Нөмрөг-Улаангом чиглэлийн А18 дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүрэх хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүллээ. Нээлтийн ёслолд оролцсон Улсын их хурлын дарга Д.Амарбаясгалангийн сэтгэгдлийг та бүхэнд хүргэе.
Улсын их хурлын дарга Д.Амарбаясгалан:
-Алтай-Улиастай чиглэлийн 178км авто замын Алтай талаас 60км, Улиастай талаас 40км замын ажлыг зэрэг эхлүүлж байна. Дунд нь үлдэх 60км авто замыг ирэх жилээс Азийн хөгжлийн банктай хэлэлцээ хийж эхлүүлснээр, 2028 оны нэгдүгээр сард холбогдож дуусах төлөвлөгөөтэй.
Яг одоо нээлтээ хийж байгаа Арцсуурийн боомт хүртэлх авто зам нь ОХУ-ын Туватай холбогдож, баруун бүсийн аймгуудад эдийн засгийн хувьд үр өгөөж шууд өгнө. Арцсуурийн боомт хүртэл тавигдахдаа үндсэндээ таван сумыг хатуу хучилттай авто замаар холбох ач холбогдолтой. Завхан аймгийнхны хувьд УБ, цаашилбал Эрээн орно гэдэг 2000 орчим км зам туулах хүндрэлтэй байгаа. Тэр хэрээр бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр байдаг.
Говь-Алтай аймгийн Бургастайн боомтыг нээснээр Шинжаан Уйгарын зах зээлтэй холбогдоно. Шинжаан Уйгар болон Тувагийн ойр орчимд 40 сая хүн амьдарч байна. Евразийн хэлэлцээрт нэгдэх асуудал яригдаж байгаа. Хэрэв энэ хэлэлцээрт манай улс нэгдвэл баруун таван аймгийн ард иргэдэд өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа. Сүүлийн үед яригдаад байгаа гурил, буудайн үнийг чөлөөлсөн асуудал гэхэд баруун аймгийн иргэдэд бас үр өгөөжтэй гэв.
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д баруун бүс нутагт “Арцсуурь боомт-Баянхайран сум-Тэлмэн сум болон Улиастай хот-Алтай хот-Бургастай боомт чиглэлийн босоо тэнхлэгийн авто замыг барина” гэж заасан байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.