Хууран мэхэлж хүний эд эрхтэнийг авсан гэм буруутай гэж шүүхээс дүгнэн, хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн Хүний гавьяат эмч П.Батчулууны өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлыг хэлэлцэх, эсэхийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн энэ баасан гарагт буюу тавдугаар сарын 2-нд шийдвэрлэхээр товложээ.
Эл таван өмгөөлөгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний зөрүүг арилгах, энэ хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн үзвэл хурлыг товлон хэлэлцэнэ. Харин хэлэлцэхээс татгалзаж, уг зүйл заалтад гомдол хамаарахгүй гэж дүгнэвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болох юм.
ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан, Хүний гавьяат эмч П.Батчулууныг бусдын эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан хэрэгт гэм буруутайд тооцон, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээсэн билээ.
2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө зам, тээврийн осолд орж, ГССҮТ-д хүргүүлсэн, тархины үхэлтэй гэдгийг нь мэргэжлийн эмч нар тодорхойлсон А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсгүүд, цөсний хүүдий, элэг, бөөр зэргийг авахдаа ар гэрийнхэнд нь тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан. Өөрөөр хэлбэл, элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа гол судсыг авах талаар хэлж зөвшөөрөл авсан боловч шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг болох хүний доод мөчдийн эд, цөсний хүүдийг авах талаараа ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй хэмээн буруутгаж, түүнийг Эрүүгийн хуулийн 15.3-2 дахь хэсэгт заасныг үндэслэн ял шийтгэсэн юм. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон учраас Хүний гавьяат эмч П.Батчулууныг ШШГЕГ-ын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги буюу Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хүргэсэн аж.
Түүний биеийн байдал хүнд байгааг мэргэжил нэгтнүүд нь хэвлэлийн бага хурал хийж, удаа дараа мэдээлж буй бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад П.Батчулуун эмчийн өвчин хамаарч байгааг мөн сануулах болсон билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.