлээ эдлээд эхэлсэн байгаа. Гэтэл АН, “Женко” Х.Баттулгын ивээлд орсон Даваагийн Цогтбаатар Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийг үл ойшоон хууль тогтоолцохоор суусаар буй юм. Эндээс Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан эрх тэгш байх зарчим алдагдаж, “дабл стандарт” үйлчилж буй нь харагдана.
УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшиж 55 мянга гаруй сонгогчийн саналыг авч хууль тогтоолцохоор болсон Даваагийн Цогтбаатарыг УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсгийн “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гэх заалтыг үндэслэн эгүүлэн татах нөхцөл бүрдээд даруй 4-5 сар өнгөрөв. Уг нь хуульд цагаан дээр хараар “хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх нь дуусгавар болох үндэслэл болно” гээд тодоор биччихсэн, хэнд ч тодорхой заалт байхад хууль тогтоогчид, тэр ч байтугай хуулийн салбарын сайд нь хүртэл уг зүйл заалтыг Даваагийн Цогтбаатарт ашигтай байдлаар тайлбарлан ял завших боломж олгож суугааг юу гэх вэ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэвлэлийнхэнд "түүнтэй холбоотой асуудал гацаанд орсон" хэмээн хээв нэг ярьсан. Тэрбээр “Даваагийн Цогтбаатар гишүүнтэй холбоотой шүүхийн шийдвэр ирсэн. Тус байгууллага хуульд зааснаар томилсон буюу сонгосон албан тушаалтанд шаардлага хүргүүлэх ёстой. УИХ-ын гишүүнд томилсон, сонгосон албан тушаалтан байхгүй учраас энэ албан тушаалтанд ямар хүн хамаарах юм бэ, СЕХ хамаарах уу гэдгийг тодруулахаар бичиг явуулсан. Өөрөөр хэлбэл, Даваагийн Цогтбаатар гишүүний асуудал хуулийн мухардалд орчихсон, гацчихсан гэсэн үг” хэмээсэн юм.
Тэгвэл Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийн “Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар” номын 550 дугаар хуудсанд “Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол” гэдэг нь шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болохыг ойлгоно. “Улсын Их Хурал түүнийг гишүүнээс эгүүлэн татна” гэдэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсоныг ойлгох бөгөөд ийм нөхцөлд УИХ Монгол Улсын их хурлын тухай хуулийн 9.2-т заасны дагуу УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах тогтоол гаргаж, бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгоно” хэмээн тайлбарласан байх юм. Үүнээс үзвэл гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон Даваагийн Цогтбаатарын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох асуудал огт гацаанд ороогүй аж. Харин УИХ-ын гишүүд, тэр дундаа АН-ын бүлгийнхэн Ерөнхий сайдыг уучлалт гуйхаас нааш хуралдаа суухгүй гэх “сүрдүүлгээрээ” далимдуулж ял шийтгүүлсэн нэг гишүүнээ авч үлдэх гэсэн ашиг сонирхол нуугдаж байхыг ч үгүйсгэхгүй юм.
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарын тухайд 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон дуулиант “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдсан билээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолд “Даваагийн Цогтбаатарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээв” хэмээсэн байгаа. Харин түүнийг буруутгасан “Сэлэнгийн герфорд” ХХК, “Пи Си Вай” ХХК-д холбоотой үйлдлийг хэрэгсэхгүй болгосон билээ.
Тэгэхээр УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсгийг үндэслэн эгүүлэн татаж, хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг хэрэгжүүлэхийг УИХ-аас шаардах нь зүйд нийцэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жонхуучин Цогтбаатар зайлаа.