Энэ оны 04-р сарын 29-ний өдөр 12 цаг 15 минутад Хэнтий аймгийн цагдаагийн газар “Норовлин сумын нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч байна” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Аймгийн цагдаагийн газраас түймэр гарсан нутаг дэвсгэрт хүний санаатай болон болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр гарсан эсэх талаар хэргийн газар шалгалтын ажиллагааг явуулжээ. Урьдчилсан байдлаар тус сумын иргэн А-ийн гэрийн гаднаас гал гарч, түймэр нийт 200га орчим талбайг хамарч, улмаар тус сумын иргэн Д-ийн Монгол гэр, малын саравч шатсан нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 2024 онд “Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэргийн шинжтэй есөн хэрэг бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Эрүүгийн хуульд иргэд гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч, хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
Харин ой, хээрийн түймрийг санаатай тавьсан үйлдэлд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Уг санаатай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон мөн их хэмжээний хохирол учирсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг.
Хаврын хуурайшил их, салхитай энэ цаг үед иргэдийн ил задгай үнс нурам хаях, татсан тамхины ишийг унтраалгүй орхих зэрэг санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлийн улмаас олон мянган га талбай газар шатаж, үүгээр ч зогсохгүй иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас эрсдэлд орж байгаа тул Иргэн бүр хариуцлагатай байцгаая.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.