Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталжээ.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Засгийн газрын өнөөдрийн хурлаар Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталлаа. Өмнө нь гадаадын шилдэг их дээд сургуульд тэнцсэн бол зээл олгодог байсан. Харин шинэчилсэн журмаар 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл дотоодын их сургуульд хоёр жил суралцаад гадаадын сургуульд хоёр жил суралцах тохиолдолд боловсролын зээл олгоно. Ингэснээр дотоодын дээд боловсролоо дэмжинэ мөн орон нутгийн суралцагчдад тэгш боломж олгоно гэж ойлгож болно.
Арваас дээш жил малчнаар ажилласан гэр бүлийн хүүхдийг боловсролын зээлийн сангаар сургана. Гэхдээ сурах чиглэлийг нь зааж өгсөн байгаа.Түүнчлэн зээлийг эргэн төлөх хугацааг 20 хүртэлх жилээр сунгах уян хатан нөхцөлийг тусгаж өгсөн. Их сургуулиа дуусгаад гадаадад гурав хүртэл жил ажиллаад ирж болно гэж зааж өгсөн.
Үүнээс гадна сонгон шалгаруулалтыг хийхдээ хүнээс үл хамаарч холбогдох материалаа зөв бүрдүүлсэн бол шалгарах магадлал өндөртэй. Өмнө нь нэг өрхийн хоёр хүүхэд тэтгэлгээр сурна гэж хязгаарлаж байсан бол шинэчлэгдсэн журмаар нэг айлаас хэдэн ч хүүхэд тэтгэлэг авах боломжтой болж байна.
Төсөвт нэмэлт санхүүгийн ачаалал үүсгэхгүйгээр үр ашиг нь нэмэгдэнэ гэж харж байна. Монголд БЗС-гаас зээл авч ажиллаж, амьдарч буй 14 мянган хүнээс 1200 орчим нь гадаадад суралцаж байна. 300 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна. БЗС-гийн зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийг Монголбанкны зээлийн мэдээлэлийн санд бүртгэх асуудлыг олон жил ярьж ирсэн. Ингээд энэ асуудлыг нэг мөр шийдэж хар жагсаалтад гурван үе шаттайгаар 14 мянган хүний мэдээллийг өгсөн байгаа. 2024 онд 438 сая төгрөг буцаан эргэн төлсөн бол 1.2 тэрбум төгрөг төлсөн байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.