Прокурорын байгууллага 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэл хугацаанд 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 91, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 63, Өмчлөх эрхийн эсрэг 58, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Авлигын 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Эдийн засгийн эсрэг гэмт хэрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2 хэрэг байна.
-Нийслэлийн прокурорын газраас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвийн ажилтан Д.Б нар нь байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж, өөртөө давуу байдал бий болгох үүднээс худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдалгүй гэрчилгээ гаргуулан авч, бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
-Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нийтийн албан тушаалтан Л.Ц нар нь бусадтай үгсэн хуйвалдаж, халамжийн сан болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр амраах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ортопедийн болон тусгай хэрэгсэл нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрийн насны залуусыг мэргэжлийн сургалтад хамруулах нэрийдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст нийт 325.6 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл 1,2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
-“А” ХХК-ийн удирдах албан тушаалтан Д.А нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй компаниас 1 тэрбум 7 сая төгрөгийн үнийн дүнтэй эд хөрөнгө бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 100,7 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
-Цахим орчинд мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор покер нэршилтэй үр дүнг нь урьдчилан мэдэх боломжгүй аз туршиж тоглодог цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж 246.6 сая төгрөгийн ашиг олсон М.О нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
-Бусдын биеийг үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт оруулж, ашиг олох зорилгоор хуурч, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн Ө.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1, 2.2, 3.1 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллэ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.