Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт Монгол аж ахуйн нэгжүүд оролцох боломжгүй болсныг мэдээлэв. Уг асуудлаар төрийн гурван өндөрлөг болон УИХ-д суудалтай намын бүлгүүдэд шаардлага хүргүүлнэ гэж хэлэв.
Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар:
-Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагаанаас гаргасан. Тус тендер дөрөвдүгээр сарын 23-ны өдөр нээгдсэн. Тус тендер хоёр багцтай зарлагдсан бөгөөд монгол компани орох боломжгүй тендер гэж үзэж байна. Учир нь нэгдүгээр багц нь 373 тэрбум төгрөг, хоёрдугаар багц нь 453 тэрбум төгрөг зарлагдсан. Хэт өндөр үнийн дүнгээр зарласан нь анхнаасаа монгол аж ахуй нэгж оролцуулахгүй гэсэнтэй адил.
Төр аж, ахуй нэгжээ ажил орлоготой байлгах тал дээр бодлого шийдвэрээ гаргаж явах үндсэн үүрэгтэй. Гэсэн ч энэ үүргээ гүйцгэхгүй байгаа учир бид төрийн өндөр албан тушаалтан, намын удирдлагуудад шаардлага хүргүүлж байна. Дотоодын аж ахуй нэгжүүд бид тус цогцолбор хорооллыг барих ажилд оролцох сонирхол их байна. Үндэсний компани, монгол ажилчдаа ажилтай, орлоготой байхад анхаарч өгөхийг хүсэж байна.
Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт монгол компанийг анхнаасаа оролцуулахгүй гэх байдлаар зарлагдсан гэж үзэж байна. Тендерийн шаардлагадаа 2020, 2021, 2022 эсвэл 2023 оны аль нэг жилд 130 тэрбум төгрөгөөс дээш орлоготой ажилласан байх ёстой гэсэн байна. Гэтэл цар тахлын дараах эдийн засгийн хямралаас үүдэн энэ салбар хүнд нөхцөлд орсон. 2024 онд гэхэд 4000 гаруй компани хаалгаа барьсан гэсэн мэдээлэл бий.
Тендерт гадаадын компанийг оролцуулах боломжийг нээсэн бөгөөд урьдчилгаа төлбөр олгохоор тусгасан. Харин монгол компаниуд банкнаас 30 хувийн зээл авч байж оролцдог, урьдчилгаа төлбөр бараг олддоггүй. Мөн гадаадын компани шалгараад ажил нь удааширсан ч алданги тооцохгүй гэсэн заалт оржээ. Нэг сумын дайтай хороолол барих ажлыг нэгхэн компанид өгнө гэж байна. Нэг блок барилгыг нэг компанид өгвөл 22 монгол компани ажилтай орлоготой байх боломжтой байсан. Тус тендерт гадаад компани орж ирэхээр ажилчид нь гадаад, бараа бүтээгдэхүүн нь гадаад, манай улсад үлдэх үр өгөөж үгүй болно гэсэн үг. Монголын 5000 орчим барилгын компани нийлээд ч энэ тендерт оролцох боломжгүй байдалд байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ХОГЫН БАНК БУС БҮГДЫН ХАА