Түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийв.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Улсын хэмжээнд өчигдөр таван удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур, Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт сум болон Богд ууланд түймэр гарлаа. Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт сум, Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраасан. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Шадар сайд С.Амарсайхан болон ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ганзориг нар түймрийн голомтод ажиллаж байна.
Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн ойролцоо аймгуудын онцгой байдлын байгууллага, сумын мэргэжлийн анги, сайн дурын бүлгүүд гэх зэрэг холбогдох мэргэжлийн бүлгүүд ажиллаж байсан бол нэмэлтээр үндэсний аврах бригад түймрийн голомтод ажиллаж байна. Зүүнбүрэн суманд гарсан түймэрт урьдчилсан байдлаар монгол гэр дөрөв, өвөлжөө арав, нэг трактор шатсан. Хохирлын дүн мэдээ эцэслэн гараагүй байна.
Богд ууланд гарсан түймрийг унтраах ажиллагаанд онцгой байдлын байгууллага, байгаль орчны газар, байгаль хамгаалагчид оролцсон. Мөн сайн дурын мото клубийнхэн, сайн дурын иргэд тус түймэр унтраахад маш их дэмжлэг туслалцааг үзүүлж ажилласан. Иргэддээ тусалж дэмжсэнд баярлаж талархаж байгаагаа хэлэхийг хүсэж байна.
Шалтгаан нөхцлийг тодруулахаар мэргэжлийн байгууллага ажиллаж байна. Богд ууланд гарсан түймрийн тухайд салхи ихтэй байсан учир нисдэг тэрэг нисэх боломжгүй байсан.
Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа нисдэг тэрэг эрэн хайх аврах, түргэний нислэг гэх зэрэгт ашиглагддаг. Нэг нисдэг тэрэг Сэлэнгэ аймагт үүрэг гүйцэтгэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.