Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсад ажиллаж амьдарч буй иргэд, АСИМОН Монголчуудын холбооны төлөөлөл, Соёлын элч Д.Мэндмаа болон Монгол Улсын Өргөмжит консул Виктор Албиолтой уулзалт хийжээ.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжил дэвшил, хөгжлийн томоохон зорилтуудын талаар танилцуулж, хилийн чанадад амьдарч буй иргэдийн эрх ашгийн хамгаалах, үндэсний соёл, уламжлалаа түгээж, залуу хойч үедээ өвлүүлэх зэрэг зөөлөн хүчний бодлого, үйл ажиллагааны талаар ярилцжээ.
Испани Улсад 1000 гаруй монгол иргэд оршин сууж байгаа бөгөөд иргэд хоорондоо харилцан дэмжлэг үзүүлэх, монгол хэл, соёлоо хүүхэд залуучуудад зааж сургах чиглэлээр идэвхтэй ажилладаг АСИМОН Монголчуудын холбоо үйл ажиллагаагаа танилцуулав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг иргэдийн эрх ашгийг хамгаалах, монгол иргэд болон олон соёлт гэр бүл, хүүхдүүдийн эх хэл, түүх, соёлоо сурахад туслалцаа үзүүлэх, соёлын өвийг хадгалж, уламжлалт соёлоо дэлхийд сурталчлах зэргээр “Дэлхийн монголчууд – II” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд АСИМОН Монголчуудын холбооноос оруулж буй хувь нэмрийг нь сайшаан үнэлж, “Батламж” гардуулсан бөгөөд цаашид мөн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар болжээ.
Мөн иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт хоёр улсын харилцааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын Соёлын элч Д.Мэндмаа мөн монголын соёл урлагийг Испани Улсад сурталчлах, өнгөрсөн 10 жилийн хугацаанд жил бүр зохион байгуулж буй төгөлдөр хуурын олон улсын наадам тэмцээнд монголоос 100 гаруй хүүхдийг оролцуулж ирснийг дурдсан бөгөөд хоёр улсын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, испанийн алдартай хөгжмийн сургуулиудад оюутан сургах чиглэлээр ажиллахаар болжээ.
Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг монгол иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлж, хууль ёсны эрхийг нь хамгаалахад санаачилгатай ажиллаж байгаа Монгол Улсын Өргөмжит консул Виктор Албиол-д талархал илэрхийлж, хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хувийн хэвшил хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэх чиглэлээр түлхүү анхаарч ажиллах нь чухал гэдгийг онцлов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.